Sunday, June 2, 2013

С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй

2012 оны 1 сарын 16

    МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхмийн багш, угсаатан зүйч С.Бямбадоржийн ярилцлагыг хүргэе.

-Ястан гэдэг сэдвээр тантай ярилцах хүсэлтэй ирлээ. Учир нь нүүдэлчин монголчууд хэт бөөгнөрсөн амьдралд орж байгаа энэ үед ястны бүтэц бүрэлдэхүүн алдагдаж, устаж байна гэсэн болгоомжлол байна л даа.
-Ястан уу, энэ их зовлонтой сэдэв л дээ. Ястан гэдэг үг Оросын шинжлэх ухааны дэгийг дагаж явсан үед гарч ирсэн. Народнист буюу ард түмэн гэсэн үгийг орчуулж тодорхойлсон юм. Гэхдээ бид ястан гэдэг нэр томъёоноос татгалзаж байгаа. Ястан гэдэг монгол хүний ойлгоцоор нэг цусны хүмүүсийг хэлдэг. Эцгийнхээ ясыг дагана гэдэг нэг цусаар холбогдсон нэг удмын хүмүүс. Гэтэл народнист гэдэг ойлголт нэг цусны биш. Манай ястан ч нэг цусны биш. Жишээ нь ястан гэж нэрлээд сурсан дөрвөд, захчин, мянгад, ойрд гээд л угсаатнууд нэг удам гарлын хүмүүс биш шүү дээ. Хоёрдугаарт, ерөөсөө монголчууд нэгэн үндэстний улс юм. Өнөөдөр бидний ястан гээд нэрлээд байгаа угсаатны бүлгүүдийн угийг задлаад үзэхээр монгол болж таардаг. Жинхэнэ ясан дээр тогтсон ураг аймгийн холбоог хэн алга хийсэн бэ гэхээр Чингис хаан. Ингэж алга болсны үндсэн дээр монгол угсаатан бүрэлдэж бий болсон. Хэрэв ястан алга болоогүй байсан бол монгол угсаатан угсаатны хувьд бүрэлдэж бий болоход хэцүү. Чингис хаан бүх нутгаа засаг захиргааны зохион байгуулалтаар төдөн хүн тэдний мянгатад гээд мянгатын системд, ерөнхий бүх улсаа түмтийн системд оруулсан. Тэр мянгат дотор нэг удам гарлын хүмүүс, огт хамаагүй өөр цусныхан ч орж болно. Энэ бол зүгээр л манай хороо хорины систем гэсэн үг. Нэг хороо хоринд нэг цусны хүмүүс байна гэж болохгүй биз дээ.
   ХIII-ХIV зууны үед удам төрлөөрөө ижилсдэг байснаа гээгээд мянгатын системээр ижилссэн. Ингэж угсаатан бий болж байгаа юм. Түүхэн үйл явцын дунд задрал болдог. Юань улс мөхсөний дараа хаад ноёд өөр өөрсдийн албатаа аваад биеэсээ хамааралгүй амьдарч эхэлсэн. Феодалын хямрал гэдэг энэ шүү дээ. Хаа газар зөвхөн өөрийнхөө албаттай хар гэртээ хаан бор гэртээ богд гэдэг шиг амьдрах хүсэл эрмэлзэл үүссэн. Энэ үед Монгол гэдэг туган дор ижилсэж байсан хүмүүс дахиад задарч хоорондоо ижилсэж эхэлсэн. Энэ бол цусны ижилсэл биш, соёлын ижилсэл, хэл яриа, шашин шүтлэг, бага зэргийн цус, ясны юм орох нь орно. Үүнийг бид ястан гэж үзээд байгаа юм. Ястнуудыг ажиглаад байхаар өөрсдийгөө би өөр гэж бодоод байдгаас биш бүгдээрээ адилхан. Соёл, ахуй төрхөөрөө л ялгаатай. Ястан устаж байна гэдэг тэгэхээр их хийсвэр асуудал. Ястан алга болоогүй, тухайн ястан гэж яригдаад байгаа хэсэг хүмүүс соёлынхоо өвөрмөц шинжийг алдаж байгаа л хэрэг.
-Хотон гэхэд л ерөнхий төрхөө монхор хамартай байдаг. Тэгэхээр тэд нэг яс, цусны хүмүүс мөн үү?
