Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг. Ведийн бичээсүүд нь манай гариг дээрх хамгийн эртний сурвалж бичиг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд өгүүлснээр, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрит, пайшас юм.Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрит нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд гэж нэрлэдэг. Ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байв. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд амьтсын(хий үзэгдэл, буг) ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгалиуд байдаг байна. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршин байдаг.
Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Калийн галав буюу одоогийн бидний амьдарч буй энэ цөвүүн цагийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон ангилж хүмүүст хүргэх шаардлагатай болжээ. Ийнхүү Вед нь Риг, Сама, Атхарва, Йаджур хэмээн дөрвөн хэсэгт хуваагджээ. Мөн тэдгээрээс гадна Веданта-сутра, түүний буурьтай тайлбар болох Шримад-Бхагаватам, 108 Упанишад, 18 Пуран, Махабхарата гэх мэтийн олон арван түүхэн бичээсүүд бий. Дээрх бичээсүүдийг аугаа их мэргэн Шрила Вайсадева орчин үеийн уналт, доройтолд орсон хүмүүст хүргэхийн тулд бичиж үлдээжээ.
Ведийн соёл нь өөрийн нэрнээсээ Ведийн зарчмууд дээр тулгуурласан болох нь харагдана. Энэ соёлын гол үнэ цэн нь хүний амталж болох аз жаргал юм. Аз жаргалыг үндсэн гурван ангилалд хуваадаг. Үүнд:
Мэдрэхүйн эрхтэн мэдрэхүйн объекттой хүрэлцсэнээр амсах аз жаргал(жишээ нь хүн маш гоё сайхан зүйлийг харснаар нэгэн төрлийн цэнгэл эдлэдэг.).
Мөнхийн ахуй, ертөнцийн үндэс, Шалтгаан Бүхний шалтгаанаас цацран гарах туяа, хольцгүй сүнслэг ахуй буюу Брахманыг таниснаар амталж болох аз жаргал(буддын шашинд үүнийг нирванд хүрэх гэдэг).
Шри Кришнад(Дээд Бурханы Бодгаль) үйлчилснээр амталж болох аз жаргал
Нэг дэх төрлийн аз жаргалын хязгаарлагдмал байдлын талаар тайлбарлах нь илүүц биз. Материас ханамж таашаал авах гэсэн оролдлогыг өөрөөр хэлбэл бидний мэдрэхүйгээ цэнгүүлэхээр тэмүүлж буй байдлыг Ведэд тарианы хоосон хальсыг тээрэмдэхтэй зүйрлэсэн байдаг. Чингэвч энэ төрлийн аз жаргал хүмүүсийн дийлэнхийнх нь сонирхлыг татаж байдаг. Ведэд хүмүүс нь хэрхэн зөв амьдрах хийгээд яаж байж болох таашаал ханамжийг эдэлж болох талаар маш олон заавар сургамж байдаг. Материаллаг аз жаргалыг Ведэд хоёр ангилсан байдаг. Нэгт, энэ төрөлдөө эдлэх аз жаргал, хоёрт нь үхсэнийхээ дараагаар эдлэх аз жаргал. Ведийн заавар журмын дагуу амьдарснаар хүн энэ хоёр аз жаргалыг аль алиныг нь амтлах боломжтой болдог. Энэ амьдралд нь аз жаргалыг амтлуулахын тулд Вед нь хүмүүст варнашрам-дхарма гэж нэрлэгдэх нийгмийн бүтцийн загварыг өргөн барьсан байдаг. Варна гэдгийг санскритаар орчуулвал “мэргэжлийн буюу төрөлхийн дур сонирхол “ гэсэн үг юм. Заримдаа энэ үгийг каст гэж орчуулах нь бий. Гэвч энэ нь буруу юм. Ведийн судар бичгийн гол бүтээл “Бхагавад-Гита” сударт:
чатур-варнйам майа сриштам
гуна-карма-вибхагашах
тасйа картарам апи мам
виддхй акартарам авйайам
“Кришна(Бурхан) айлдахдаа, материаллаг байгалийн гурван гуна буюу мөн чанар болон тэдэнтэй холбоо бүхий үйлтэй нь холбогдуулж Би вээр хүний нийгмийг дөрвөн ай бүлэгт хуваасан билээ. Гэвч энэхүү системийг үндэслэгч нь Би хэдий ч Би Өөрөө мөнхийн, өөрчлөгдөшгүй, алив нэг үйлд оролцдоггүй билээ” хэмээсэн байдаг.
