Sponsered

Tuesday, December 8, 2015

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. МОНГОЛООР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ. ХАР ХОТЫГ НЭЭСЭН МИНЬ


Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр би Хятадын хил, хуучин танил Хиагт хотод ирж олон нийтийн хурлын байранд аятайхан төвхнөв. Яг энэ байшинд миний багш Пржевальский аяллынхаа өмнө болон хойно нэг бус удаа амьдарч байсан билээ… Болж өнгөрсөн үйл явдлууд ой тойнд минь сэргэн босож ирэв. Зочломтгой зантай хиагтчууд, ялангуяа Молчановынхан, Собенниковынхан, Лушниковынхан, Швецовынхан бидэнд нөхөр ёсны анхаарал тавьж, цөм л аялагчдад үйлчлэхийг хичээж байх ажээ. Цаг хугацаа нисэх мэт өнгөрнө, өдөр нь ачаа хөсгөө бэлтгэж зэхэх ажил хийж, орой үдэш нь танилындаа юм уу, Газарзүйн нийгэмлэгийн орон нутгийн салбарын хуралдаанд оролцож байсан бөгөөд баярын өдрүүдэд янгирын анд явж байлаа… Ан авын тухайд гэвэл хиагтынхан бүр задарч гүйцжээ: монголын өргөн уудам нутаг, араатан амьтан элбэг байдаг нь заримдаа энэ ажлыг үлгэрийнх мэт болгодог аж.

Говь цөлийн нутагт далай тэнгис цалгилж байхад бурхдын үр хүүхдүүд эрэг дээр нь сайхан хот барьж, чадварлаг уран дархчууд, эр зоригт дайчид, худалдаачид, уран цэцэн хүмүүс тэнд амьдардаг байжээ хэмээн Монголын домогт өгүүлдэг. Түүнийг Хар хот гэж нэрлэж байв.

Эртний хотын мөхлийн талаар Монголын өөр нэгэн домогт өгүүлжээ. Хар хотын сүүлчийн удирдагч баатар Хар-зянь-зянь Хятадын хаан ширээг эзлэн авахаар дайтаад ялагдаж, хот руугаа ухрахаас өөр аргагүй болов. Хятадын хаан энэ хотын халдашгүй цайзад нэвтэрч чадаагүй тул түүний ойролцоох Энцин голын урсгалыг өөрчилж, иргэдийг нь усгүй болгох зарлиг буулгажээ. Ингээд хотын хүн ам усгүйдэж, харангадан үхэж эхэлсэн тул удирдагч баатар үнэт эрдэнэсээ буйд газар нуугаад, гэр бүлийнхнээ хороож, довтлогчдод шийдвэрлэх тулааны тушаал өгөөд өөрөө амиа алдсан байна. Хятадын цэргүүд Хар хотод орж ирэн, бүх оршин суугчдыг хядаад хотыг бүхэлд нь эвдэж сүйтгэжээ.
Цөлд хаягдсан хот

Оросын эрдэмтэн судлаачид, аялагчид өмнөд говь цөлд хаягдаж, мөхсөн хот байдаг талаар эртнээс мэддэг байжээ. 1907 онд эрдэмтэн Држевальский болон нэрт судлаач П.К.Козлов нар Монголд экспедици зохион бай-гуулав. Козлов Монголд ирээд хэдэн долоо хоногийн турш хөтөч хайгаад бүтэлгүйтжээ. Ингээд эцэст нь энэ нутагт аж төрдөг торгууд угсааны бэйлийн вантай тохиролцож, түүний дэмжлэгтэйгээр хөтөч олоод 1907 оны гуравдугаар сарын 19-нд мөхсөн хот оршдог Энцин голын тохойд иржээ.

Бат нэртэй хөтөч Хар хоттой холбоотой вангийнхаа хориг зааврыг судлаачдад үзүүлэв. Үүнд харийнханд хотын дэргэд түүдэг асаах, хоол идэх, ачааны малаа оруулах зэргийг хориглосон аж. Мөн энэ хотод эмэгтэй хүн ирэхийг зөвшөөрдөггүй. Домог ёсоор бол дээрх хоригийг зөрчвөл Хар хотыг байгуулагчдын сүнс хилэгнэдэг гэнэ. Үүнийгээ батлахын тулд Бат аялагчдад нэгэн түүх ярьж өгсөн юм.

100 жилийн өмнө нутгийн нэгэн эмэгтэй адуугаа хайж яваад энд санамсаргүй иржээ. Тэрээр эвдэрхий балгас дотроос хэд хэдэн хэлхээ сувд олсон байна. Ингээд бүсгүй хотоос гарч явтал аймшигт угалз түүнийг ороон авч одов. Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа хотын хажуугаар жин тээж явсан хүмүүс тал бие нь элсэнд дарагдсан бүсгүйн цогцсыг олсон аж. Бүсгүйн гарт эртний хотоос олсон хэлхээ сувд атгаастай байсан гэнэ.Түүнчлэн торгууд бэйлийн ван экспедицийнхнээс Хар-зянь-зяний эрдэнэсийг олбол өөрт нь өгөөрэй гэж захижээ.
Гайхамшигт олдвор
Оросын аялагчид элсэнд бүрэн дарагдсан, өндөр, халдашгүй цайз олж харжээ. Цайзын баруун ханын дэргэд хоёр мавзолей буюу суварга сүндэрлэнэ. Үүний нэг нь хуучин янзаараа хадгалагдан ирсэн бол нөгөөг нь бүрэн сүйтгэжээ.Цайзаас гараад бас нэг мавзолей хэвээр үлджээ. Эндээс эрдэмтэд түүхийн үнэт бүтээл болох олон тооны гайхалтай олдвор олжээ. Тухайлбал торгон дээр өнгийн будгаар зурсан Будда бурхны ховор хөрөг, түүнчлэн модон болон металл баримлууд мавзолейд байв.

