Wednesday, December 21, 2011

Мичид од, түүнтэй холбогдох домгийн задлан шинжлэл, тайлбар

Мичид од, түүнтэй холбогдох домгийн
задлан шинжлэл, тайлбар

Алдар Ю.Болдбаатар

Хүн төрөлхтний эртний шүтлэг бишрэлийн гол суурь шүтлэг болох байгалийг шүтэх шүтлэгийн дотор тэнгэрийн од эрхэс , нар сарыг шүтэх шүтлэг онцгой байр эзлэнэ.


Хүний амьдралын орчин дахь байгалийн бүхий л үзэгдэл ямар нэг хэмжээгээр өдөр шөнө, улирлын хэмнэлээр хувирч өөрчлөгдөн оршдог. Эртний хүмүүсийн ажиглалтаар галт уул дэлбэрэх, газар хөдлөхөөс бусад улирлын шинжтэй үзэгдэх ган, зуд, үер, түймэр зэрэг байгалийн хатуу ширүүн үзэгдэл, түүнчлэн тэдний ан агнах, мал адгуулах, нүүж, суух, үр жимс түүх, тариалан эрхлэх зэрэг аж ахуй, амьдралын гол үйлүүд энэхүү хэмнэлд шууд зохирч байжээ. Энэхүү зохирол нь эртний хүмүүсийн хувьд жам ёсны хийгээд түүнийг эрхшээгч нь юуны өмнө маргаангүйгээр нар, сар, од эрхэс байжээ. Өөрөөр хэлбэл тэрхүү зохирол жам ёсыг хуульчлагч, эрхшээгч эзэн нь тэнгэрт гэрэлтэн үзэгдэгч тэдгээр биетүүдийг хэмээн эртний хүмүүс үзэж төсөөлөн ойлгож асан нь өгүүлэн буй шүтлэгийн үүсэж хөгжихийн үндэс болжээ. Эдгээр тэнгэр дэх гэрэлт биес нь тэр цагийн байгалийн хүрээлэл дунд, эгэл соёлоор оршин амьдрагч тэдгээр хүмүүст юун түрүүнд цаг улирлын хэмнэлийг тогтоогчоос гадна орчлонг гэрэлтүүлэгч /одод гялалзан харагдагч утгаараа/, түүнчлэн орон зай, мөн зүг чигийг гол заагч эрхэм чухал шүтээнүүд байжээ.

Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн нар, сар, од эрхсийг шүтэх шүтлэг нь анхнаасаа л байгалийг шүтэх шүтлэгийн чухал бүрэлдэхүүн нь болж байв. Тэрээр тэнгэр шүтлэг цогц байдлыг олж хөгжихөд гол суурь болсон нь эргэлзээгүй.
Энэхүү судалгаанд өвлийн сэрүүн улиралд үзэгддэг мичид одыг онцлон, түүнтэй холбоотой Эрхий мэргэний домгийг задлан шинжилж, эртний нүүдэлчин өвгөдийн танин мэдэхүйд хүчтэй нөлөөлсөн байгалийн үзэгдэл, юмс тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, шалтгаан, үр дагаварыг харьцуулан судлав. Ийнхүү онцлон үзсэн нь эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлд дээрх од үлэмж байр эзлэн буйгаас шалтгаалсан хэрэг болно.  

Нэг. Мичид од нь олон оддын бөөгнөрөл бөгөөд энгийн нүдэнд харагдах нь зургаа, бидний ярьж заншснаар өвлийн шөнө зулзагласан үедээ долоо болж үзэгддэг бөгөөд монголчуудын хувьд нар, сарны дараа, бүх оддын өмнө яригддаг одод юм. Тиймээс ч монголчууд “од мичид” гэж хоршиж хэлэх нь түгээмэл. Мичид нь намар үзэгдэж эхлээд хавар харагдахыг больдог буюу өвлийн саруудад хамгийн сайн үзэгддэг.

