Sponsered

Monday, March 31, 2014

НЭН ЭРТ ҮЕИЙН ДОРНОД МОНГОЛЫН ЕРТӨНЦ


Хүн төрөлхтөний үүсэл гарвал, оршин тогтнож бий болсон уугуул нутаг чухам хаана байдаг бол? ...гэж зарим хүмүүс өөр хоорондоо асуудаг байх. Энэ асуултанд дийлэнхи хүмүүсийн хариулт Африк тивээс хүн анх үүссэн гэдэг. Харин Ази тив дээрхи хүмүүс хаанаас үүсэв гэвэл... Ази тив рүү эрт тэртээх үеийн эртний хүн, хэрэн бидрэх (нүүдлийн) үедээ тус тив рүү түүхийн шат болгонд их газар луу алхам алхамаар ахиулан давшиж байсан гэж үзвэл зохино. Улмаар Монгол газрын нэн эртний дээд өвөг хэн байв? гэх асуух асуултанд Хуучин Чулуун зэвсгийн 700,000-12,000 жилийн үеийг хамруулж улмаар чулуун зэвсгийг үйлдэгчид мөн гэж үздэг. Харамсалтай нь тухайн үеийн  эртний хүний антропологийн олдвор хараахан олдоогүй байна.

Монголын чулуун зэвсгийн үеийг:
1. Хуучин чулуун зэвсгийн үе (700,000-12,000 жилийн өмнө)
2. Дунд чулуун зэвсгийн үе (12,000-8,000 жилийн өмнө)
3. Шинэ чулуун зэвсгийн үе (8,000-4,000 жилийн өмнө) хэмээн ангилдаг.
Харин дээрхи сэдвийн хүрээнд Монгол газарт олдсон эртний хүний олдворууд хамгийн эртдээ гэхэд ойролцоогоор 5000 жилийн үед холбогдох олдворууд юм. Чингэхлээр тус үеийг ШУ-ны ерөнхий нэр томьёогоор нь нэрлэвэл “Шинэ чулуун зэвсгийн эрин үе” буюу “Неолитийн үе” хэмээдэг (Нео-Шинэ, Лит-чулуу).

Монгол орны нутагт хадгалагдан үлдсэн нэн эртний түүхийн дурсгалыг шинжлэх ухааны үүднээс судлах сонирхол XIX-XX зууны зааг үеэс эхэлсэн хэмээн үзэж болох бөгөөд учир нь энэ үед Баруун Европын эртний чулуун зэвсгийн үеийн түүхэн хөгжлийн үндсэн зүй тогтлыг тогтоосноос гадна, Төв Азийн хөрш бүс нутаг Сибирээс хуучин чулуун зэвсгийн олон арван бууц суурингуудыг илрүүлсэн явдалтай шууд холбоотой ажээ. Газар нутгийн хувьд хил залгаа Оросын судлаачид Монголын чулуун зэвсгийн үеийн дурсгалыг анхлан судалж эхэлсэн бөгөөд тухайлбал 1894 онд И.И. Стрембицкий Монголын зүүн хойд бүс нутгаас томоохон дурсгалт газрыг илрүүлэн олон тооны хуучин чулуун зэвсгийн цуглуулга хийсэн нь одоо Чита мужийн Орон нутгийг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Дээрх олдворууд нь судлаачдын сонирхолыг ихээхэн татсан учраас Монголын чулуун зэвсгийн үеийн бууц суурингуудыг илрүүлэн олж, судлах ажлыг одоогийн ОХУ-ын Хиагт (Троицкосавск) хотноо байрлаж байсан Оросын Эзэн хааны Газар зүйн нийгэмлэгийн Амар мөрний орчмын салбарынхан хийж эхэлсэн байна.
XX зууны дунд үе гэхэд Монгол орны ихэнх аймгийн нутгаас неолитын үеийн дурсгал бүхий суурин газруудыг илрүүлсэн ба ялангуяа говийн бүс нутгаас арвин баялаг эх хэрэглэгдэхүүн бүхий олон арван суурин газруудыг судалгааны хүрээнд оруулсаны томоохон нь Р.Ч. Эндрюсийн удирдсан Төв Азийг судлах экспедицийн нээсэн Баянзагийн суурин байжээ. Археологич Н. Сэр-Оджав уг дурсгалт газрын тухай нийтлүүлсэн бөгөөд энэ бүс нутгийн неолитын үеийн эдлэлийг тэрээр Өвөр Монголын хойд хэсгийн олдворуудтай  харьцуулан, тэдгээр нь хоорондоо  хэлхээ холбоотой нэгэн соёл байж болох юм гэсэн дүгнэлт хийжээ. Эл бүгдийг дурдвал Монгол орны Шинэ чулуун зэвсгийн баялаг дурсгалууд арав байтугай үлэмж хэмжээны мэдээлэл болох бизээ.
Монгол нутгаас олдсон чулуун зэвсгийн олдвор бүхий суурин газруудын хамгийн зүүн захынх нь 1949 онд нээсэн Халх голын дагуух дурсгалт газрууд байсан бөгөөд энэ тухайд археологич Ц. Доржсүрэн “Халхын голоос олдсон  олдворууд нь анхлан харахад мезолитын ч юмуу бүр дээд палеолитын үеийнх мэт санагдана” хэмээсэн байдаг. Гэвч олдворуудын гол цөм нь неолитын үеийнх байсан бөгөөд тэдгээртэй цуг шавар ваар савны хэлтэрхийнүүд үлэмж хэмжээгээр олдсоноос үзвэл уг суурин газар неолитын үед холбогдох нь тодорхой  байжээ. Шинэ чулуун зэвсгийн үеийн түүхэн дурсгалууд тэдгээрийн дурсгалуудын хэд хэдэн баримтаас дурдвал:

Халх Гол сумын нутагт олдсон Тамсагбулаг, Хэрлэнгийн эрэг дээрхи болон Булган сумын нутаг дахь Норовлингийн соёлуудаар жишээ татаж болох юм. Эдгээр түүхэн дурсгалууд нь Монгол улсын түүхэнд төдийгүй Төв Азийн чулуун зэвсгийн судлалд чухал ач холбогдолтой зүйл болж байна.

Дорнод Монголын эртний ертөнц буюу 7000-5000 жилийн өмнөх үеэс тусдаа бие даасан орон нутгийн хэв шинжтэй эгэл хийцийн зээтүүгээр ажиллан, газар тариалан эрхэлж байсан талаархи баримт болохуйц чулуун багажууд олдсон байдаг. Түүнчлэн зэрлэг адгуус гаршуулж тэдгээрийн үр шимийг хүртэж байсан болох гэрийн тэжээмэл амьтны үлэмж хэмжээны яс, түүвэр олдворууд бууц суурингуудаас олдож байгаа нь сонирхолтой баримт болдог ажээ. Жишээ нь Тамсагбулагийн сууринд ёслолын байдалтай далд оршуулж хадгалсан үхрийн яс бүрнээрээ сууцны гадна нэг дор бөөн байв.

Дорнод Монголд үүссэн эртний хүний ул мөр нь магадгүй тухайн үеийн цаг агаарын таатай нөхцөлтэй салшгүй холбоотой ажээ. Ойролцоогоор 7000-5000 жилийн үед цаг агаарын дундаж хэм үлэмж дулаан байсан бөгөөд элбэг баян хээр тал нутагт малыг гаршуулах таатай нөхцөл хэдийнэ бүрдсэн аж.   
03.31.14

ТАМСАГ БУЛАГИЙН ШИНЭ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕИЙН БУУЦ



