“Оюунлаг оршихуй” цуврал уулзалт №5-ын тэмдэглэл
МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч, Доктор, Профессор Д.Бум-Очир Кэмбрижийн Их сургуульд 2 сарын хугацаатай судалгааны ажлаар ирсэнтэй нь холбогдуулан “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын тав дахь дугаарын зочноороо урилаа.
Уулзалтын сэдвийн хувьд “Бөө” гэдэг зүйл шашин мөн үү үгүй юу? хэмээх ерөнхий асуултанд хариулт өгөх зорилготой боловч мөн биш гэдэг дээр тодорхой хариулт өгөхөөс урьтаж бөөгийн зан үйлийн талаар судалгаа хэрхэн явагдсан тухай илүү тодорхой ярилцах сонирхолтой байгаагаа уулзалтын зочин маань дурьдаж яриагаа эхлүүлсэв.
Манай улсын бөө судлалын байдлыг олон улсын түвшинтэй харьцуулбал нилээн дээгүүрт ордог ч энэ нь бөөгийн зан үйлийн судалгаа хангалттай гэсэн үг биш аж.
Бөөг судлахын тулд хоёр ойлголтыг ялгаж салган ойлгох нь маш чухал байдаг гэв. Үүнд:
Бөө мөргөл
Бөөгийн шашин
Бөө мөргөл
1800 оны дунд үеэс “бөө мөргөл” гэдэг нэр томъёо анх гарч ирсэн гэж үздэг. Үүнээс өмнө Монголчууд Монголын Нууц Товчоонд дурьдагдсанаар “мөргөл” гэдэг үгийг ашиглаж байжээ. Тэгвэл “бөө” гэдэг нь хувь хүний зан үйл гэсэн үг бөгөөд энэ нь нэгдэж байгуулсан бус тус тусдаа зан үйл явуулдаг, хувь хүмүүсийн үйл хэрэг. Бүх бөөд тохирсон нэгдсэн дүрэм гэж байдаггүй харин бөөгийн нэгдсэн шүтээн гэж байдаг тэр нь мөнх хөх тэнгэрюм. Нэгдсэн дүрэм байхгүй гэдэг нь хүний ертөнц дээр баримтладаг шиг дүрэм бөөд байдаггүй буюу бөө ямар нэгэн зөрчил гаргавал ял, шийтгэл оноох шалгуургүй гэсэн үг юм. Бөө чухам өөрийн хэлж буй тэрхүү тэнгэртэй харьцаж, тухайн онгодоо буулгаж буйг батлан тогтоох батлах аргагүй. 20-р зууны дунд үеэс өмнө зөвхөн “бөө” гэдэг үг л байсан болохоос бөөгийн шашин гэдэг үг байгаагүй.
Судлаач, эрдэмтэн Кольнер Колимзын зохиолд “Буддын шашин Монголд дэлгэрч лам нар гарч ирэх тэр үеэд тэднийг эсэргүүцэгчид гарч ирсэн. Тэдгээр эсэргүүцэгчид ард түмний дунд ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулдаг удган, улаач, бариач зэрэг хувь хүмүүс байсан” гэж дурьдсан байдаг. Эдгээр хувь хүмүүс нь бөө нар байсан бөгөөд буддын шашинтны хувьд тэднийг эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс болж харагдаж байгаа юм. Үүнийг бөөгийн шашин анх удаа нэгдэж нэг институци болсон хэмээн Кольнер Колимз бичсэн байдаг.
Ингээд анх удаа бөөтэй холбоотой ном зохиол, судлагдахуунуудыг нэгтгэж “бөө мөргөл” гэдэг ухагдахуун гаргаж иржээ.
Монголын бөө мөргөлийн хамгийн анхны судалгаа зохиолыг бичсэн гэгддэг Дорж Ванзаров гуайн 1846 оны “Монголчуудын бөө мөргөл ба харын шүтлэг”зохиолдоо бөө мөргөлийг “хараа шажин” хэмээн дурьдсан байдаг ба энэ нь буддын шашинтнуудын зүгээс өгсөн шарын шашины эсрэг үзэлтэй “харын шашин” гэсэн утгатай үг юм. Энэ нэр томьёо 19-р зууны дунд үед гарч ирсэн ба 20 р зууны үеэс судлаачид “бөө мөргөл” хэмээх нэр томьёог анх судалж эхэлсэн гэж үздэг аж.