Мичид одны тухай хэд хэдэн хувилбар домог байдгаас доктор С.Дуламын “Монгол домог зүйн дүр” бүтээлд өгүүлсэн нь: “Эрт цагт энэ од нь зургаа биш долоо, халхчуудын дунд яригддаг хувилбарт арван хоёр од байжээ. Өвлийн цагт гардаг сэрүүн од байж. Гэтэл Эрхий мэргэн сэцэн харавдагтаа эрдэж “Би энэ арван хоёр одыг дараалан оновол энэ мичид үгүй болог, алдах юм бол хар ус уухгүй, хагд өвс идэхгүй амьтан болъё” гэж ам гарч харвасаар зургааг нь онож, зургааг нь алдсан учир тэрээр хар ус уухгүй, хагд өвс идэхгүй тарвага  болсон гэдэг. Мөн Г.Н.Потанины тэмдэглэсэн өөр нэг хувилбарт “Урьд мичид долоон од байж, газар дэлхийг хүйтэн жихүүн болгож хүн амьтныг дааруулдаг байв гэнэ. Энэ гай зовлонг зайлуулах гэж газар дэлхийн нэг их сайн харваач Эрхий мэргэн энэ долоон одыг нэгэн сумаар харваад үгүй хийж чадахгүй юм бол эрхий хуруугаа огтолж, тарвага болж хувилаад хар ус уухгүй, халдан (хагд) өвс идэхгүй салхитай өдөр гарахгүй, цастай өдөр босохгүй, эрүүл салхиар унд хийж эр хүний олз болъё гэж ам тангараг тавьсан юм гэнэ. Тэр тангаргийг тавиад Мичид од руу харватал ганцхан оды нь оноод бусдыг нь оносонгүй гэнэ. Тэгээд өнөө хүртэл тэнгэрт зургаан од байдаг. Эрхий мэргэн өөрөө андгай тангаргаа сахиж тарвага болсон юм гэнэ”. (Потанин, 1916, 17-18) Үүнээс үзвэл монголчууд Мичдийг хүйтэн сэрүүн болгодог од гэж үздэг байжээ. (Дулам, 1989, 114-115) Энэхүү домгийн хоёр хувилбарын өгүүлэмжийг задлан шинжилж үзвэл мичид од нь ерөөс хүйтэн сэрүүнийг гол эх үүтгэгч гэсэн эртний нүүдэлчдийн үзэл төсөөлөл тод илэрч харагдах хийгээд тиймээс ч тэдгээр одод үгүй бол хүйтэн сэрүүн улирал үгүй болно гэсэн, үлгэрлэвэл Жангарын туульс дахь Бумбын орны нэгэн адил хүмүүсийн хүсэл мөрөөдлөөс үүдэж буй болсон домог болох нь басхүү илэрхий байна. Чингэхдээ тэрхүү хүслийг гүйцэлдүүлэхийг зорьсон домгийн дүр нь Эрхий мэргэн харваач байгаад алдаж эндсэний учир ам тангарагтаа хүрч тарвага болсон ажээ. Гэхдээ Эрхий мэргэн чухам яагаад ямар нэгэн араатан амьтан юм уу, өвөл ичдэггүй өвсөн тэжээлтэн, эсвээс жигүүртэн болж хувирсангүй харин тарвага болсон юм бэ? Энэ асуулт ихээхэн сонирхолтой. Тарвага гэж ямар амьтан бэ?

- Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан уламжлалт агнуурын чухал ан болох тарвага нь өвлийн хүйтэн сэрүүн улиралд ичдэг амьтан. Ичинэ гэдэг нь амьдралын хэвийн үйл ажиллагааны нэгэн хэсэг хийгээд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа нь удаашран нүхэндээ олон сараар унтаж өнгөрүүлэхийг хэлдэг. Дэлхийн бөмбөрцгийн умард өргөрөгт орших монгол нутгийн хувьд олон зүйлийн мэрэгч амьтад түүний дотор тарвага, мөн том амьтадаас баавгай ичдэг. Энэ амьтад юунаас ичиж байна вэ? Хүйтэн сэрүүнээс үү, магадгүй энэ бүхнийг нөхцөлдүүлэгч хэмээн бидний өвөг нүүдэлчдийн сэтгэж асан  мичидээс үү? Үүнд домгийн холбоос байж болохыг үгүйсгэх аргагүй утгын сэжүүр ажиглагдаж байна. Монголчуудын хувьд тарвага бол агнуурын маш чухал амьтан бөгөөд манай орны Алтайн уулсаас дорнын их тал хүртэл өргөн тархснаас үзэхэд тэрээр энэ бүс нутагт нутаглаж байсан эртний нүүдэлчдийн амьжиргаанд их чухал үүрэгтэй байсан нь илэрхий. Түүнийг хүнчилж үзэх гол шалтгаан юу вэ? 
Хүн тарвага хоёрын хоорондын ижилсүүлж болохуйц шинж тэмдэг, түүнээс үүдэж хөгжсөн эртний нүүдэлчдийн сэтгэлгээний хөгжил:
    1. Тарваганы морфологи шинж болоод эд эрхтнийг хүнтэй ижилсүүлсэн төсөөлж болох шинж тэмдгийн тухай:
     А. Тарвага хойд хоёр хөл дээрээ босч чаддаг хийгээд орооныхоо үед зодолдож байгаа бурхинууд яг л бөх барилдаж буй мэт /зураг ./ байдаг нь түүнийг хүнчлэн /anthromorph/ үзэж төсөөлөхөд чухал нөлөө үзүүлсэн шинж гэж хэлж болно. Энэ шинж нь баавгайтай ижил хийгээд баавгай хойд хоёр хөл дээрээ хүн шиг зогсож, түүгээр ч зогсохгүй явж чаддаг билээ. Энэ нь хүнтэй төстэй чухал шинж төдийгүй, баавгайг хүншүүлэн үзэж төсөөлөхийн гол эх сурвалж болсон шинж тэмдэг гэж хэлж болох юм. Тиймээс ч баавгайг монголчууд “хүн хар гөрөөс” хэмээн нэрлэх нь буй. /Энэ тухай Амьтныг шүтэх шүтлэг дэх Баавгай шүтлэгийн хэсэгт хойно дэлгэрэнгүй өгүүлнэ/ Тэгвэл үүнтэй ижилсүүлхүйц шинж тэмдэг дээр өгүүлсэнчлэн тарваганд бас байдаг нь эртний нүүдэлчдийн сэтгэлгээнд тийнхүү хүншүүлэн үзэж төсөөлөхөд, басхүү өгүүлэн буй домгийн уран сэтгэмжид томоохон дүр эзлэхэд чухал нөлөө үзүүлсэн хэмээн хэлж болох юм.
     Б. Тарваганы сарвуу, тавхайн хэсгийн хүний алга, сарвууны хэсэгтэй адилтгаж болохуйц шинж нь дээрх домогт өгүүлэх Эрхий мэргэн эрхий хуруугаа огтлосон гэх үзэл төсөөллийг төрүүлэх сэжүүр шинж болсон байж болох юм. Өгүүлэгч бээр /Ю.Б/ балчир ахуйдаа өвчиж буй тарваганы сарвууг харж хүнийхтэй төстэй болохыг нь ихэд гайхдаг байсан билээ.