Гэхдээ эдгээрээс хамгийн их үнэ цэнтэй зүйл бол маш сайн хадгалагдсан 2000 гаруй гар бичмэл, ном, хуйлаастай бичиг. Суваргын төвд дээшээ металл баганатай чулуун довжоо байжээ. Довжоон дээр хүний хэмжээтэй 20 шавар дүрс тавьсан бөгөөд хажууд нь гар бичмэл бүхий хуудсуудыг хэдэн зуугаар нь давхарлан өрсөн байлаа. Харин мавзолейн хамгийн цаад булангаас сууж буй хүний араг яс олсон байна. Эрдэмтэд үүнийг гэгээнтний цогцос гэж таамаглаад энэ суваргыг түүнд зориулан босгосон байх хэмээн дүгнэжээ. Экспедицийнхэн энд сонирхол татам, олон нээлт хийсэн. Хар хотын төвийн элсэн дундаас судлаачид 2.5 м өндөр, дугуй хэлбэртэй чулуун байгууламж олжээ. Байгууламжийн дээд талд буй үл мэдэгдэх бичиг нь гар бичмэлүүд дээрх ханзнаас огт өөр. Тэгэхээр илүү эртнийх байх магадлалтай юм.
Энэхүү байгууламжийг дугуй дүрс, шулуун шугам бүхий аалзны тор шиг эргүүлгээр чимжээ. Зураг, бичгийг чулууны хатуу гадаргуун дээр сийлсэн байна. Энэ дугуй байгууламж Хар хотын эртний оршин суугчдын ариун шүтээний газар бөгөөд тайлгач бөө нар энд бурханд өргөл өргөдөг байх гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлжээ.

Оросын аялагчид хагас сүйдэлсэн байгууламжаас өөр сонирхолтой нээлт хийв. Барилгын элсийг сайтар цэвэрлэтэл ханын зургийн үлдэгдэл олджээ. Сайтар хадгалагдсан энэ зурган дээр гэгээнтний дүрээс гадна хүн толгойтой загас, хоёр толгойт шувуу, аюулт луу зэрэг өвөрмөц амьтдыг дүрсэлжээ. Домгийн амьтдын дэргэд хүний жижигхэн дүрс ч байлаа.
Эртний хот нууцаа дэлгэв

Козлов 1907 оны зун Монголын засаг захиргаанаас малтлагаа зогсоож, тус улсаас нэн даруй гарах зарлиг хүлээн авсан байна. Үүний шалтгаан нь нутгийн иргэдийн гомдол байв. Харийнхан хориотой хотыг хөндөж, сүнснүүдийг хилэгнүүлж байна гэж тэд үзжээ. Тухайн үед Монголд их ган гачиг болж, төвийн бүс хүчтэй газар хөдлөлтөд өртсөн нь үнэхээр тохиолдол уу эсвэл давхцал уу. Өвгөд хөгшчүүд байгалийн гамшигт үзэгдлийг «Харийнхан манай газар нутагт хөл тавихад өвөг дээдсийн сүнс хилэгнэсэн» хэмээн тайлбарлаж байв. Ингээд Козлов Монголын засаг захиргаа хориглосоор байтал олж илрүүлсэн өчнөөн олдвор, гар бичмэлийг Санкт-Петербургийн Газар зүйн нийгэмлэгт аваачсан аж. Эртний хотын номын сангаас «си-ся» буюу тангуд хэлний толь бичиг олдсон нь ихэнх гар бичмэлийг тайлж уншихад дөхөм болжээ. Зарим хуйлмал бичигт хүн, гэрийн тэжээвэр амьтдыг анагаах эмийн жор байсан бол нэлээд хэдэн номонд XIII зууны 26-27 онд Чингис хаан Тангудыг эзэлж, Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд оруулсан тухай өгүүлсэн байв. Гэсэн хэдий ч эдгээр хуйлмал бичгийн зарим хэсгийг одоо хүртэл тайлж, уншиж чадаагүй аж. Тэдгээрийг эрдэмтдийн мэдэхгүй хэлээр бичжээ. Зарим нэг таамаглалаар бол энэ бичгийг эртний тайлгачид нууцаа дэлгэхгүйн тулд үйлдсэн байх магадлалтай гэнэ. Эрдэмтэд «Энэхүү бичиг бол Хар хотыг барьсан оньсого мэт соёл иргэншлийн материаллаг нотолгоо байж болох юм» гэсэн бас нэг хувилбар дэвшүүлсэн.
Оросын нэрт гүн ухаантан, Азийн ард түмнийг судлагч Н.К.Рерих мөхсөн хотоос авч ирсэн археологийн баримтыг судалж үзээд, эмэгтэй хүний толгойг гайхалтайгаар дүрсэлсэн нь маш их сэтгэгдэл төрүүлсэн тухай өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичжээ. Эрдэмтэн «Хэзээ нэгэн цагт цөлийн хотод ийм хүмүүс амьдарч байсан учраас энэ газрыг зэрлэг гэж нэрлэж болохгүй» гэсэн байна.Мэдээж тус хотыг тухайн үеэсээ илүү өндөр хөгжсөн соёл иргэншил бүтээжээ хэмээн нэрт эрдэмтэн хэлсэн нь үнэний ор-той. Харин тийм соёл иргэншил байсан гэдгийг өдгөө олон сайхан домог бүхий элсэнд дарагдсан эвдэрхий балгас л сануулах шиг.
Эх сурвалж: http://vip76.mn/content/7147

