З.Лонжид Ph. Doctor |
Сүүлийн хоёр жилээс овог удмыг сэргээж цус ойртохоос сэргийлэх тухай олонтаа ярьж бичих боллоо. Үүнтэй холбогдуулан хоёр зүйлийг уншигчиддаа сонирхуулья.
НЭГ. Барагцаалбал 1926 оныг хүртэл ихэнх хүн овог удмаа сайн мэддэг байсан бололтой нь тэр үеийн хүмүүсийн биеийн байцаалтаас тодорхой. Гэтэл өнөөдөр овог удмаа мэддэг хүн тун цөөрчээ яагаад ийм болов?
Лавлан үзвэл, 1925 оны зун Намын Төв Хорооны зохион байгуулах зөвлөлийн хурлаар “улсын бүх хүнийг данс бүртгэлтэй болгоё. Тэгэхдээ эцгээр нь овоглож байвал ямар вэ?” гэсэн намын Х үүрийн гишүүн Доржийн саналыг хэлэлцээд уг асуудалыг нягтлан боловсруулах тусгай комиссоос оруулсан хувилбарыг авч ярилцаад “зүйтэй болсон байна, цаашид дагаж шийтгүүлье” гэж шийдвэрлэжээ. Харамсалтай нь, тэрхүү комиссоос оруулсан төслийг бид олж үзсэнгүй. Бодвол, Дорж мэйрэнгийн саналыг зөвшөөрөөгүй бололтой. Яагаад гэвэл, түүнээс яг хоёр жилийн дараа буюу 1927 оны зургаа, долдугаар сард Богдхан уулын аймгийн яамнаас мэдүүлсэн бичигт “хүн амийн бүртгэл дансанд насанд хүрээгүй хөвгүүдийн лам нарыг ялгаварлан бичих, бас бусдад үрчлэгдсэн ардыг... одоо буй өрхийн тэргүүлэгчдийн овгоор нэрийдэх.
Аливаа хүмүүсийн овгийг үе үеийн эцгийн нэрээр нэрлэж явах, жич бутач хүүхдэд өөр нэрийдвээс зохих овоггүй ахул эхийн нэрээр овог нэрийдэх болгон тогтоож нийтээр журамлан дагаж явуулбаас зохих боловуу?” хэмээснийг Намын төв хорооны тэргүүлэгчид, Засгийн газрын гишүүдийн тус тусын хурлаар хэлэцээд “Аливаа хүмүүсийн овгийг үе үеийн эцгийн нэрээр нэрийдэх явдлыг хэрэгсэхгүй болгож, одоогийн хэрэглэн буй овгуудыг хэвээр улируулан явуулах...учрыг гишүүн Амар нарт хойш явуулан шийтгүүлэхээр тогтов” гэжээ. Үүнээс үзэхүл, Монголчууд олон үеийн туршид овгоо хэрэглэсээр ирсэн уламжлалаа орхиж болохгүйг нам, төрийн удирдагчид зөвөөр ухаарч ийм шийдвэр гаргасан байжээ.
Гэтэл түүнээс хойш, барагцаалбал 1920 оноос эхлээд хүмүүс овгоо хэрэгсэхгүй, эцэг буюу эхийн нэрээр, эсвэл бутач гэж овоглох болжээ. Чухам хаанахын ямар шийдвэрээр овгоо үл хэрэгсэх болсныг хэдэн жил эрсэн боловч олж тогтоож чадсангүй.
ХОЁР. Тавдугаар далай лам агваанлувсанжамц (1617-1682)-ын номлосон “Залуусны хурим” хэмээх түүхэнд “ер хүмүүн өөрийн уг язгуураа эс мэдвээс ойд төөрсөн сармагчинд адил. Өөрийн овгоо эс мэдвээс оюугаар хийсэн луун адил” хэмээн сургасныг “Эртнээс Монголын хаадын үндэсний тх үар тууж оршвой” зохиолд эшлэн авсан байдаг бөгөөд түүнээс “ойд төөрсөн сармагчин” гэж ташааран уншсанаас болж овог түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэх яриа түгсэн бололтой.
Эргэцүүлэн бодохуйд, сармагчин бол гэрийн амьтан бус тийм болохоор ойд төөрдөг боловуу? Хувьд мэдэх юм алга. “ Сармагчин” хэмээх үгийг ч нэлээд хожим үеээс хэрэглэх болсон гэж боддог. Эртний ном сударт “бич” хэмээн нэрлэсэн нь л элбэг тааралддаг. Бас нэгэн зүйл бол худам Монголоор бичсэн “төөрсөн” “төхөөрсөн” хэмээх хоёр үгийг ялган уншихад бас ч хялбаргүй ажээ. Далай лам Агваанлувсанжамц уг язгуураа мэдэхгүй хүнийг саравчтай, овгоо эс мэдэгчийг оюу эрдэнээр сийлсэн луутай зүйрлэснийг нэгэн үед (магадгүй сүүлийн 40-өөд жилд) ташаа гаргаж саравч гэхийг сармагчин хэмээн уншсан бололтой.
Түүхч З.Лонжид “Ардын эрх” 1991-06-15 № 94 (166).
No comments:
Post a Comment