Энэхүү нэр томьёог судлах ажилд Дорж Ванзаров гуайгаас гадна Б.Рэнчин, Ц.Дамдинсүрэн, Ч.Далай зэрэг манай нэрт эрдэмтэд тодорхой хувь нэмэр оруулсан юм. Жишээлбэл: Дамдинсүрэн гуай 1957 онд “Монголын уран зохиолын тойм” хоёрдугаар боть бүтээлээ хэвлүүлсэн байдаг. Уг бүтээлдээ “Монголын бөөгийн мөргөлийн яруу найраг” хэмээх 5 хуудас бичмэл хэсэгт “бөө мөргөл” гэсэн нэр томъёо оруулсан байдаг. Мөн Ч.Далай гуай 1959 онд гаргасан “Монголын бөө мөргөлийн товч түүх” хэмээх бүтээлдээ “бөө мөргөл” гэж нэр томъёог хэрэглэжээ.
Одоогоор эдгээр бүтээлүүдээс өөр “бөө мөргөл” хэмээх нэр томъёог дурьдсан бүтээл, бодьтой түүхэнд тэмдэглэгдсэн эх сурвалжууд байдаггүй.
“Бөө мөргөл” гэдэг нэр томъёо нь бөө нараас гаралтай биш харин бөөг судладаг судлаачид судалгаандаа хэрэглэж байсан буддын шашнаас гаралтай үг юм.
Бөөгийн Шашин
20 р зууны 2 р хагасаас “бөө мөргөл” гэдэг нэр томъёог судлах судалгааны ажилд өөр чиглэл гарч ирсэн. Түүхч судлаач О.Пүрэв гуай бөө мөргөлийн судалгаа, шинжилгээний ажилд маш чухал судалгаа, баримт үлдээсэн хүмүүсийн нэг юм. Түүний нэг чухал бүтээл бол “Монгол бөөгийн шашин” хэмээх ном.
О.Пүрэв гуай уг бүтээлээ тохиолдлоор “Монгол бөөгийн шашин” гэж нэрлээгүй агаад тэрбээр бөө бол шашин гэж үздэг байсан. Түүгээрч барахгүй “энэ дэлхийн хамгийн агуу шашин бол бөөгийн шашин” хэмээжээ. Энэ үеэс “бөөгийн шашин” гэдэг нэр томъёо гарч ирсэн ба өнөөгийн үеийн бөө нар, бөө судлаачид уг нэр томъёог авч судлаж эхлээд байгаа юм.
Өнөө үед бөөгийн шашин эмх замбараагүй, утгаа алдаж байгаа нь нууц биш. Биедээ онгод тэнгэр дуудаж юм оруулдаг, үзэж хардаг хүн бүхнийг өнөөдөр бөө гэж нэрлээд байгаа. Үүний учир шалтгаан нь өнөөдөр бөөгийн шашин нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй, нэг институци болж чадаагүй байгаагаас болж байна. Шинжлэх ухааны үүднээс харахад өнөөдөр бөөгийн шашин хэмээж буй нь ердөө л бусдаас дорд харагдахгүйн тулд зохиож байгаа улс төрийн зорилго бүхий үзэгдэл. Өөрөөр хэлбэл бөөг шашин хэмээх нь өнөөдөр улс төржөн гаргаж ирсэн зохиомол зүйл. Дэлхийд зөвшөөрөгдсөн шашинд исламын шашин, буддын шашин, загалмайтны шашин, хинди зэрэг дэлхийн олон хүн шүтдэг шашнууд багтдаг. Эдгээр шашнууд тус бүрдээ өөр өөрсдийн судартай, өөрийн гэсэн нэгдсэн шүтээнтэй, сүм хийдтэй, албан ёсны лам хуваргатай, баримтладаг дүрэмтэй.