                      wikipedia 

Monday, December 7, 2015

ЭРТНИЙ ТҮРЭГ БИЧЭЭСҮҮДИЙН УТГЫГ ТАЙЛСАН АКАДЕМИЧИЙНХ


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд академичийнд өнжих хүсэлт тавихаар бямба гаригийн өглөө утас цохилоо. "За хүүхээ, ажил дээрээ удах байх шүү, хүрээлэн бол миний хоёр дахь гэр. Амьдралын минь дөчөөд жил энд өнгөрсөн болохоор гэрээс ялгаа байхгүй. Хүрээд ирэх үү дээ" гэж байна. Офицерын ордны буудлын хажууханд байрлах академийн нэгдүгээр байран дээр яваад очлоо. Хэл зохиолын хүрээлэнгийнхэн академийн байрныхоёрдугаар давхарт байрладаг юм байна. Л.Болд академич өрөөндөө шавь нараа тойруулчихсан ажил ярьж сууна. Хөгшнийхөө явуулсан баншийг үдийн хоолондоо идчихээд сууж байгаа нь энэ гэнэ. Төрийн тэргүүнээс монгол хэлний цахим толь бүтээх даалгавар авсан болохоор хүрээлэнгийнхэн хагас, бүтэн сайнгүй ажиллацгааж байгаа аж.Энэ оны арванхоёрдугаар сард цахим тольтой болчих юм байна.

Хүссэн үгээ оруулаад хаймагц салаа утга, шилжсэн утга, утга зохиолын жишээ, дуудлага авиа нь сонсох хэлбэрээр, бүр уйгаржин бичгээр яаж бичих нь хүртэл гараад ирэх гэнэ. Ирэх сарын дундаас цахим хуудсаа олон нийтэд нээлттэй болгож хүмүүсийн саналыг авах аж. Хүрээлэнгийн залуус цахим толь бүтээх ажлын ард гарах гэж амралтын цагаараа ч ажиллаж эхэлжээ. Батдорж гэж залуу байна. Компьютер хэл шинжлэлээр урд хөршид сураад ирж.

Академичийн ажлын өрөө их энгийн зохион байгуулалттай юм. Нэг хана нь тэр чигтээ хэл шинжлэл, түрэг судлалын номнууд. Номын сангаас гадна ажлын ширээ, буйдантай. Багшийнхаа зургийг номын сангийнхаа дээд талын тавиур дээр нандигнан залжээ. Түрэг судлаач гэдгээр нь хэл шинжлэлийнхэн андахгүй А.Лувсандэндэв академич энэ хүний багш. Тэрээр Х.Сампилдэндэв академичтай хамт МУИС төгсөнгүүтээ Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн шийдвэртэйгээр хүрээлэнд томилогдон ирж байж. Хүрээлэнд ажиллаж эхлээд удалгүй багшийнхаа саналаар турк судлаач болсон юм байна. Багшийнхаа тухай байсгээд ярих юм. "Миний багш монгол-орос, орос-монгол толийг зохиоход гол үүрэгтэй оролцсон хүн. Хуучин цагт оюуны бүтээлийг мундаг үнэлдэг байжээ. Багш маань 1957 онд гарсан монгол-орос толийн ерөнхий редактороор ажилласан юм. Энэ толийг тухайн үеийн намын төв хороо дөчин мянгатын барилгыг ашиглалтад оруулсан дайны бүтээл туурвилаа гэж дүгнэсэн байдаг. Сүүлд орос, монгол 50 мянган үгтэй толь гэж гарсан даа. Багш маань Дамдинсүрэн гуайтай хамтарсан байдаг. Багшгуравны хоёрыг нь шахуу хийсэн байдаг юм. Цэдэнбал дарга тэр ажлыг ньОрос, Монголын хооронд төмөр зам байгуулсантай тэнцэхээр оюуны төмөр замыг тавилаа гэж үнэлсэн юм билээ. Багшийн нэг үгийг би амьдралынхаа зарчим болгосон. Хор багаддаггүй гэж байнга ярина. Бидний үеийнхэн биенээ хэмлэсээр байгаад дууслаа, үеийнхэндээ хор хийв ээ, үйл нь их хүнд тусдаг юм шүү гэсэн үг нь өнөө хэр мартагддаггүй" гэж багшийгаа дурсаж байна.