     В.  Тарваганы хаанд байх ягаан өнгийн нэгэн булчирхайг монголчууд бид “хүн мах” гэж нэрлэн ерөөс иддэггүй. Энэ нь хүний мах буюу тодруулвал домгийн баатар Эрхий мэргэнээс үлдсэн мах гэсэн үзэл ойлголт хадгалагдаж ирснийг гэрчилж байна.
    2. Тарвага монгол домог зүйн од эрхсийг хүртэл харвах чадал бүхүй сансрын хэмжээний баатар болох Эрхий мэргэний хувилсан дүр болсон шалтгаанд тэрээр нүүдэлчдийн хүнсний хэрэгцээний чухал ан байсныг харгалзан үзэх хэрэгтэй. Ер нь хүн төрөлхтний амьтныг шүтэх шүтлэгээс үзэхэд эн тэргүүнд дайсан нь болдог, түүнчлэн тэдний хоол хүнс болдог амьтад байдаг. Төв Азийн эртний анчин нүүдэлчдийн аж ахуйд үйлдвэрлэх аж ахуй болох мал аж ахуйн эзлэх байр суурь төгөлдөржөөгүй тэр цагт амьдралын баталгааны нэгэн чухал хүчин зүйл болох хүнс тэжээлийн хуримтлал нөөц баталгаагүй байсныг энд зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай билээ.
     3.  Мөн тарвага зуны халуун цагт өдөр идээшлэх нь ховор хийгээд голцуу өглөө, оройн сэрүүнд идээшилдэг. Энэ нь халуунаас дайжиж байгаагийн шинж хийгээд өвс ургамлын шүүсээр ундлах уг амьтны хувьд хэт халуун нь биед агуулагдах усны хэвийн хэмжээгээ алдах аюултайн учир аль болох сэрүүнд идээшилдэг байгалийн зохилдолготой ажээ. Түүнчлэн тарвага намрын сүүлчээс хаврын дунд хүртэлх ид хүйтэн улиралд ичдэг. Энэ үе нь эртний нүүдэлчдийн сэтгэлгээн дэх өвлийн хүйтнийг үүтгэгч гол одод болох мичид түгэж үзэгдэх сарууд хийгээд чухамдаа эдгээр оддын бөөгнөрөл хүйтний улиралтай таарч тохиодог, басхүү хоол хүнсний чухал ан тарвага энэ л үед газар дорх нүхнээсээ гарч ирэхийг больж ичдэг явдал нь Эрхий мэргэний домгийн сюжетийг нөхцөлдүүлсэн ажээ. Тодруулвал: бидний өвөг анчин нүүдэлчид сэтгэхдээ юуны өмнө өвлийн тэсгим хүйтэн, зуд турхан, хүнс тэжээлийн хомсдол, өлсгөлөн, үгүйрэл эдгээрийг дагалдаж эрчимжих айдас хүйдсийн үндсэн шалтгааныг мичид од хэмээн үзэж, улиралын чанартай энэ бүх гай зовлонгоос ангид үргэлжид хүйтэн бус сэрүүн, дулаан таатай цаг улиралтай байхыг хүссэн гэгээн хүсэл эрмэлзлэл нь энэхүү домгийн сэтгэлгээний үүсэл хөгжлийн үндэс нь болсон буюу  өөрөөр хэлвэл үүний негатив үндэс нь цөхрөл байсан хэмээн үзэж болно. Чингэхдээ хүнсний хэрэглээний гол ан буюу тэдний хүүхэд, эмэгтэйчүүдээс авахуулаад хэн бүхний өвчиж чаддаг, түүгээр зогсохгүй арьсанд нь боож боодог хийчихдэг нүүдэлчдийн ахуйн хүрээнд хамгийн ойр, нэн түгээмэл тархсан амьтан болох тарвагыг хүйтнээс бус мичдээс дайжиж