Эдгээр дэлхийн шашинуудыг хувьсалын онолчид бусад ард түмэнд байгаа шашны холбоотой соёлын элементүүдтэй харьцуулаад үзэхэд харьцангуй том харагдаж байсан. Иймээс хувьсалын онолчид эрэмбэ зэрэг тогтоож. Өөрөөр хэлбэл, хувьсалын онолын үүднээс хөгжиж чадсан дэлхийн шашнуудыг шашин хэмээн үзэж, хөгжиж чадаагүйг нь шашин биш бөө мөргөл гэж англисан. Ингээд шашин хэмээх нэр зүүсэн болгон хувьсалын онолчдын ач гавьяагаар нэр хүнтэй, илүү чухал болон хувирч, шашин гэсэн нэр томъёо зүүж чадаагүй нь чухал бус болж харагдах болсон. Ийм учраас манай эрдэмтэд “бөө мөргөл” хэмээх нэр томъёог “бөөгийн шашин” болгон хувиргах боллоо. Гэхдээ өдгөө бөөгийн шашин тодорхой хэмжээгээр институц болж байгааг дурьдах нь зүйтэй.
____________________________________________________________________
АСУУЛТ ХАРИУЛТ
Асуулт-1: Өнөөдөр альваа шашин, шашны үзэгдлүүд шинжлэх ухаанч бус, шинжлэх ухааны үндэслэлгүй байна. Энэ нь хүмүүсийн амьдралд их том зөрчлүүдийг үүсгээд байгаа гэж боддог. Үүнд ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэл байх уу?
Хариулт-1: Үүнд шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Учир нь шинжлэх ухаантай авцалдахгүй маш олон зүйл гарч ирдэг. Гол шалтгаан нь юу вэ? гэхээр шинжлэх ухаан бол өөрийн ажилладаг механизмтэй, судалгааны арга зүйтэй харин бөөгийн шашинг ойлгодог механизм, хэмжүүр нь өөр байдаг. Жишээлбэл: Бөөгийн шашин хий юм, онгод орох үзэгдэлийг бодит зүйл гэж үздэг. Харин шинжлэх ухаан үүнд мэдэхгүй гэж хариулдаг. Хий юмс үзэгдэх, сүнс зэрэг ойлголтыг ихэнхи шашин байгаа бодит зүйл гэж үздэг бол шинжлэх ухаан үүнийг байхгүй гэж үгүйсгэдэггүй ч одоогоор мэдэхгүй байгаа гэж тайлбарладаг.
Асуулт-1.1:Тэгэхлээр агуу их шинжлэх ухаан бөөгийн шашины өмнө өвдөг сөхөрч байна гэсэн үг үү? Шинжлэх ухаан бүгдийг мэддэг, бүгдийг тайлбарладаг биз дээ?
Хариулт-1.1: Өвдөг сөхрөх биш. Одоогоор мэдэхгүй байгаа юм. Шинжлэх ухааныг бид өөрсдөө агуу гэж боддог болохоос шинжлэх ухаан өөрийгөө хэзээ ч би агуу гэж хэлээгүй, зарлаагүй. Сүүлийн 300 жил хүн төрлөхтөнд бий болсон хамгийн том зүйл бол хүмүүсийн шашинд итгэдэг байсан итгэл шинжлэх ухаанд итгэдэг болсон явдал юм. Шинжлэх ухаанд маш олон мэдэхгүй зүйл байдаг. Гэхдээ шинжлэх ухаан хэзээ ч ухардаггүй, юмсын учир шалтгааныг олох арга замаа хайж байдаг, цаашид хайсаар ч байх болно.
