Saturday, December 5, 2015

МОНГОЛЫН ГУРВАН ӨРӨӨ ОНГИН ТАМГА ДЭЛХИЙН СОЁЛЫГ ХАМГААЛАХ ГЭРЭЭНИЙ БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛСОН НЬ



С.Дулам /Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор/


Монгол тамга дэлхий дэхинд мандан гийсэн нэгэн сонин түүхийг сөхөж, алдарт зураач Николай Рерихийн Энх тайвны Гэрээ буюу дайны үед хүн төрөлхтний соёлын дурсгал болон бусад байгууламжийг хадгалан хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээний бэлгэ тэмдгээр монголчуудын гурван өрөө онгин тамга буюу гурван нүдэн чандмань тамга хэрхэн тодорсон учрыг энд өгүүлье.
1929 оны 10-р сарын 17-нд Рерихийн Музейн шинэ барилгын нээлтийн ёслол болж, энэ дэлхийн хамгийн нэр хүндтэй албаны хүмүүс, шинжээчид, зураачид хүрэлцэн ирж оролцжээ. АНУ-ын ерөнхийлөгчөөс эхлээд олон орны төр засгийн удирдагчид баяр талархал хүргэж, гарын үсэгтэй илгээлтээ ирүүлсэн байна. Парисын алдарт сийлбэрчин Анри Дропси энэ үйл явдлыг тохиолдуулан шинэ медалийн зураг гаргажээ. Гэхдээ Николай Рерих Нью-Йоркод гагцхүү эрхэм дээдсийг угтан авч, олон түмний баяр талархлыг хүлээн авахаар ирсэн юм биш, түүний аяллын хамгийн гол зорилго нь дайны үед соёлын дурсгал болон байгууламжийг хадгалан хамгаалах олон улсын гэрээнд гарын үсэг зурах ажлыг урагш нь ахиулах явдал байлаа. Н.Рерихийн Энх тайвны гэрээний эх бичвэрийг 1928 онд түүний давхар хяналтын доор олон улсын эрхзүйн доктор, Парисын Их сургуулийн профессор Жорж Шклавер найруулсан байна. Энэ гэрээний хэсгээс иш татвал: “байлдаж байгаа талуудын хувьд аливаа соёлын дурсгал, урлаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, шинжилгээний ангиуд, түүний бие бүрэлдэхүүн, эд хэрэгсэл, цуглуулга зэрэг нь төвийг сахисан байр суурьтай байх бөгөөд тэдгээрийг хүндэтгэн хамгаалах үүрэгтэй. Гэрээ байгуулагч бүх Эрхэм Этгээдийн ард түмэн, засгийн газар, дайтаж буй цэргүүдийн зүгээс эрхэмлэн хамгаалалтад авах эрх нь өөрийн тусгай таних тэмдэг, туг далбаа бүхий соёлын дурсгал, байгууламж, шинжилгээний ангийг ивгээлдээ авснаар баталгаажна” хэмээн заасан байдаг.

Рерихийн Энх тайвны Гэрээнд дурдсан “тусгай туг далбаа” гэдэг нь сүүлдээ Энх тайвны туг сүлд нэртэй болсон бөгөөд цагаан тойрог дэвсгэр дээр зурсан улаан өнгийн гурван өрөө онгин тамга буюу гурван нүдэн чандмань тамга байжээ. Энэ дүрс бол соёл хэмээх нэгэн хүрээнд багтсан урлаг, шашин, шинжлэх ухаан гурвыг бэлгэдсэн хэрэг бөгөөд мөнхийн тойргийн төв дунд хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн зангилааг дүрсэлсэн юм санж. Учир нь Н.Рерих дэлхий даяар аялан явах зуураа энэ тамганы дүрсийг Ази, Европын олон газар олж илрүүлжээ. Монголын хадны сүг зургаас эхлээд шинэ чулууны үеийн ваар сав, Химаалайн бүх угсаатны дээлийн энгэрийн хээнд, бурханы шашинтны туг далбаанд болон домог туульсын баатад Гэсэр хаан, Рэгдэндагвын зураг дээр, копт болон этиопын эртний дурсгал, оросын бурхны хөрөг, Кавказын сэлэм жадны гурда тэмдэг, Загалмайтны аян дайныхны халх бамбай, Тамплиерүүдийн сүлд тэмдэг, Страсбургийн эх дагинын болон Германы Ханс Мемлинг зураачийн “Христийг бишрэхүй” уран зурагт Есүсийн цээжин дээр, Төвдийн гурван эрдэнийн бэлгэдэл, Хятадын тэнгэрийн сүмийн дотор чимэглэл, Энэтхэгийн хүслийг биелүүлэгч Чандмань эрдэнэ гэхчлэн энэ дэлхийн газар сайгүй байдаг байна. Энэхүү дүрсийн түгээмэл тархац болон бүхий л цаг үед хамаарах байдлыг нь бодолцон үзээд Рерих дэлхийн соёлын үнэт эрдэнэсийг хадгалан хамгаалах тал дээр энэ тамгыг давж гарах бэлгэдэл үгүй гэж үзсэн байна. Чингэхдээ бидний бодлоор Рерихийн өөрийн биеэр үзэж харсан Монголын хадны сүг зургаас эрт үед хамаарах нь эдгээрийн дотор бараг үгүй буй заа [Зураг 1, 2].