Энэ шүлэгт, хүн нийгмийн аль нэг анги давхаргад гарал үүслээрээ бус харин өөрийн байгалиас заяагдсан дур сонирхлоороо аль нэг ангид хамаарагдахыг тов тодорхой өгүүлжээ. Энэ дур сонирхол нь материаллаг байгалийн гуна буюу мөн чанараас хамааралтай байдаг. Материаллаг аз жаргал нь хүн өөрийн мөн чанарт үл тохирох үйлийг хийхээр зүтгэх биш харин өөрийн байгалиас заяагдсан үйлийг гүйцэтгэж буй тохиолдолд л боломжтой юм. Ийм үйлийг Ведийн соёлоор бол дээд зэргийн зөв үйл гэсэн байдаг бөгөөд үүнийг батлан “Бхагавад Гита” сударт:
све све карманй абхиратах
самсиддхим лабхате нарах
сва-карма-ниратах сиддхим
йатха виндати тач чхрину
“Өөрийн мөн чанарт тохирох үйлийг үйлдсэнээр хүн бүр төгс төгөлдөрт хүрч болно(…)” гэжээ.
Ингэж нийгэмд амар амгалан байдал тогтдог. Учир нь хүн өөрийн байр сууриндаа сэтгэл ханаснаар өөр хэн нэгний байр суурийг эзлэх гэж оролдохгүй. Ийм байр суурь нь зөвхөн нэг л нөхцөлд буюу атаархал гэгч зүйл бүрэн дүүрэн байхгүй байсан нөхцөлд л боломжтой юм. Чухамхүү ийм учраас ведийн нийгэмд атаархлыг хүний нэгдүгээр зэргийн дайсан гэж тооцдог. Атаархлыг шунал тачаал, уур хилэн, хомхой сэтгэл, хоосон хуурмаг, ухаангүй байдал зэрэг муу муухай араншингийн цогц гэж үздэг. Вед нь атаархлаас ангижрах маш найдвартай арга хэрэгслийг олгодог. Энэ нь Бурханд өөрийн бүхий л үйлээ зориулах арга юм.
Үхсэнийхээ дараагаар эдлэж болох аль ч төрлийн аз жаргал нь Бурханд мөргөөгүй, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлээгүй бол боломжгүй юм. Хүний амьдралын үнэ цэн нь үнэхээр зүйрлүүлэшгүй аугаа. Амьдралын 8400000 хэлбэр байдаг бөгөөд тэдэн дотроос хүний амьдралын хэлбэрт төсөөлж болшгүй боломжийг олгодогоороо гайхамшигтай. Нэгдүгээрт, хүн өөрийн хувь тавилангаа(карма)өөрчилж болно. Харин адгуус амьтдад тийм боломж байдаггүй. Адгуус амьтад нь байгалийн дуудлагыг л дагадаг байхад харин хүмүүн нь сонголт хийх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хүнд сайн мууг ялгах хангалттай оюун ухаан заяагдсан гэсэн үг. Хоёрдугаарт, зөвхөн хүний амьдралд л амьд амьтан нь уур хилэн, шунал тачаал гэх мэт муу муухайгагаас ангижрах боломжтой байдаг. Сүнс нь дээр өгүүлсэн муу муухай болгоноос ангижирмагц түүнд тэнгэрийн оронд хүрэх үүд хаалга нээгддэг. Шөнийн тэнгэрт бидний нүдэнд үзэгдэх үйл олон од эрхэс нь бүгдээрээ оршин суугчидтай. Тэр гаригсын дийлэнхийг диваажингийн гэж нэрлэх ба амьдрах хугацаа хийгээд амтлах жаргал нь манай дэлхий дээрхи амьдралтай зүйрлэшгүй.
Эцэст нь зөвхөн хүний амьдралын хэлбэр нь л амьд амьтанд дээдийн дээд цэнгэл буюу Бурханд үйлчлэх аз жаргалыг амтлах боломжийг олгодог. Тантра-Шастирт Шива Бурхан өөрийн эхнэр Сатид:
“Хайрт эхнэр минь, Бурхан Говиндагийн(Кришна)бадамлянхуан өлмийд өмөг түшиг олж өөртөө цэвэр Кришнагийн ухамсрыг хөгжүүлж чадсан хүн нь имперсоналист буюу хоосон чанарыг даган баримтлагчдын хүрэхээр тэмүүлж буй бүхэнд маш хялбараар хүрэх ба хамгийн өндөр түвшинд хүрсэн вайшнавын(Кришна Бурханы чин бишрэлтэн)эдлэж болох аз жаргалаар цэнгэж чадмуй” гэсэн байдаг.
Материаллаг цэнгэлийн үргэлжлэх хугацаа нь бурханлаг цэнгэлтэй харьцуулахад маш өчүүхэн юм. Бурханд цэвэр чин бишрэлээр үйлчилснээр амсах аз жаргал нь аз жаргалын дээд хэлбэр юм. Яагаад гэвэл ийм аз жаргал нь төгсгөлгүй байдаг. Мэдрэхүйгээр хүртэж эдлэх аз жаргал болон Брахманыг таних буюу нирванд хүрснээр эдлэх аз жаргалыг доод хэлбэрийн аз жаргал гэдэг. Учир нь тэдгээр нь эхлэл болон төгсгөлтэй байдаг юм.
No comments:
Post a Comment