Асуулт-1.2: Гадныхан бидний Монгол үндэстэнг өөрийн уугуул шашингүй хэмээн үздэг. Ялангуяа барууныхан. Гэтэл бидний уугуул шашин бол бөөгийн шашин. Өнөөдөр Монголд 25,000 орчим бөө, 5000 гаруй лам байдаг гэсэн тоо судалгаа бий. Өөрөөр хэлбэл, бөөгийн шашин сүүлийн үед Монголд хүчтэй дэлгэрч байна. Энэ нь нийгэмд эмх цэгцгүй байдлыг авчирч байна. Энэ тал дээр Монголын төр ямар бодлого баримтлах ёстой вэ? Та энэ тал дээр төр засгийнханд ямар нэгэн зөвлөлгөө өгөх үү?
Хариулт-1.2: Энэ асуудал өнөөгийн нийгэмд тулгарч байгаа асуудал мөн. Миний бодлоор энэ тал дээр манай төр засгийнхан ямар бодлого баримтлахаа бүрэн шийдэж чадаагүй байгаа байх гэж бодож байна. Үүнийг шийдэхэд тийм ч амар зүйл биш. Өөрөөр хэлбэл бид юун дээр ямар бодлого баримтлахаа мэдэхгүй байна, объектоо бүрэн таньж чадаагүй байна гэсэн үг юм. Ийм нөхцөл байдалд зөв бодлого боловсруулна гэдэг тийм амар зүйл биш л дээ. Гэхдээ “төр төмөр нүүртэй” гэдэг үг байдаг. Төр өөрөө шийдвэр гаргаад энэ асуудлыг шийдэж болно. Гагцхүү мэргэжлийн судлаачидтай зөвлөх хэрэгтэй.
Хэрвээ би мэддэг, зөвлөлгөө өгдөгсөн бол бөө нарын энэ нийгэмд гай болоод байгаа архи уудаг, мөнгө авдаг хоёрыг л болиулахыг нэн тэргүүнд зөвлөнө. Аливаа шашин хүн төрлөхтөнд нэмэр болох гэж л байгаа бол хэзээ ч тариф тогтоох ёсгүй. Мөнгө хураадаг энэ зүйл анх гандан тэгчилэн хийдээс үүсэлтэй. Өнөөгийн бурхан шашны тэргүүлэгч нар гандан хийдийг аварч үлдэхийн тулд санхүүжилд олох зорилгоор тариф тогтоож эхэлсэн байдаг. Энэ нь нийгэмд буруу үлгэр дуурайлал авчирсан гэж би боддог.
Асуулт-2: Манай улсад буддын шашин ч бай бөөгийн шашин ч бай хамаагүй хүмүүст шашны сургалт явуулах ёстой гэж би боддог. Ялангуяа хүүхдүүдэд шашныг дэлгэрүүлж заах тал дээр манай улс маш дутагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл шашинаар дамжуулж хүүхдийг зөв хүмүүжүүлэх сургалтын ажлыг бид хийх ёстой гэж боддог. Энэ тал дээр таны бодол юу вэ?
Хариулт-2: Шашины сургалтын асуудал дээр дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах ёстой, ёсгүй гэсэн асуудлууд зөндөө гарч ирдэг л дээ. Миний хувьд янз бүрийн шашны сургалтын загвар, төлөвлөгөөнүүдтэй танилцаж, харж байсан. Нөгөө талаар энэ асуудлыг эсэргүүцдэг талууд байдаг. Тэд нарын ч бас буруу биш юм. Ялангуяа энэ бөөгийн шашин, бөө нарын нэр хүнд алдагдаж байгаа өнөө үед шашны асуудлыг сургалтын хөтөлбөртэй хольж хутгах нь дэмий гэж үздэг маш олон хүн байдаг.
Бөө нар нэр хүндээ алдахад бид нар, тэр дундаа бөө нар өөрсдөө буруутай. Өнөөдөр магадгүй маш олон хүн бөө нараас хол байхыг хүсч байгаа энэ үед бид нар хүүхдүүддээ шашины хичээл заана гэдэг маш төвөгтэй асуудал болон хувирч байгаа юм. Дээрээс нь шашны холбогдолтой хичээлүүдийг хүүхдүүд сонирхох эсэх асуудал бас чухал. Гэхдээ таны хэлж байгаа ерөнхий агуулгатай би санал нэг байна. Бид зөвхөн шашин гэлтгүй Монголын түүх соёлын үнэт зүйлсийг хүүхдүүдэд илүү сайн ойлгуулах талаас нь зааж сургах шаардлага манай нийгэмд байгаа гэдэг дээр би таньтай санал нэг байна.