Улаан загалмайн туг далбаа, хүмүүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахыг бэлгэддэгийн нэгэн адил Энх тайвны туг далбаа хүн төрөлхтний соёлын бүтээлийг авран хамгаалах учиртай ажээ. Энх тайвны туг сүлдийн Хороог 1929 онд Нью-Йоркод анх үндэслэсэн бөгөөд дараа жилээс нь Парис, Бружид байгуулагджээ. Энх тайвны гэрээний гол зарчмыг Жорж Бернард Шоу, Альберт Эйнштейн, Герберт Уэльс, Равийндранат Таагүр зэрэг агуу их хүмүүс дэмжжээ. Энх тайвны гэрээг тунхаглан батлахад гарч байгаа ахиц дэвшилд сэтгэл ханамжтай болсон Н. Рерих 1929 оны намар эл гэрээгээ батлуулахаар Энэтхэгт буцаж ирсэн байна. Дараагийн зургаан жилд нь энэ Гэрээг батлуулахад тус дөхөм болгохын үүднээс дэлхийн олон хотод олон улсын бага хурал зохион байгуулсан байна. Ингээд эцэст нь 1935 оны дөрөвдүгээр сарын 15-нд буюу америкчуудын баярын өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельтийг байлцуулан Панамерикийн холбоог байгуулалцсан Латин Америкийн хорин орны төлөөлөгчид Цагаан-Байшинд Рерихийн Энх тайвны гэрээг батлаж, АНУ-ыг төлөөлөн Генри Уэллэс гарын үсэг зуржээ [Зураг 3]. Энэ бичиг баримт бол дэлхийн соёлын өвийг хадгалан хамгаалахын чухлыг дэлхийн олон улсын анхааралд хүргэх гэсэн Н.Рерихийн гучин зургаан жилийн хөдөлмөр дуусгавар болж буйг харуулсан үйл явдал байлаа [Decter 2004, 130-133].

Чингэхлээр гурван өрөө онгин тамга гэдэг бол монголчуудыг хүн төрөлхтөнтэй, монгол соёлыг хүн төрөлхтний соёлтой холбож буй хэлхээс мөн бөгөөд эл тамгадын судалгаа нь чанагш үргэлжилбэл, хүн төрөлхтний соёл иргэншлийн харьцуулсан судалгааны эх сурвалж болж болох талтай [Дулам III, 2007, 19].

Энэ бүхнийг үл өгүүлэн Рерихийн Энх тайвны Гэрээнд дурдагдан буй монголчуудын гурван өрөө онгин тамга буюу гурван нүдэн чандмань тамганы тухайд нарийвчлан өгүүлье. Хамгийн сонирхолтой нь дээрх гурван өрөө онгин тамганы дүрсийн олон жишээн дундаас хамгийн эртнийх нь Монголын хадны сүг зураг болж таарч байна [Зураг 1]. Н.Рерих Монгол орноор аялан явах зуур энэ тамганы дүрс хадны сүг зурагт дүрслэгдснийг олонтаа үзэж өнгөрсөн бөгөөд Өвөрмонголын нутаг Манжуурт ч бас тааралдаж, тэдгээрийг гэрэл зургийн хальсанд буулган авчээ [Зураг 2]. Энэ тамганы дүрсийн анхдагч бүтэц нь гоо зураасаар биш, матигар зураасаар бүтсэн нэгэн дугуй тойрог буюу онгин тамга болно. Ийм дүрсийг олон монгол угсаатан “зоосон тамга”, “хүрд тамга”, “цагираг тамга”, “төгрөг тамга”, “дугуй тамга” гэхчлэн янз бүрээр нэрлэх боловч олонхидоо бүр “наран тамга” гэж хэлдэг. "Naran" - хэмээх нэр нь ертөнцийг гийгүүлэгч тэнгэрийн эрхэстэй холбогдвол энэ тамганы гол бэлгэдлийн утга нь тодрон гарч ирэх бөгөөд "Наран тамга" гэдэг нэр томьёо нь Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошууныханд түгээмэл аж [Дулам III, 2007, 64-71]. Наран тамганы түүхийг сөхөн хэлэлцвэл Монгол оронд элбэг тохиолддог Буган чулууны орой магнай орчимд сийлээстэй байж, дээд тив тэнгэрийн орныг нараар төлөөлүүлэн дүрсэлдэг. Харин онгин тамга хоёр удаа цуваа маягаар тохиолдвол өрөө онгин тамга болдог бөгөөд энэ нь байгаль гарвальт соёлын жишээ болох наран тамга гэхээсээ илүүтэй техник гарвальт соёлын цувуулсан хос хүрд буюу хүрдэн тамга, дугуй тамга болж хувирна. Учир нь хорвоо ертөнцөд хоёр нар гэж үгүй билээ. Өрөө онгин тамгыг өнөө болтол Архангай, Булган, Баянхонгор, Завхан, Төв аймаг [Чойсамба 1974, 74, 77, 79, 84, 106] зэрэг төв халхчуудын дунд хэрэглэсээр иржээ.