Хэл зохиолын хүрээлэнд байхдаа Б.Ринчентэй хамт ажиллаж байснаа бас дурсав. "Б.Ринчен багшийн докторын зэрэг хамгаалсан бүтээл нь хэвлэгдээгүй Унгарын Шинжлэх ухааны академид байна. Тэр бүтээлийн фото зургийг ШУА-ийнхааЕрөнхийлөгч Энхтүвшингийн дэмжлэгээр авсан. 1000 гаруй хуудастай бүтээл бий. Багшийнхаа бүтээлийгхоёр боть болгож хэвлэх ажил дээр сууж байна даа" хэмээн сонирхуулав.

Л.Болд академич турк судлаач болох шийдвэр гаргаснаасаа хойш тав, зургаан жилийн туршХөвсгөлийн цаатангууд дээр очиж, тайгаар гэр хийж үг цуглуулжээ. Турк судлаач гэх нэрийг 1978 оны хавьцаа авсан аж. Дараа нь VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судлах даалгавар авчээ. Эртний хөшөө дурсгал судалж эхэлсэн нь ийм шалтгаантай юм байна. Нэг хөшөөнийх нь зургийг ханандаа жаазлаад өлгөчихөж. Налайхаас цаахна орших мэргэн Тонюкукийн хөшөө байна. Академич хөшөөний түүхийг хагас цаг орчим ярив. Хөшөөн дээрх бичээсээс "Хятадын үг уран, торго зөөлөн. Ийм учраас уран үгс, зөөлөн торгоороо холын улсыг ойртуулж муу зан сургадаг. Аяа турк түмэн та нар энэ уран үг, зөөлөн занд нь хууртаж, хэдэн удаа сөнөв өө" гэсэн үгийг "Түүхийнхээ хувьд их сургамжтай" гэж онцолж байна. Бас "Ямар ч газрын хаантай улсад мунхаг түшмэл байвал түүн шиг гай хаана байх вэ, ийм учраас Туркийн ухаантай хаадын ард түмэнд хандаж Тонюкук би энэ хөшөөг гэрээслэн босгууллаа" гэсэн алдартай үгийг ишлэв. Турк гэдэг үгийн утгыг "сайн төр" гэж тайлснаа сонирхууллаа. За тэгээд Билгэ хааны дүүдээ зориулж торгоны замын уулзвар дээр босгосон хөшөөнөөс эхлээдтүүх өгүүлсэн хөшөө дурсгалын тухай яриа бараг цаг гаруй үргэлжиллээ. Судалгааны ажлаараа "Орхон бичгийн дурсгал" гээд дөрвөн ч боть ном хэвлүүлчихэж. "Академичийн нэмэгдэл гэж сард хэдэн төгрөг авдаг юм. Сүүлийн үед шүүмжлээд байх шиг. Тэр мөнгөөрөө ийм л юм хийдэг" гэж байна. Туркуудын голлон нутаглаж байсан газар Орхоны нутаг учраас Орхон бичиг гэсэн нэрийг өгсөн гэнэ. Туркийн түүхтэй холбоотой хөшөө, дурсгалын зургуудыг хачин тод хэвлэсэн орос ном сонирхуулав. 1889 онд анх хойд хөршид хэвлэгдэж байжээ.

"Сүүлийн үед Засгийн газар ШУА-ийг татан буулгаж их, дээд сургуулиудад нэгтгэх ёстой гэж яриад эхэллээ" гэж үг үүсгэхэд"Монгол төр шинжлэх ухааны ололтодтулгуурлаж байж л чанга байсан. Чингэс хааны үед Цэцдийн зөвлөл гэж байлаа. Хубилай хааны үед Бичгийн мэргэдийн хүрээлэн гэж байсан. Ардын засаг тогтоод дөрөвхөн сарын дараа Судар бичгийн хүрээлэнтэй болсон. Улс орны хэтийн төлөвийг тодорхойлоход эрдэм судлалын ажил хэрэгтэй гэдгийг цаг цагийн төр ухаарсан хэрэг. Ийм том уламжлал байсаар атал тэр улсад тэгдэг гэсэн хийсвэр сэтгэлгээгээр хандах нь олон урхагтай. Үгүй ядах нь аа, төрийн бодлого суларна" гэснээс өөрийг хэлсэнгүй.