Асуулт-3: Миний бодлоор энэ бөө гэдэг чинь зөвхөн манай улсад биш аль эрт дээр үеэс уламжлагдан ирсэн зүйл. Тийм учраас одоо үүнийг заавал нэг институцэд оруулах ч юм уу, ямар нэгэн хэлбэр журамд оруулаад байх шаардлага байгаа юм уу?
Хариулт-3: Тийм шаардлага ерөөсөө байхгүй. Би хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж хэлэх ёстой хүн биш л дээ. Гэхдээ миний харж байгаагаар магадгүй ямар нэгэн институцийн хэлбэрт оруулахгүй байх нь өөрт нь хэрэгтэй юм шиг байгаа юм. Зөвхөн манай улсад ч биш өөр дэлхийн маш олон оронд шашин, түүнтэй ижил төстэй маш олон соёлын элементүүд олон мянган жилийн өмнөөс үүсээд хөгжөөд ирсэн байдаг. Тэд хэзээ ч бид нар шашин байх ёстой, бид нар шашин мөн биш гэж маргаан үүсгэж байгаагүй. Үүнийг таны хэлснээр ямар нэгэн хайрцганд оруулж нэрийг нь солих ч юм уу өөрчиллөө гэхэд тэд энэ шашинаа шүтэхгүй орхино гэж байхгүй.
Асуулт-3.1: Миний ингэж асуулт тавьсан нь ямар учиртай вэ? гэхээр та хэлэхдээ аливаа нэгэн шашин хөгжихийн тулд ямар нэгэн институцийн хэлбэрт орох ёстой гэж хэлсэн учраас уг асуултыг тавьсан юм.
Асуулт-3.2: Миний хэлээд буй санаа бол өнөөдөр бөө гэдэг зүйл ямар эмх цэгцгүй замаа алдаад байгаа. Үүнийг тодорхой хэмжээгээр эмх цэгцэнд оруулья гэвэл институцэд оруулах шаардлагатай болж байгаа юм. Институц байхгүй байгаа учраас бөө нар дур дураараа авирлаж, хүнд ямар нэгэн байдлаар гаж буруу сөрөг үйлдэл хийж байгаа юм. Үүнийг зогсоох үүднээс ямар нэгэн тодорхой институцид оруулах юм бол асуудлыг арай амар хялбараар шийдэж болно. Оруулахгүй бол үүнийг шийдэж цэгцлэхэд төвөгтэй гэдэг талаас нь хэлээд байгаа юмаа. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс үүнийг заавал институцид оруулах ёстой эсвэл оруулах ёсгүй гэх хэлдэггүй. Шинжлэх ухаан болон судлаачид аливаа нэгэн асуудлыг судлаж үр дүнг нь тогтоохдоо зөвхөн боломжит хувилбаруудыг л гаргаж ирж санаагаа хэлдэг. Түүнээс бид тийм, ийм байх ёстой гэсэн байр сууринаас асуудалд ханддаггүй.
Асуулт-4: Бөөгийн шашинтай холбоотой нийгэмд олон гаж үзэгдэл гарч ирээд байна. Үүнийг төр засаг маань эмх цэгцэнд нь оруулах ёстой биз дээ? Эсвэл үүнийг энэ чигээр нь ингээд хаячих ёстой юм уу? гэдэг энэ талаас нь би сонирхон асуулт тавьж байна.