Онгин (наран) тамганы залгаагаар чандмань тамгыг ярихын учир нь бүтэх арга, зохиомжийн хувьд онгин тамганаас шууд үүсгэмэл шинжтэйгээс болжээ. Нэгэн үгээр хэлбэл, онгин тамганы анхдагч дүрсийг дахин үржүүлээд гурван өрөө онгин тамга буюу гурван нүдэн чандмань тамгыг гарган авч байна. Чухам иймэрхүү дам үүсгэмэл шинжтэй учраас Рашаан хадны болон бусад газрын тамгадын цоморлиг дотор бараг үзэгдэхгүй боловч Ховдын Мянгад сумын Бужгирын хадны болон Говь-Алтайн Цагаан голын хадны дүрсийг дурдаж болох юм. Түүнчлэн эрт цагт монгол угсаатантай угсаа гарал нэгтэй Сибирь, Уралын алтай язгуур хэлтний тамгад дунд ч бараг үзэгдэхгүй атал монгол угсааны хаадын зоосны тамга дотор Аргун хааны (1284) зоосны тамга хөмөргөн чандмань, Эмир Тимур (Тамерланг-1291) хааны зоосны тамга босоо чандмань тамга байсан [Пэрлээ 1976, 199] ажээ. Хожуу үеийн монгол хошуудын малын тамгад дотор Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошуу, ялангуяа Сан бэйсийн хошуу, То вангийн хошуу, Дайчин бэйсийн хошуу, гүн Гомбожав, гүн Цанлигдоржийн хошуу, гүн Махасүгийн хошуу, Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, Баруун гүн Намжилдоржийн хошуу, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, Наранхутагтын шавь, засаг Доржжавын хошуу, Засагт хан аймгийн гүн Балдоржийн хошуу, Амбан вангийн хошуу, Богдын их шавь нарын дунд энэ тамганы элдэв хувилбар дүрсүүдийг хэрэглэж байжээ. Харь овгийнхны дотор Свияг татар, Мажар нарын дунд байсан бөгөөд монгол хуучин овгоос барулас нар босоо чандмань тамгатай байв. Гурван өрөө онгин тамгыг мөн гурван нүд[тэй] чандмань тамга хэмээн нэрлэх бөгөөд энэ бол согд, уйгараар дамжиж, монгол соёлд нэвтэрсэн эртний энэтхэг соёлын зүйл буюу үлгэр туульст гардаг гадаад далайгаас залж авчирсан, гайхамшигт ид шидтэй хүн бүхний хүслийг хангагч норов эрдэнэ, хаан төрийн долоон эрдэнийн нэг [О.Сүхбаатар 1999, 246] - чандманийн (согд: čynt”many; čindāmani; уйгар: čintamaņi; самгарди: cintāmaņi; монг. бичиг: čindamani; “зүрхэн эрдэнэ”) нэрээр нэрлэсэн хэрэг болно. Гурван өрөө онгин тамга буюу гурван нүд[тэй] чандмань тамгыг Архангай, Говь-Алтай, Дорноговь аймагт [Чойсамба 1974, 74, 85, 89] өнөө болтол хэрэглэсээр байна.