Хуучин Тамсагбулаг сумын төвөөс зүүн урагш 7 км газарт 10-13 метр ёроолоос ундарсан хүйтэн тунгалаг устай булаг бий. Булгийн эргийн эхний баруун тийш 2 км орчим үргэлжилсэн ганга гуу бүхий дэнжид неолитийн үеийн олдворууд элбэг олдохоос гадна дэнжийн ханаар ялзмаг хар хөрст соёлт давхрага ил харагдах нь эртний сууцны хана туурганы ул мөр буйг гэрчилнэ. Эндээс тэгш өнцөгт хэлбэртэй 42,2 ам метр талбайтай бараг бүтэн сууц олдсон байна. Эндээс чулуун хусуур, зуулга ир, шовх үлдэц, цоолжуур, сумны зэв, бугийн шүдээр хийсэн зүүлт үэрэг багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс олдсоноос гадна бүрэн малталт дуусах явцад ханан доор давчиг нүхэнд суугаа байдлаар нь баруун зүг хандуулан оршуулсан хүн бүхий булш олджээ. Булшнаас дандаа нүхтэй нимгэн дугариг таван зүүлт 200 орчим, бугын соёоны уган тталыг нүхлэн хийсэн хоолойн зүүлт 20 гаруй ширхэг, малын чөмөг яс, 2 ширхэг нарийн хурц үзүүртэй ясан шөвөг, зүүний хамт олдсон нь нэн сонирхолтой. Мөн толгойн тус газар 20 см урт, 2,5 см өргөн ясан хутга хоёрыг тавьсан байжээ. 
03.31.14

НОРОВЛИНГИЙН НЕОЛИТИЙН ҮЕИЙН БУЛШ




Чойбалсан хотоос баруун тийш 72 км газарт Булган сумын нутаг Норовлин уулын нэгэн гангнаас усанд идэгдэн илэрсэн неолитийн үеийн булшийг геологийн ангийн нэгэн жолооч анх үзэж мэдээлсний дагуу 1967 онд Археологичид очиж очиж судалгаа хийжээ. Уг булш газрын хөрсөн дээр ил гарсан байсан бөгөөд ямар нэгэн байгууламжгүй 1,6 метрийн гүнд 75х70 см хэмжээны зайнд нүх ухаж дотор нь хүний шарилыг ихэд атийлган суулгаж, улаан зосоор битүү хучиж оршуулсан байв. Булшнаас 1,5-2 мм голчтой 3000 орчим зузаан цагаан сувс, бугын араа шүдээр хийсэн хэд хэдэн зүүлт, тарваганы соёо болон хясаагаар хийсэн зүүлтнүүд зэрэг гоёлын зүйлсээс гадна 1-1,5 мм зузаан 15 см хүртэл урт хүрэн өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн золтос хусуур, хутга, говийн үлдэц, ялтас, залтас зэрэг неолитийн үеийн чулуун зэвсгүүд олдсон байна. Тус дурсгалаас олдсон гайхамшигтай олдвор бол чулууг зууван хэлвэртэй засаж янзалсан Чулуун онго байжээ.
03.31.14

Баруун Өлзийтийн Неолитийн суурин буюу “Хэрлэнгийн суурин”


Чойбалсан хотоос зүүн тийш 17 км зайд Хэрлэн голын урд биед орших Баруун Өлзийт хэмээх газарт Монгол-Зөвлөлтийн эрдэмтэд хоёр суурин бууц буйг илрүүлэн судалжээ. Эхний суурин нь Баруун Өлзийт рүү шахаж тогтсон өндөр дэнж дээрээс олдсон. Эндээс 60 орчим үлдэц, олон тооны хусуур, хутган ялтас, хянгар, ойл, хусуур /хаш/зэрэг шинэ чулуун зэвсгийн олдворууд гарч ирсэн байна. Хоёр дахьь суурин нь эхнийхээсээ нэг км орчим зайтай оршино. Тэндэх 30-40 м Х 300-400 метр талбайгаас олон тооны чулуун зэвсэг олдсоны дотор үлдцүүд, хутган ялтас, ялтсан залтсаар хийсэн зэвсгүүд, хусуур, баргил ялтсаар хийсэн хянгар, ирэлсэн ялтсан зуулга ир, түүнчлэн үр тариа цайруулдаг самбар зэрэг чулуун эдлэл олдсон байна.

Мөн Антропологийн судалгааны томоохон баримт олдсон бөгөөд хажуугаар нь атийлган хэвтүүлж нүүрийг нь баруун тийш хандуулан давчиг нүхэнд (Нүхэн оршуулга) оршуулсан цогцос бүхий булш олджээ. 
03.31.14