Эртний хүмүүс ахуйн хэрэгцээт зүйлсээ байгалиас бэлэнчлэн авч хэрэглэх аж-үйлдвэрлэлийн аж ахуйд шилжин орсон явдал нь хүн төрөлхтөний хувьд түүхэн ололт байлаа. Улмаар оюун болон эдийн гэсэн үндсэн түулгуур хам хүрээг дотор нь зангидан дурдах хэрэгтэй болдог билээ. Мөн чанар нь юуны түрүүнд хүн ба түүний хүрээлэн буй байгаль орчны хоорондын нарийн харилцаанд оршино. Хүн байгаль хоёр харилцан нөлөөлөх замаар хоорондоо ойртсоор байх бөгөөд соёл иргэншлийн хөгжил бол хүний зүгээс байгалийн нууцыг улам бүр танин мэдэж эрхшээлээс нь гарах тэмцлээ нэмэгдүүлсээр байгаа хэрэг гэлтэй. Үр дүнд нь энгийн материаллаг ахуйн зүйлсийг хувь бодгаль үүднээс анзаарч түүнд анхдагч шүтэн бишрэх үйл явц чухам байгалийн нууцыг танин мэдрэх тэмцэл, ухаарах шалгуурын үр дүнгээс үүссэн байдаг. Жишээлвэл: Алив дүр бүхэн түүхэн уялдаатай бөгөөд геологи, биологи зэрэг сав, шим ертөнцийн төлөв гэх хэлвэрийн онцлогтой нь тухайн ухаант бодгалийн хувьд хийсвэр сэтгэхүйн анхдагч дүр, зөн билэгт бууж улмаар түүн лүгээ зүйлд сүрдэн итгэх, сүсэг бишрэлийн мөн чанарыг үүтгэн эзэлдэг аж. Дүрс бэлгэдэлийн гайхамшигт үлгэр жишээ нь дэлхийн хэмжээнд өргөн цар хүрээтэй бол монгол газар, эдлэл хэрэглэл, байгаль дээрхи хадны зураг, дүрс-тамга дүрслэлийн үндсэн болон хувилбар дүрслэл түгээмэл маягаар хаа сайгүй төстэй оршдог. Миний судалгааны зорилт бол эдгээр дүрслэл бэлгэдэл зан үйлийн учир холбогдол хийгээд дүрсийн уг тэмдэглэгдэхүүн нь юун болох, түүний илэрхийлэл юугаар илэрч гарах болсон бэлгэдэлийн утга учир зүйг тогтооход чиглэсэн агаад зөвхөн дотоод азийн эртний “эвэр” эрхэмлэн шүтэх үзэгдлийг дэлхийн болон Евразийн хэмжээнд анзаарагдах зарим эх хэрэглэгдэхүүнтэй адилтган харьцуулж улмаар өөр хоорондоо ялгаатай бус хэдийч чиглэл талаас нь ихэд төстэй буйг анзаарч ангилсан болно.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгор, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг. Эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн уран зургийн галерей юм. Хамарсан талбай хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно. 1994 онд Монгол, Америк, Оросын эрдэмтэд хамтран судалж судалгааны үр дүнгээ нэгтгэн 1999 онд Парис хотод хэвлүүлснээр дэлхийн археологийн салбарт танигджээ. Зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна морь унасан хүмүүс, ан гөрөө хийж буй анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэг жолоодсон хүн зэрэг дүрслэл байдаг. Тухайн үеийн ангийн амьтан, гаршуулж буй амьтад, өдөр тутмын ажил үйлээ ийнхүү 8000 жилийн туршид үе улируулан үргэлжлүүлэн зурж үлдээсэн нь үнэхээрийн гайхамшигтай юм. Ийм урт он цагийг туулж нар салхинд бүдгэрсэн ч үндсэн шинж чанараа алдалгүйгээр өнөөг хүрсэн нь ямар их үнэ цэнэтэй дурсгал болохыг гэрчилнэ. Энэхүү гайхамшигтай байгалийн галерей нь өнөө цаг үед дэлхийн олон орны жуулчид, дотоодын аялагч нар, олон улсын эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, үзэхээр зорих хүмүүсийн тоог жил ирэх тусам нэмэгдүүлж байна. 1994 онд хийгдсэн тэрхүү судалгааны үр дүнд дэлхийд танигдсанаар ЮНЕСКО дэлхийн өв соёлын сандаа бүртгэн авчээ. Тус дурсгалыг үзэхээр явахдаа Өлгий хот - Согоогийн гол - Хөх хөтөл - Хар ямаат – Бага Ойгор – Усай – Цагаан салаа – Өлгий хот гэсэн маршрутаар явах нь илүү тохиромжтой хэмээн Баян-Өлгийчүүд зөвлөдөг. Энэ чиглэл нь талдаа 175 километр зарцуулах бөгөөд Монголын улсын хилийн хориотой бүсэд нэвтрэх учраас хариуцсан байгууллагаас нь тусгай зөвшөөрөл авахыг ч сануулж байна.by http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?CateID=1&ItemID=65
No comments:
Post a Comment