Кирилл үсгийг халж, уйгаржин бичигтэйболох санаачилгын талаар ямар бодолтой явааг нь сонирхоход "Хятадууд ханз үсэгтэй 5000 жил болсон. Бид авианы бичигтэй нэлээд удлаа. Хятад ханзаа солиогүй. Бид бичгээ арваад удаа сольсон. Ийм том хөршийн нөлөөнд хэлээ мөхөөхгүй гэдэг үүднээс л бид авианы бичгийг хадгалж үлдсэн. Хятад, японууд ханзтайгаа зууралдаж болоод байхад бид уйгаржинтайгаа зууралдаж болногэдэг өрөөсгөл ойлголт. Хятадууд ногоо идэж болоод байхад бид мах идэхээ болих ёстой гэснээс өөрцгүй хэрэг л дээ. Уг үндэс хөндсөн асуудал болох гээд байгаа юм. Үе үеийн хэл бичгийн эрдэмтэд үсэг бичиг боловсруулаагүй бол биднийг ямар хувь заяа угтах байсан бол. Эртнийхийг нь мэдэхгүй юм. Сүүлийн үеийн байдлыг харвал буриад шиг холимог хэлтэй болно. Эсвэл өмнөд монголчууд шиг тулга тойрсон явцуу хоёр хэлтэн болно. Монголчууд өргөмөл хүүхдээ хүнийх гэж адалдаггүй шиг бусдаас авч өөрийн болгосон бичиг үсгээ энэ нь бидний үндэснийх, тэр нь гадных гэж ялгах хэрэггүй л дээ" гэсэн хариу өгч байна.

Биднийг өрөөнд нь яриа хөөрөө өрнүүлж суух зуур эхнэр, охид нь хэд хэдэн удаа утасдав. Сурвалжлага хийнэ гэх сургаар гэр бүлээрээ цуглаад хүлээж байгаа гэнэ. Удсан ч үгүй академичийнх руу явахаар хүрээлэнгийн байрнаас гарлаа. Гурав, дөрөвдүгээр хороолол руу таксигаар явах зуур мөн л урт яриа өрнүүлэв. Л.Болд академичийг их сургуульд сурах үед Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан зэрэг аваргууд хичээл ордог байж.Хэл зохиолын хүрээлэнд очиж Лувсандэндэв академичийн шавь болох хүртлээ А.Лувсанвандан гэдэг эрхэм хүний шавь байжээ. "Надад монгол хэл шинжлэлийн дөр суулгасан ачтай хүн. Ухаандаа би өөрийгөө батарей гэж бодоход тэр үед авсан цэнэгээрээ өнөөг хүртэл явж байна. Лу багш их дөлгөөн. Өндөр мэдлэгтэй. Мэдэхгүй юм гэж үгүй. Хэнийг ч голохгүй ярина. Залуу цагт аль дэггүйтэхийг тэр гэхэв. Манай ангийн ихэнх нь яруу найрагт сонирхолтой. Хэлний хичээлд жаахан сонирхол муутай. Өдөр бүр нэг хүүхэд Лу багшаас ямар ч хамаагүй асуулт асууж хичээлийн цагаас хугаслах даалгавартай. Нэг удаа Өмнөговийн Мөнхөөгийн ээлж таардаг юм. Нөгөөх чинь, багшаа таны трубка Английнх уу гэж байна. Багш тамхи их татна. Модон толгойтой трубкатай болсон үе. Тэгсэн багш трубканыхаа модны тухай яриад, сүүлдээ бүр Англи, Хятадын дунд өрнөсөн хар тамхины дайны тухай яриад явчихлаа. Ёстой номонд цагааширсан хүн гэвэл миний багш даа. Хүрээний намтар түүхийг мэднэ гэж. Барон Унгернийг нийслэлд ирэхэд ямар байшинд байрлуулснаас эхлээд их сонирхолтой зүйлс ярина. Би уг нь Га багшийн ажиллуулдаг утга зохиолын дугуйланд явдаг байсан юм. Ном зохиол уншдаг, хармааны шүлэгтэй хүүхэд их сургуульд элссэн болохоор тэр байх. Сүүлдээ хэл шинжлэл рүү урвасан. Манай Га багш чинь"Нууц товчоо"-г уран зохиолын дурсгал талаас нь сүрхий судалсан. Дэлхийн хэн ч энд нь хүрэхгүй гүн гүнзгий ул мөр үлдээсэн хүн дээ" гэж хууч дэлгэлээ.

Хагас цагийн дараа гэрт нь ирэв. Академичийнх гурав, дөрөвдүгээр хорооллын эцсийнөндөр цэнхэр байруудын нэгэнд дөрвөн өрөө сууцанд амьдардаг юм байна. Болд академичийн хоёр охин хүүхдүүдтэйгээ ирчихэж. Гэрийн эзэгтэй ширээ зассан том өрөөндөө урив. Академич "Манай хүн айлын өргөмөл ганц охин. Би айлын дөрвөн хүүхдийн отгон нь. Бид хоёр чинь одоо арвуулаа болсон. Жендерийн тэгш харьцаатай. Таван эрэгтэй, таван эмэгтэйтэй болохоор март, цэргийн баяраар хүйсийн харьцаа тэнцдэг юм" гэж хэлээд хөгжилтэйгөөр инээв. Эдний том охиныгХалиун гэдэг юм байна. Хөнгөн үйлдвэрийн инженер технологич мэргэжилтэй аж. Харин бага охин Булган нь энд Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгсөөд Германдсурч байгаад иржээ. Л.Болд академич "Төгсөөгүй сургууль байхгүй. Манай хамгийн олон дипломтой хүн. Тэр халдвар нь том зээд маань халдчихаад болдоггүй. Миний амины зээ байгаа юм. Төгөлдөр хуурч. Францад сурч байгаад одоо Швейцарьт сурч байна. Ахиад хоёр жил болно гэхээр нь нүүр өгөхгүй байгаа" гээд мушилзав. "Хөгжмийн урлагийг Европоос харах нэг өөр. Дорно дахинаас бас өөр шүү. Зээдээ дорно дахины нэг сургуульд заавал сурах ёстой шүү гэж захидаг юм" хэмээн яриагаа үргэлжлүүллээ.