нүхэндээ ичдэг гэсэн үзэл төсөөлөл буй болж, түүнийгээ соёлын баатар мэргэн харваачаар хүсэл мөрөөдлийн сайн үйлсийг эзэншүүлдгийн нэгэн адилаар Эрхий мэргэнийг гол баатар болгосон авч, шийдвэрлэхийг хүссэн бэрхшээл зовлон нь /хүйтэн/ нэг мөсөн төгсгөл үгүй үргэлжийн давтамжит чанартайг туршлагаараа мэдэж, ухамсарласны учир уг домог баатарлагаар бус нэг үгээр байгалийн хүчийг дийлсэнгүйгээр туурвигджээ хэмээн үзэж тайлбарлаж болох байна. Ингэснээрээ байгалийн үзэгдэл, хүчний өмнө хүмүүн хүчин мөхөс болохыг, нөгөөтэйгүүр байгалийн үзэгдэл, хүч нь ертөнцийн жам ёсонд зохирогдож байгааг хүлээн зөвшөөрч, түүнийг аргадаж, зохицож амьдрах ёстой гэсэн өвөг нүүдэлчдийн ертөнцийг үзэх язгуур үзлийг илэрхийлж байна.
5.  Энд домгийн баатар мэргэнийг Эрхий гэж нэрлэснийг басхүү анхааран үзэж болно. Эрхий хуруу нь дайн тулаан, ан гөрөөнд нумаан татаж, сумаа тавихад бусад дөрвөн хуруутай эн тэнцэх төдийгүй нумын хүчийг гол тогтоон баригч хуруу учир монголчуудад эрт цагаас эрхэмлэгдсэн ажгуу. Тийм ч учраас “Эрхийдээ эрчимтэй” гэсэн үг хэллэг ардын аман зохиолд элбэг байдаг. Гэвч домгийн баатар мичид оддыг харваж чадаагүй нь түүний эрхий хурууны эрчмээс шалтгаалсан гэсэн эрхий хуруунд тохоосон далд буруутгал санаа нь уг домгийн баатрыг төдийгүй домгийг нэрлэх нэр болж кодлогдсон байхыг үгүйсгэх аргагүй.
6.   Бидний өвөг эртний нүүдэлчдийн одыг харваж үгүй хийж болно гэсэн үзлийн үндэс юу вэ? Үүнийг тайлбарлавал: Тэнгэрийн од эрхсийн чөлөөндөх сул биес дэлхийн агаар мандалд нэвтэрч улмаар дэлхийн татах хүчний нөлөөгөөр асар их хурдсалтайгаар галт зам татуулж үзэгддэг үзэгдлийг монголчууд “од харвах” хэмээн нэрлэдэг. Энэ үгийг анхаарч үзвэл уг үзэгдлийг харвасан сумтай ижилсүүлсэн төсөөлөл, түүнчлэн тэнгэрийн түг түмэн оддын нэг нь харваж, тэгснээрээ тэрхүү од мөхөж байна гэсэн үзэл ойлголт ажиглагдана. Энэ л үзэгдлээс үүдсэн үзэл төсөөлөл нь хүний амьдрал ахуй дахь зовлон бэрхшээлийг үүтгэгч хэмээн ухаарсан од эрхсийг мөхөөх хүслийг жигүүрлүүлж, одыг соёлын баатар мэргэн харваач харван мөхөөж болох тухай сэтгэлгээнд хөтөлж хүргэсэн хэмээн үзэж болох юм. Тиймээс л Эрхий мэргэн Мичидийг харвахийн зэрэгцээ Долоон өвгөний домгийн мэргэн харваач тэнгэр өөд харваж, араас нь харуулдан байтал сум нь оддыг асгаруулан бууж ирдэг (Беннигсен,1912, 55-56), (Дулам, 1989, 100) зэрэг нь одыг харваж болох тухай үзэл төсөөлөл хөгжиж дэлгэрсний илэрхийлэл ажгуу. Түүнчлэн монголчуудын томоохон уулсын тахилгын дотор