Гурван өрөө онгин тамга буюу дугуй хүрээтэй гурван нүдэн чандмань тамганы бэлгэдэл утга нь болохоор монгол угсаатны домог зүй, бөө мөргөлийн соёлд Хүмүүн, Тэнгэр, Газар гурван мандал буюу монгол домог зүй, бөө мөргөлийн гурван ертөнцийн төлөөлөл дүр дүрс болдог. Монголын эртний яруу найраг, зан үйлийн шастир гэж болох “Галын ерөөлийн сударт”:


Kűműn tngri γajar γurban-u


Kűčű sűlde buyan kesig-i


Kűrűn iregűljű biden-dűr


Kűsel-iyer őggűn soyurq-a


[Rintchen I, 1959, 12]


хэмээсэн нэгэн бадаг шүлэг байдаг. Эл бадаг шүлгийн эхний хоёр шадыг зэргэд бүтцээр нь харьцуулбал, “Хүмүүний хүч”, “Тэнгэрийн сүлд”, “Газрын буян хишиг” гэсэн холбоо үгс болох бөгөөд бие биетэйгээ харьцан үүсгэдэг утгын даацаараа хэд дахин задрах хийгээд мөн төд дахин хураагдан нугарч, эл гурван үгэнд зангилагдах бүлгээ. Эл гурван үгэнд монгол бэлгэдлийн гүн ухааны охь шим хуримтлагдан буй гэхэд хилсдэхгүй бизээ [Дулам 1997, 147]. Эл гурван мандлыг дүрсийн хураамжид оруулмагц гурван өрөө онгин тамга буюу гурван нүдэн чандмань тамга болох юм. Үүнд орой дээрх онгин тамга нь буган чулуун хөшөөнд байдагтай нэгэн адилаар “наран тамга” гэдэг анхдагч утгаараа тэнгэрийн төлөөлөл болсоор байна.

Чингэхдээ Николай Рерихийн Энх тайвны Гэрээ буюу дайны үед хүн төрөлхтний соёлын дурсгал болон бусад байгууламжийг хадгалан хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээний бэлгэ тэмдгээр яг бүрэн бүтнээр нь аваад үзвэл дугуй хүрээтэй гурван өрөө онгин тамга буюу дугуй хүрээтэй гурван нүдэн чандмань тамга тодорсон билээ.

Дугуй хүрээтэй гурван өрөө онгин тамга буюу дугуй хүрээтэй гурван нүдэн чандмань тамга нь Засагт хан аймгийн Амбан вангийн хошуу, Богдын их шавь нарын дунд ихэд дэлгэрсэн тамга байжээ. Энэ тамганы бэлгэдлийг нарийвчлан аваад үзвэл Хүмүүн, Тэнгэр, Газар гурван мандал аль ч орон зүг, зовхис, өнцөг завсарт эндэлгүй энх тунх, мөнх оршихуйн бэлгэдэл болдог [Дулам III, 2007, 76].

Чухам энэхүү үүдэл санааг зураач хүний уран нарийн сэтгэлгээгээр бодож олсон Н.Рерих болон түүний хамтран зүтгэгсэд нэгэн хүрээнд багтсан урлаг, шашин, шинжлэх ухаан гурвыг орлуулан бэлгэдсэн хэрэг бөгөөд дайны үед хүн төрөлхтний соёлын дурсгал болон бусад байгууламжийг хадгалан хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээний бэлгэ тэмдгээр сонгон авчээ.


...1927 оны намар, түүх, угсаатны зүй, байр зүйн судалгааны том аялалыг Төв Азид зохион байгуулсан, Николай Константинович Рерих эхнэр, хүү, дагалдах хүмүүсийнхээ хамт Монголд иржээ.

Төв Азийг судлах эрдэм шинжилгээний багийг ахалж ирсэн нэрт эрдэмтэн Төвдийн Лхаса хотод очих зөвшөөрөл хүлээн Улаанбаатарт саатаж өвлийг өнгөрөөсөн байна Санкт Петербургийн уран зургийн академи, их сургуулийн хуулийн ангид суралцан төгссөн энэ хүн амьдралынхаа туршид долоон мянга гаруй зураг зуржээ бүтээлд нь дорнын сэдэв давамгайлдаг Монголын Дурслэх Урлагийн Музейн сан хөмрөгт Н.К.Рерихийн хэд хэдэн бүтээл бий.

Түүнийг Дорно дахинд Оросын нөлөөг хүчтэй болгох гэж зориуд Монгол, Төвд, Энэтхэг рүү илгээжээ. Н.К.Рерихийн гэр бүлийнхний 1927 онд амьдарч байсан байшин Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Отгонтэнгэр их сургуулийн зүүн талд бий.

Рерих 1947 онд Энэтхэгт нас барсан бөгөөд өтөл насандаа Орост амьдрах зөвшөөрлийг гуйсан боловч зөвшөөрөл олгоогүй юм. Гэхдээ улаан Оросын "Буддист гэдэг нэртэй тагнуулч, улс төртэй хутгалдсан нэгэн юм" гэж эдүгээ Оросын зарим эрдэмтэн үзэж байна.


Эх сурвалж: http://mass.mn/n/1499
                      http://www.bolod.mn/mobile.php?nid=110985


No comments:

Post a Comment