Monday, March 31, 2014

НЭН ЭРТ ҮЕИЙН ДОРНОД МОНГОЛЫН ЕРТӨНЦ


Хүн төрөлхтөний үүсэл гарвал, оршин тогтнож бий болсон уугуул нутаг чухам хаана байдаг бол? ...гэж зарим хүмүүс өөр хоорондоо асуудаг байх. Энэ асуултанд дийлэнхи хүмүүсийн хариулт Африк тивээс хүн анх үүссэн гэдэг. Харин Ази тив дээрхи хүмүүс хаанаас үүсэв гэвэл... Ази тив рүү эрт тэртээх үеийн эртний хүн, хэрэн бидрэх (нүүдлийн) үедээ тус тив рүү түүхийн шат болгонд их газар луу алхам алхамаар ахиулан давшиж байсан гэж үзвэл зохино. Улмаар Монгол газрын нэн эртний дээд өвөг хэн байв? гэх асуух асуултанд Хуучин Чулуун зэвсгийн 700,000-12,000 жилийн үеийг хамруулж улмаар чулуун зэвсгийг үйлдэгчид мөн гэж үздэг. Харамсалтай нь тухайн үеийн  эртний хүний антропологийн олдвор хараахан олдоогүй байна.

Монголын чулуун зэвсгийн үеийг:
1. Хуучин чулуун зэвсгийн үе (700,000-12,000 жилийн өмнө)
2. Дунд чулуун зэвсгийн үе (12,000-8,000 жилийн өмнө)
3. Шинэ чулуун зэвсгийн үе (8,000-4,000 жилийн өмнө) хэмээн ангилдаг.
Харин дээрхи сэдвийн хүрээнд Монгол газарт олдсон эртний хүний олдворууд хамгийн эртдээ гэхэд ойролцоогоор 5000 жилийн үед холбогдох олдворууд юм. Чингэхлээр тус үеийг ШУ-ны ерөнхий нэр томьёогоор нь нэрлэвэл “Шинэ чулуун зэвсгийн эрин үе” буюу “Неолитийн үе” хэмээдэг (Нео-Шинэ, Лит-чулуу).

Монгол орны нутагт хадгалагдан үлдсэн нэн эртний түүхийн дурсгалыг шинжлэх ухааны үүднээс судлах сонирхол XIX-XX зууны зааг үеэс эхэлсэн хэмээн үзэж болох бөгөөд учир нь энэ үед Баруун Европын эртний чулуун зэвсгийн үеийн түүхэн хөгжлийн үндсэн зүй тогтлыг тогтоосноос гадна, Төв Азийн хөрш бүс нутаг Сибирээс хуучин чулуун зэвсгийн олон арван бууц суурингуудыг илрүүлсэн явдалтай шууд холбоотой ажээ. Газар нутгийн хувьд хил залгаа Оросын судлаачид Монголын чулуун зэвсгийн үеийн дурсгалыг анхлан судалж эхэлсэн бөгөөд тухайлбал 1894 онд И.И. Стрембицкий Монголын зүүн хойд бүс нутгаас томоохон дурсгалт газрыг илрүүлэн олон тооны хуучин чулуун зэвсгийн цуглуулга хийсэн нь одоо Чита мужийн Орон нутгийг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Дээрх олдворууд нь судлаачдын сонирхолыг ихээхэн татсан учраас Монголын чулуун зэвсгийн үеийн бууц суурингуудыг илрүүлэн олж, судлах ажлыг одоогийн ОХУ-ын Хиагт (Троицкосавск) хотноо байрлаж байсан Оросын Эзэн хааны Газар зүйн нийгэмлэгийн Амар мөрний орчмын салбарынхан хийж эхэлсэн байна.
XX зууны дунд үе гэхэд Монгол орны ихэнх аймгийн нутгаас неолитын үеийн дурсгал бүхий суурин газруудыг илрүүлсэн ба ялангуяа говийн бүс нутгаас арвин баялаг эх хэрэглэгдэхүүн бүхий олон арван суурин газруудыг судалгааны хүрээнд оруулсаны томоохон нь Р.Ч. Эндрюсийн удирдсан Төв Азийг судлах экспедицийн нээсэн Баянзагийн суурин байжээ. Археологич Н. Сэр-Оджав уг дурсгалт газрын тухай нийтлүүлсэн бөгөөд энэ бүс нутгийн неолитын үеийн эдлэлийг тэрээр Өвөр Монголын хойд хэсгийн олдворуудтай  харьцуулан, тэдгээр нь хоорондоо  хэлхээ холбоотой нэгэн соёл байж болох юм гэсэн дүгнэлт хийжээ. Эл бүгдийг дурдвал Монгол орны Шинэ чулуун зэвсгийн баялаг дурсгалууд арав байтугай үлэмж хэмжээны мэдээлэл болох бизээ.
Монгол нутгаас олдсон чулуун зэвсгийн олдвор бүхий суурин газруудын хамгийн зүүн захынх нь 1949 онд нээсэн Халх голын дагуух дурсгалт газрууд байсан бөгөөд энэ тухайд археологич Ц. Доржсүрэн “Халхын голоос олдсон  олдворууд нь анхлан харахад мезолитын ч юмуу бүр дээд палеолитын үеийнх мэт санагдана” хэмээсэн байдаг. Гэвч олдворуудын гол цөм нь неолитын үеийнх байсан бөгөөд тэдгээртэй цуг шавар ваар савны хэлтэрхийнүүд үлэмж хэмжээгээр олдсоноос үзвэл уг суурин газар неолитын үед холбогдох нь тодорхой  байжээ. Шинэ чулуун зэвсгийн үеийн түүхэн дурсгалууд тэдгээрийн дурсгалуудын хэд хэдэн баримтаас дурдвал:

Халх Гол сумын нутагт олдсон Тамсагбулаг, Хэрлэнгийн эрэг дээрхи болон Булган сумын нутаг дахь Норовлингийн соёлуудаар жишээ татаж болох юм. Эдгээр түүхэн дурсгалууд нь Монгол улсын түүхэнд төдийгүй Төв Азийн чулуун зэвсгийн судлалд чухал ач холбогдолтой зүйл болж байна.

Дорнод Монголын эртний ертөнц буюу 7000-5000 жилийн өмнөх үеэс тусдаа бие даасан орон нутгийн хэв шинжтэй эгэл хийцийн зээтүүгээр ажиллан, газар тариалан эрхэлж байсан талаархи баримт болохуйц чулуун багажууд олдсон байдаг. Түүнчлэн зэрлэг адгуус гаршуулж тэдгээрийн үр шимийг хүртэж байсан болох гэрийн тэжээмэл амьтны үлэмж хэмжээны яс, түүвэр олдворууд бууц суурингуудаас олдож байгаа нь сонирхолтой баримт болдог ажээ. Жишээ нь Тамсагбулагийн сууринд ёслолын байдалтай далд оршуулж хадгалсан үхрийн яс бүрнээрээ сууцны гадна нэг дор бөөн байв.

Дорнод Монголд үүссэн эртний хүний ул мөр нь магадгүй тухайн үеийн цаг агаарын таатай нөхцөлтэй салшгүй холбоотой ажээ. Ойролцоогоор 7000-5000 жилийн үед цаг агаарын дундаж хэм үлэмж дулаан байсан бөгөөд элбэг баян хээр тал нутагт малыг гаршуулах таатай нөхцөл хэдийнэ бүрдсэн аж.   
03.31.14

No comments:

Post a Comment