Академичийн зээ нартом болжээ. Том охиных нь ууган хүүхэд нь Швейцарьт байгаа төгөлдөр хуурч бүсгүй юм байна. Бага хүү нь МУИС-ийн эдийн засгийн сургуулийн оюутан аж. Бага охины том хүү нь нэгдүгээр сургуульд сурдаг юм байна. Том хоёр зээшиг нь орос сургуульд оруулах төлөвлөгөөг гэрийнхэн нь гаргасан байсан ч өвөө нь суулт зарлах шахаж байж монгол сургуульд оруулжээ. Монгол хэлтэй хүн болгох гэж тэмцсэн нь тэр гэнэ. Дөрвөн нас хүртлээ Германд байсан зээ нь нар, гоё гэдэг хоёрхон монгол үгтэй ирж байж. Саяхан герман хүний яриаг сонсоод ойлгож байгаагаа өвөөдөө хэлжээ. Академич "Тийм багадаа ярьж байсан хэлээ одоо ойлгоод байна гэхээр сонин юм шүү. Поппе гэжОросын эрдэмтэн бий. Герман руу гараад тэндээсээ Америкт очиж амьдарсан юм. Шинжаанд төрсөн хүн л дээ. Багаас нь харж байсан хүн нь хятад хөгшинбайж. Хятадаар хэлд орсон гэсэн үг. Тэр эрдэмтэн ерэн нас хүрч байж нас барсан. Сүүлдээ хятадаар ярьж байсан гэдэг. Тайлагдаагүй нууцын нэг гэж боддог юм" гэж ярив. Булганыотгонохин нь эдний гэр бүлийн гол "командлагч", дөрвөн настай Есүй. Биднийг сууж яриа өрнүүлэх зуур хөгжим дуугардаг номоо дэлгэж байгаад "Снегурочка" дууны аянд бүжиглэнэ гэж үзүүлж байнаа. Манай зурагчныг аппаратаа барихаар л пооз авч өмнүүр нь гүйнэ.
Гэрийн эзэгтэй Доржханд Геологийн яаманд хуулийн зөвлөх албыг олон жил хашжээ. Дөрвөн сайдын нүүр үзсэн гэнэ. Ховдын уугуул хүн юм байна.Л.Болд гуайн тухай ярихаараа "Багш чинь" гэж ирээд яриа дэлгэнэ. "Багш чинь хангайн хүн хэрнээ Ховдын байгалийг сайхан гэнэ. Цамбагарав уулыг их шүтдэг юм" гэхэд академич хажуугаас нь "Би Ховд руу олон явсан л даа. Өнгөрдөг зун хөгшинтэйгөө анх удаа хамт очлоо. Ай мөн ч гоё байна аа. Нөгөө Буянт гол дуун дээр гардаг шиг "Уудам шаргал хөндий..." тэр чигээрээ дурайгаад ирж байгаа юм" гэж хэлээд цайгаа оочиллоо.

Зочны өрөөний ханын шүүгээнд аяга шаазангийн иж бүрдэл, чамин хэлбэр дүрстэй хундага савыг өнгө өнгөөр нь өржээ. Эзэгтэйн хобби гэнэ. Заан гэхэд л янз бүрээрээ байна. Эзэгтэй "Дээхнэ үед нэг гишүүн зурагтаар жаран заантай гэж ярьж байна лээ. Миний цуглуулсан заан ная дөхөх байх шүү" гэж байна. Энэ гэрийн шүтээн нь Далай ламын хөрөг. Зочны өрөөнийхөө хоймор хэсэгт залжээ.

Зочны өрөөнд буйдан, цайны ширээнээс гадны хоёр ч номын шүүгээ зэрэгцүүлжээ. Мөн л хэл шинжлэл, турк судлалын номнууд дүүрэн. Академичийн ажлын өрөөг нь сонирхлоо. Ханаар нь дүүрэн ном өрсөн мөн л хэл шинжлэл, турк судлалынх аж. Мөнгө хайрлахгүй авдаг ганц эд нь ном гэнэ. Турк судлалын ном гэхэд л төрөл бүрээрээ. "Эртний турк, монгол хэлний хэл зүй, үгийн сангийн судлалыг сонирхож ажилладаг хүн дээ би. Монгол хэл шинжлэлийн түүхийг бас их сонирхоно. Миний номнууд голдуу тэр чигийнх" гэж ярив. Монголд ганцхан хувь ирсэн ном ч байгаа гэж академич сонирхуулав. Өвөөгийн амины ганц зээ охины зураг номын санд нь лав л хоёр харагдлаа.