Хариулт-4: Төр энэ тал дээр агра хэмжээгээ авч байгаа юм байна лээ. Сүүлийн үед би энэ талаар зарим нэг хүмүүстэй санал бодлоо солилцож байгаа. Цөөхөн боловч зарим нэг тохиолдолд энд тэнд шатсан, түлэгдсэн, үхсэн эсвэл залилан хийсэн гээд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдүүлэг өгдөг юм байна лээ. Цагдаагийн байгууллага ч өргөдөл гомдлыг хуулийн дагуу барагдуулах ажлыг хийж хариуцлага хүлээлгэсэн тохиолдол цөөнгүй хийсэн байдаг. Хэдий тийм боловч ихэнхи тохиолдолд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргадаггүй, гаргасан ч өргөдөлөө буцаагаад авчихдаг. Учир нь бид ямар нэгэн бөө дээр очоод юмаа үзүүлчээд энэ бөө надад худлаа хэлсэн гээд өргөдөл гаргаад хариуцлага хүлээлгэнэ гээд яваад байдаггүй. Харин ч үүнийг аль болох мартаад өнгөрөөхийг боддог тийм уламжлал, ёс суртахуун байгаад байгаа юм. Тиймээс энэ тал дээр төр засаг ямар нэгэн арга хэмжээ огт авахгүй байгаа гэж хэлж болохгүй юм.
Асуулт-5: Шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа юмыг шашин гэж хэлээд байж болох уу? Ер нь шашин гэж яг ямар учиртай зүйл вэ? тодорхойлолт байдаг уу?
Хариулт-5: Энэ шашин гэдэг зүйлийг хэсэг бүлэг хүмүүс өмчилчихөөд байгаа хэрэг. Дэлхийн шашинууд гээд байгаа нөхдүүд энэ шашин ийм, ийм байх ёстой гээд өмчилчихөөд байгаа юм. Жишээлбэл: өөрийн гэсэн сүм хийд, лам, судартай гэх мэт хэд хэдэн зүйлс гаргаад түүнийгээ бусад шашинд тулгадаг. Өөрөөр хэлбэл танай шашин гээд байгаа зүйлд дээрх шалгуурууд байхгүй байна тиймээс энэ шашин биш, эсвэл мөн гэж нэрлээд байдаг. Энэ нь шашныг өмчилчихөөд байгаагийн нэг тод жишээ. Өнөөдөр дэлхийн шашнуудыг шүтдэг хэсэг хүмүүсийг гэгээлэг, соёлтой гэж үзээд бусад шашнуудыг шүтдэг хүмүүс гэгээлэг бус болж харагдуулаад байгаа учраас энэ шашин гэдэг нэрийг олж авах, шашин болохын төлөө тэмцээд байгаа гэж ойлгож болно. Яг үнэндээ бол бөөгийн онгод тэнгэр энэ зүйлд эмзэглээд байгаа юм биш, энэ нь зөвхөн бид нарт байгаа асуудал юм.
Асуулт-6: Харвардын Их сургууль төгсөөд одоо MIT- д багшлаж байгаа Б.Мандухай гэж тантай адил нийгэм соёлын антропологийн чиглэлээр судалгаа хийдэг манай мундаг том эрдэмтдийн нэг судлаач хүн байдаг. Та энэ хүнтэй хамтарч судалгаа хийж, холбоотой ажилладаг уу?
Хариулт-6: Мандухай эгч бид хоёр одоохондоо хамтран судалгаа хийж байгаа зүйл байхгүй, магадгүй ирээдүйд болох байх. Харин бид хоёрын судласан хүн яах араггүй нэг юм. Мандухай эгчийн номны хавтас дээр буриадын Цэрэн зайрангийн зураг байгаа. Цэрэн зайрантай би анх 1995 онд уулзаж байсан. Миний бөөг тодорхой хэмжээгээр ойлгож эхэлсэн маш олон зүйлс энэ хүнтэй холбоотой. Мандухай эгчийн судалгаа үндсэндээ Цэрэн зайран болон буриадын бөө нарын тухай судалгаа юм. Мандухай эгч бид хоёрын судалгааны чиглэл ойролцоо учраас ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр бид хоёр холбоотой гэх юм уу, ямар ч байсан холбоогүй хүмүүс биш.