тэнгэр өөд нум сумаар харвадаг зан үйл  уламжлагдан ирсний өдгөө далдлагдаж кодлогдсон утга буюу тухайн цагийн анхдагч утга нь бидний өвөг нүүдэлчдийн сэтгэлгээн дэх тэнгэрийн хур бороог халхлаж буй бүрхүүлийг зад харван задрааж улмаар хур бороо оруулж дэлгэр сайхан зун болгохыг хүссэн утга агуулга бүхүй эртний зан үйлийн улбаа ажгуу. Энэхүү харваа нь бидний эртний өвөг анчин, малчин нүүдэлчдэд үүнтэй ижил мичид өөд өвлийн тэсхэм хүйтнийг байхгүй болгохыг хүсэж харвадаг зан үйл байсан юм биш биз гэсэн үгүйсгэх үндэсгүй асуултын сэжүүрийг төрүүлнэ. Хэрэв ийм зан үйл эрт цагийнханд бодитойгоор байсан хэмээн төсөөлвөөс тийнхүү харвах харваач нь хүмүүсийн дээрх хүслээр, тэгэхдээ ам тангараг тавилгүйгээр харваж буй энгийн ахуй дахь бичил дүр, харин Эрхий мэргэн нь тэрхүү хүсэл, зан үйлээс сэтгэгдэж, хийсвэрлэгдэн буй болсон домгийн үлэмж дүр болно. Чингэхдээ эл домгийн өгүүлэмж нь Эрхий мэргэнийг эр чадал мөхөс хэмээн буруушаасан агуулгатай гэвэл үгүй юм. Харин тэрвээр дараалан сум тавьж Мичидийг харван мөхөөж чадах байсан ч нэгэнт харвах сумны тоогоо хэлж амласан, тэгээд ч алдаж харвасан учир /цээрлэгдэж, шийтгэгдсэн бус/ эртэй чадалтай баатар эр ам тангаргаасаа няцдаггүйг харуулж, хар ус уухгүй хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдрах тарвага болсон гэсэн нэг талаар харамсмаар авч, нөгөөтэйгүүр үнэндээ нүүдэлчдийн сэтгэлгээний ертөнц дэх эр хүний мөн чанар, жинхэнэ үнэлэмжийн үлгэр болсон бахархалтай дүр юм.
Эрхий мэргэний домогт Эрхий мэргэн ам тангарагтаа хүрээгүйн учир хар ус уухгүй, хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдрах болсон гэдэг нь нүүдэлчин монголчуудын ертөнцийн гурван тивийн тухай үзэл нэн эртнийх болохыг гэрчлэхийн зэрэгцээ доод тивийн амьтадын амьдрах орчины тухай төсөөллийг тодруулан өгч байна.
Түүнчлэн хувь заяаны эрхээр дээд, доод тивд орших болсон монгол домог зүйн хоёр их хөлөг баатар Эрхий мэргэн, Хөхдэй мэргэн хоёрын дүр, өгүүлэмжийг паралель маягаар зэрэгцүүлж үзвэл эдгээр домог нь тус тусдаа бус харин хосолмол байдлаар нүүдэлчдийн ертөнцийн тухай цогц үзлийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хоёр домгийн өгүүлэмж нь бүхэлдээ нэгэн контекст болж бидний анчин гөрөөчин явсан өвөг нүүдэлчдийн үзэж төсөөлж асан дээд, доод, дунд гэсэн гурван тивт ертөнцийн зургийг бидэнд харуулж байна. Чингэхдээ Хөхдэй мэргэний орших дээд, Эрхий мэргэний орших доод тивүүд бол гурван тивт ертөнцийн дээд, доод хоёр туйл ажээ.