Эзэгтэй нэг сонирхолтой хууч дэлгэв. "Багшид чинь гадны эрдэмтэд ирэхээрээ доллар өгдөг байлаа. Хуучин цагт доллар гэдэг амар олддог зүйл биш л дээ. Тэрүүгээрээ голдуу ном авна. Нэг удаа гадны эрдэмтний өгсөн хорин долларын 18-аар нь багш чинь ном авдаг юм.Үлдсэн хоёр доллараар нь би Улаанбаатар зочид буудлын доод давхраас нэг доллар наян центийн "Кристиан диор"-ын ус авчихлаа. Дараа нь дахиад хорин доллар бэлгэнд ирлээ. Ноолууран цамц анх гарч байсан үе. 18 ам.доллараар нь ноолуурын цамц, үлдсэн хоёр доллараар нь гурван ширхэг FA саван авсан юм. Гэтэл нэг өдөр НАХЯ-нд дуудагдав аа. "Яахаараадоллартай байдаг юм, хэн өгсөн бэ" хэмээн асууж байлаа" гэж хэлээд инээмсэглэв.

"Эрдэмтний эхнэр байх хэр хүнд алба вэ" гэж асуухад "Ерээд онд их хэцүү байлаа. Том зээ төрчихсөн, ээж нь оюутан. Хүүхдээ тэжээх сүү байдаггүй. Мах, хүнс ховор. Наймаа ид эхэлж байсан цаг.Багшид чинь ажлаа боль наймаанд яв гэлээ. Тэгсэн чинь Орос рууявж доктор хамгаалж ирээд номоо хаяж гахай үүрнээ л гэж байна. Түүнээс хойш энэ сэдвээр ярихаа больсон. Хүний нутагт цол хамгаалах өвгөнд хэцүү байсан байх. Надад бүр хэцүү байлаа. Ул боов, ууц, нэг авдар архи ачаад Улаан-Үүдэд очлоо. Эрдмийн зөвлөлийнх нь хамгийн залуу нь гэхэд л багш шиг чинь хүн. Буурал толгойтой мундаг хүмүүс.Илтгэл тавьж байгаа хүн рүү огт хардаггүй, сонсоод сууж байдаг юм билээ. Би чинь тэнд улаан дээл, ногоон бүстэй гүйгээд байдаг. Бараг хорин удаа таван давхарт гарсан байх. Нэг давхрын ресторанд идээгээ засчихаад шийд гарахыг хүлээж байгаа нь тэр. Нэг харсан манай хүн хөлсөө арчиж байна. Нэг орос хүүхэн гараад ирлээ. Бүх юм болсон гэж байна. Удсан ч үгүй тогтоол уншиж эхэлдэг юм. Юу ч сонсогддоггүй. Гэтэл алга ташаад явчихлаа. Өвгөнтэйгөө уулзах завдалгүй шатаар уруудаад гүйж явлаа. Амьдралд хэрэггүй номын хүний ар гэр ч хэцүү шүү дээ. Багш чинь сүүлийн таван жил талх аваагүй. Дээхэн нэг талх авсан юм. Амьдрал аймаар болж, 5000 төгрөгөөр хоёр талх авлаа гэж толгой сэгсрээд сүйд орж ирсэн. Хэдэн төгрөгийн цалинтайгаа мэдэхгүй хүн шүү дээ" гэж хууч дэлгэлээ. Талхны тухай ярьтал түрүүнээс хойш дуугүй сонсч дуусан академич"Тэрийг ярих хэрэг байна уу" гэж мушилзажбайна. Зээ охин Есүй энэ хооронд огт зүгээр суусангүй. Дуулж, бүжиглэж, цэцгээ усалж, зурагчны өмнө пооз авч, сүүлдээ бүр төгөлдөр хуурын ард тухлаад авав. Эмээ нь ноттой дуу хэвлэсэн хуучны ном төгөлдөр хуурынх нь өмнө тавихад хэзээний хөгжимчин шиг хуудсыг нь эргүүлж ирээд, толгойгоо үл ялиг гилжийлгэж байгаад хөгжмийн товчлууруудыг хэвлүүхэн гэгч нь тоншиж эхэллээ. Эмээ нь "Гавьяат шиг л байгаа биз" гэж ирээд өхөөрдөнө. "Хөгжимдөж" дуусангуутаа ёсолж, алга ташуулж тэрүүхэндээ тоглолт хийчихэв. Өдөрт хэд хэдэн удаа "төгөлдөр хуурч" болж гэрийнхнээ хөгжөөдөг гэнэ. Есүй эмээтэйгээ өдрийг өнгөрөөдөг аж.

Л.Болд академич эхнэртэйгээ 1966 онд МУИС-д элссэнийхээ дараахан сангийн аж ахуйн намрын ажлаар танилцаж гэр бүл болжээ. Жаргалантын сангийн аж ахуйд төмсний талбайд нэг нь хүрзээр төмс гишгэж, нөгөө нь түүж танилцаж байж. Тэр үеийн залуусын жишгээр ахынхаа хажуу өрөөндхоёр модон хайрцаг, хоёр чемодан, хоёр гудас, цагаан ортой амьдралаа эхэлсэн аж.