Дэлхийн нэр хүндтэй их сургуульд багшлана гэдэг бол асар их тэвчээр, хөдөлмөр шаардсан ажил байдаг. Энэ ажлыг гадарладаг хүний хувьд би Мандухай эгчээр бахархаж явдаг. Монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг гадаадын зарим нэг эрдэмтэд байдаг. Одоогийн байдлаар гадаадын томоохон их сургуулиуд дээр мэргэжлийн үүднээс монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг Монгол эрдэмтэд гэвэл бараг Мандухай эгч бид хоёр л юм шиг байна. Өөр энэ талаар мэргэжлийн үүднээс судалгаа хийдэг Монгол судлаачид одоогоор байхгүй гэж хэлэхэд болох байх.
Дашрамд хэлэхэд бөөгийн шашинтай ойролцоо хий юмтай холбогддог энэ төрлийн үзэгдэл зөвхөн манай улсад биш дэлхийн бараг бүх улсад саа сайгүй маш олон байдаг.
Асуулт-6: Шаманик гэж яг юу гэсэн үг вэ?
Хариулт-6: Бөөгийн арга “засал” гэсэн үг. Бөөгийн арга засал дотороо маш олон янз байдаг. Жишээ нь: толгой тархи, бие организмыг барьдаг, эдгээдэг увьдастай гэх мэт. Буриад бөө нар энэ тал дээрээ нилээн алдартай. Буриадын бөө нар үндсэндээ хоёр янзын уг барьдаг.
Бариачын уг буюу чандмань эрх
Бөөгийн уг буюу чанар эрх
Зарим буриад бөө нар хоёуланг нь давхар барьсан байдаг.
Асуулт-7: Бөө нар өмсгөл өмсөж бөөлдөг. Заавал өмсгөл өмсөх ёстой байдаг уу? Өмсгөлийн ялгаа гэж байдаг уу? Бөө нар дотор бас янз янзын бөө байдаг. Жишээлбэл: дээд ангилалын бөө нар нь улс орны төлөө илүүтэй бөөлдөг жаахан доод зиндааны бөө нар аахар шаахар ойр зуурын юмыг засах маягтай бөөлдөг гэх мэт.
Хариулт-7: Бөөгийн хувцасыг дайнд орж буй баатарын хуяг, дуулгатай адилтгаж үздэг. Хэн их хуяг дуулга, хувцас сайтай нь дайнд амьд үлддэгийн адилаар бөө нарын хувцас нэг талаасаа хуяг дуулга болж өгдөг. Нөгөө талаасаа бөө нарын гэхээсээ илүү онгодуудынх нь хувцас байдаг.
Бөө нарт бас эрэмбэ гэж байдаг. Бөө дотороо хэдэн жил бөөлснөөс хамаарч эрэмбэлэгддэг. Түүнээс гадна оногдууд дотор бас эрэмбэ бий. Бөөд орж ирж байгаа онгодууд хаанаас ирж байгаа, ямар хүч чадалтайгаас хамаараад түүнд эрэмбэ гэж байдаг. Энэ эрэмбээсээ хамаараад хувцас, эдлэл хэрэгсэл нь ондоо байдаг. Бүр асар их хүчтэй онгод байдаг ба түүнд ямар нэгэн хувцас, эдлэл хэрэгсэл шаардлаггүй онгод нь шууд орж ирдэг тохиолдол хүртэл байдаг. Энэ нь тухайн онгод өөрийнхөө ид хавийг гайхуулж байгаа хэрэг юм.
Уулзалтын техникийн саадгүй байдлыг ханган аажллахын зэрэгцээ, онлайн дамжуулсан докторант Ц.Будхүү, гэрэл зургийн сурвалжлага хийсэн сэтгүүлч Ж.Хулан , уулазлтыг хамтран зохион байгуулсан Элчин Сайдын Яамны хамт олон болон хүрэлцэн ирж оролцсон нийт Монголчуудтай,Монголчуудтаа гүнээ талархая
Тэмдэглэл хөтлөсөн У.Ганзориг, Хянан тохиолдуулсан Д.Цэрэнбат
Уулзалт Зохион байгуулах Баг
Эх сурвалж: http://www.mongolians.co.uk/mon/1167
No comments:
Post a Comment