Хоёр. Мичид хэмээх нэрийн гарвал:
Этимологи талаас шинжилвэл энэ үг нь эртний түрэг, монгол хэлэнд буюу өвөг алтай хэлнээ холбогдох ажээ. Эртний түрэг хэлнээ “bičin” буюу “таслах, зааглах, огтлох” гэсэн утгатай байжээ. /Наделяев, 1968, 105/ Францын түрэг судлаач Базин ч үүнтэй ижил утгаар авч үзсэн ажээ. /Дулам, 1989, 116. Доктор С.Дулам “энэ үг эртний түрэг төдийгүй эртний монгол хэлэнд ч бас буй бөгөөд түүнтэй нэгэн язгуур бүхүй “бяц”,”бяцлах”, “бяцархай”, “бяцхан”, “бичил” гэсэн үгс байна” /Дулам, 1989, 117/ хэмээжээ. Эдгээр нэгэн язгуурт үгс нь алив нэгэн зүйлийн бэсрэг хэмжээ болон дотоод бичил хэсэг, мөн тухайн биетийн жижигрүүлэх үйлийг заасан утгатай байгаа нь зүйтэй бөгөөд монголчууд мал амьтны бие бүтцийн /анатоми/ тулгуур эрхтнүүд болох хөлийг урд хойт мөч, мөн хүний биеийн дээд мөч гэж гарыг, доод мөч гэж хөлийг хэлдэг. Мал амьтны махыг эвдэж янзлахуйд “мөчлөөд тавь” гэх буюу “мөчөөр нь салгаад тавьчих” гэвээс бид хамгийн боломжтой холбоос хэсгүүдээр нь уламжлал ёсоор эвдэж янзалдаг. Мөн цаг хугацааг хэмжих хэмжээст “мөч” гэж буй бөгөөд “цаг мөч” гэхчилэн хоршиж хэрэглэх нь түгээмэл билээ. Үүнээс цааш дэлгэрүүлж тайлбарлах нь илүүц учир Мичид одны нэр нь "Мичин сар, мичин жилийн зуд” хэмээхэд гарах 12 амьтны нэг болох бичин буюу мичинтэй холбоогүй харин цаг улирлыг мөчилж заагладаг гэсэн утгатай үг болно. Харин хэрхэн заагладаг вэ гэвэл жилийн улирлыг дулаан, хүйтэн гэж 2 мөчид хуваадаг од болно. (Болдбаатар, 2006, 154) Гэхдээ 9 сарын дундаас Мичид үзэгдэж, түүнийг дагалдах мэт Гурван марал, Хөхдэй мэргэн шөнө хугаслан ар араасаа гарч ирдэг. Энэ нь хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгааг буюу дулаан цаг улирч, хүйтний улирал эхлэж буйн гол дохио тэмдэг учир мичид нь хүйтний дохиоч од ажгуу. Тиймээс л мичид үзэгдэж эхлэх тэр цагаас эхлэн хүүхдүүд шагайгаар наадаж эхэлдэг. Мөн монголчууд ийнхүү мичид үзэгдэж эхэлсэн, намрын шөнө нь өдрөөсөө уртсах /өдөр шөнийн тэнцэл/ цагаас эхлэн ногоо цухуйх хүртэлх хүйтэн сэрүүн улирлын, ерөнхийдөө өвлийн шөнийн уртад үлгэр, домгоо хуучлан, тууль хайлж оюун сэтгэлгээний уудам ертөнцөөрөө үлгэр домгийн баатруудынхаа хамтаар аялан тоглодог уламжлалтай билээ.
 Энэ бүхнээс үзэхэд Мичид одны нэр нь цаг улирлыг мөчилж зааглагч гэсэн утгатай хийгээд уг од дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт орших монголчуудад хүйтэн сэрүүн улиралд үзэгддэг нь тийнхүү түүнийг хүйтнийг гол нөхцөлдүүлэгч од хэмээн үзэж сэтгэхүйн гол шалтгаан болжээ.


НОМ ЗҮЙ
Болдбаатар Ю. Хөхдэй мэргэн од, түүний домгийн учир холбогдол,
/Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Volume 2.¹1(254) 2006/ УБ., х.152-163
Дулам С. Монгол домог зүйн дүр, Улаанбаатар, 1989
Беннигсен А.П. Легенды и сказки Центральной Азии. сб., 1912
Наделяев В.М., и др., 1968. Древнетюркский словарь. Ленинград
Потанин Г.Н. Ерке-Культ сына неба в Северной Азий.
Материал к тюркомонгольской мифологии. Томск, 1916, 17-18

No comments:

Post a Comment