"Танай хүн цаатангууд руу их явдаг байсан гэсэн. Ихэнхдээ эзгүй байдаг байжээ дээ" гэхэд "Ихэнхдээ эзгүй байсан шүү. Хавар гэрээ барихад байхгүй. Намар гэрээ дулаалахад эзгүй. Цаатан руугаа яваад ирэхээрээбөөстэй хувцастай л босго давна. Гэхдээ багшийн чинь ажил их буянтай. Манай хүн арваад доктор төрүүлсэн. Энэ өрөөнөөс нэлээд нь жигүүр ургаж ниссэн. Бүр гадаад шавь хүртэл байсан. Роберт гэдэг румын залуу байлаа. Тэр үед цаг хэцүү учраас улс нь чадлаар бага, дайн тулаантай. Багш чинь Сангийн яамаар явж хэдэн төгрөг олж өгч, дээл хувцас бэлдэж өгч байлаа. Ер нь би өвгөнийхөө шавь нарыг цол зэргээ хамгаалаад гарахад нь их бэлгэдэлтэй үддэг. Шүдэнз зурна. Гал шиг бадарч яваарай гэсэн бэлгэдэл. Шинэ хүн төрж байна гэсэн бэлгэдлээр дээл хийж өгнө. Шавь нарыг нь их эрхлүүлнэ ээ" гэж ярив.

Л.Болд академичийн өвөг эцэг нь Амарбаясгалант хийдийн том лам байсан гэнэ. Алдар нь Гүнгэр. Одоо эдний удмын ургийн овог болжээ.Академичийн аав Лувсандорж чАмарбаясгалант хийдэд шавилж байжээ. Залуугаасаа багшийнхаа зөвлөгөөг дагаж хар болсон ч ойр зуурын уншлагатай байж. "Аавыг хар болох үед цаг хэцүү байсан л даа. Алтанбулагийн сэргийлэхэд лам нарыг бариулах ажил хийлгэх гэж дуудаж л дээ. Тэр бэрх ажлаас зугтаж цэрэгт олон жил болсон байдаг. Өвөг эцгээс минь үлдсэн хөөрөг,арваад мөнгөн аягийг хөгшинтэйгөө амралтанд явах хойгуур хулгай аваад явчихсан юм. Дамдинсүрэн гуай цай уухад заавал мөнгөн аягаар яах юм, ам түлчих гээд хэцүү гэдэг байсанюм. Нээрээ их гоё үг. Би Хушаат сумын бага сургуульд сурдаг байлаа. Тэр үед сурагчид лам нарын хөөргөөр чернилийн сав хийдэг байлаа шүү дээ. Хөөрөг тийм үнэ цэнэгүй байсан үе бий. Сүүлд бэхийн шилэн сав гарч ирсэн" хэмээн яриа дэлгэлээ. Өвөг эцгээс нь өвлөж үлдсэн зүйл гэж бор модон эрхи сонирхуулав. Оюутан зээ хүү нь өвгөөсөө үлдсэн эд зүйлийг хадгалдаг гол хүнгэнэ.

Том охин Халиунтай гал тогоонд хоол, цай бэлдэх үеэр нь хууч хөөрөхөд аавынхаа талаар "Миний аав хүүхдүүдээ эрхлүүлэх дуртай. Зээ нартаа бол бүр амь. Зээ нараа миний бурхан л гэнэ. Ямар ч ажлыг дуустал нь, нямбай хий гэж их захина. Өөрөө их нямбай хүн л дээ" гэж ярив.

Эзэгтэй ойрд цагаан сарын бэлтгэл гээд зав зай муутай байгаа аж. Академичийнд хэд хэдэн дээд сургууль, академийнхан золгуут хийхээр ирдэг гэнэ. Доржханд гуай "Хориод шавь нь гэхэд л дөч, тавь болж орж ирнэ. Уг удмаас гэхэд багшаас чинь ах улс хүртэл ургийн дээд хүн гэж ирж золгоно. Жил бүр золгуутаар ирэх хүмүүсийн нэрсийг 100, 200-гаар жагсааж байгаад бэлгээ бэлддэг. Энэ жил ураг саднаас гэхэд таван өлгийтэй хүүхэд нэмэгдсэн" хэмээн сонирхуулав. Ямар сайндаа л хамаатных нь нэг хүүхэд бэлэг өрсөн жижиг өрөөгөөр нь шагайгаад "Хөөх бараг нэг портер бэлэг байна шүү дээ" гэж дуу алдахав. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвынхтай айлсаж зусдаг болохоор их дотно гэнэ. Цагаан сараар гэр бүлээрээ ирж золгодог хүмүүсийн нэг юм байна. Эзэгтэй цай аягалах зуураа"Сайд байхдаа дохиогоо хангинуулж ирээд, хамгаалалтын машин зогсоож байгаад иржзолгодог байлаа. Таарсан хүмүүс их бэлгэшээнэ. Байж байгаа нь их сайхан, монголжуу хүн. Манайд байсан хүмүүс хүүхдээ золгуулахаар тэрэн шиг сайн хүн болоорой гэж ерөөнө. Ийм үг сонссон аав, ээж бэлгэшээнэ гэж жигтэйхэн. Манай Тэрбишдагва чинь далай лам дээр очоод ирэхдээ хүртэл танайхыг даалгасан шүү гээд арц утлага хүртэл авчирч өгдөг юм" гэж яриа дэлгэв. Академичийнхаас гархад 20.00 цаг өнгөрч байлаа.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ
Эх сурвалж: Click here