-Хотонгууд түрэг гаралтай цөөхөн хүмүүс. Өөрсдийнх нь домоглодог яриагаар бол хотонгууд долоохон айлаас гаралтай гэдэг юм. Долоохон айл хоорондоо холилдоо биз. Гэхдээ л долоон айл гэдэг чинь долоон айл шүү дээ, нэг төрлийнхөн биш. Биеийн төрхийн хувьд түрэг монголчууд тэртээ тэргүй ялгаатай. Ер нь түрэг монголчууд битгий хэл нутаг нутгийн монголчууд хоорондоо ялгагддаг. Уул ус, ахуй амьдрал, агаар салхи гээд бүх юмны нөлөөгөөр тодорхой хэмжээний ижилсэл байна. Манай угсаатны зүйч багш Бадамхатан агсан хүнийг харж байгаад чиний дээд удам гарал тэр аймгийн тэр сумаас гаралтай гээд бүрэн хэлдэг байсан. Хотонгуудыг ястан гэж хэлэх бас хэцүү. Түрэг гаралтай боловч монголжсон л хүмүүс. Хэн нэгэн хэсгийгээ энэ бол харь гаралтай гэж хөөгөөд байж болохгүй.
-Би энэ хүнд ёстой яснаасаа дургүй гээд ярьдаг. Тэгэхээр яс гэдэг юм их чухал зүйл илэрхийлээд байх шиг байгаа юм?
-Удам судраасаа дургүй гэсэн үг дээ. Яснаасаа гэж хэлж байгаа бол хамгийн дээд шалгуур, үнэлгээ болж байгаа хэрэг.
-Судлаачид ястан гэдэг үгийг халъя гэдэг дээр санал нэгдэж байгаа юу?
-Тийм. 1930-аад оны эхээр ястан гэдэг нэр томъёолол тогтсон гэхээр саяхан гарч ирсэн ойлголт. Хүмүүс их эртний үг хэллэг шиг ойлгодог. Энэ зүгээр аймгуудыг л нэрлэсэн хэрэг шүү дээ. Энэ аймгууд өөрсдөө ч тийм цэвэр гарлын хүмүүс биш. Нүүдлийн, феодалын нийгмийн үед биенээсээ огт хамааралгүй амьдрах боломжгүй байсан учраас нутаг нутагтаа маш олон янзын хольцолдоонд орно. Түүхэнд ойрдууд яагаад хүчирхэг болсон бэ гэдгийг тайлбарласан байдаг юм. Тогоонтөмөр хааны байгуулсан Ар Юань улс хоорондоо тэмцэлдээд энэ хямралдаанаас маш олон хүн зугтаж, Ойрдод очиж суусан. Мэдээж авгай хүүхэд, ар гэр, хамжлага дамжлага, мал ахуйгаа бүгдийг авч явна. Ингэж очоод тэр нутгийн нэг ноёнд албатаар орсон байж таарна. Энэ холилдооны учрыг өнөөдөр гаргах ямар ч арга байхгүй. Уламжлалыг дагасан яс гэдэг юм яваад байх шиг байдаг. Тэрнээс ястан гэдэг ойлголт хэдхэн жилийн түүхтэй болж таарлаа шүү дээ.
-Түрэг гэснээс Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев монгол судлаачид захиалга өгч Модун Шаньюй, хүннүчүүд түрэг угсааных гэдгийг батлуулсан байх юм. Энэ  талаар та дуулсан уу?
-Сонсоогүй юм байна. Ингэж батлах боломжгүй. Жишээ нь түрэг угсааны гэдгийг батлахын тулд Модун Шаньюйгийн шарилыг олох ёстой. Шарилд нь генийн шинжилгээ хийх ёстой. Ингэлээ гэхэд монгол, түрэгийн генийн ялгаа чухам ямар байдаг юм бол. Наанадаж царайг нь тогтоох ёстой. Ерөөсөө эрдэм шинжилгээний ажил хэн нэгний захиалгаар хийдэг зүйл биш. Хэрэв тэр хүнийг хятад, эсвэл түрэг болохыг батлаад өгөөч гэдэг асуудал байдаг нь их бүдүүлэг хэрэг.
-Хүннүчүүдийн угсаа гарлын талаар монгол судлаачид юу гэж дүгнэдэг вэ? 
-Энэ их хэцүү асуудал. Хүннүгийн угсаа гарал одоо хүртэл маргаантай байгаа. Гэхдээ Монгол гэдгийг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч байх шив дээ. Өнгөрсөн зун нэг том наадам хийсэн дээ, хүмүүс янз бүрээр нэрлэж хэлээд байсан. Мүүнийн шашинтны дэмжлэгээр хийсэн энэ тэр гээд л. Үүний хамгийн том ололт нь энэ наадмыг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрнө гэдэг монголчуудын өвөг дээдэс Хүннү байсан юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
-Угсаатны зүйн номуудад Монголд төдөн ястан бий гэсэн өгүүлбэр байдаг. Лав УБЕГ-т нэр зааж 20 ястан үндэстнийг тэмдэглэсэн байдаг юм билээ?
-Сүүлийн үед тодорхой хэлэхээ болиод байна. Яагаад гэхээр шинжлэх ухааны өөрийнх нь гажуудлаар гэх үү, үзэл суртлын нөлөөгөөр сонгомол угсаатны бүлгийн хэв шинжийг олж амжаагүй хэсэг хүмүүст ч гэсэн ястан гэсэн нэр өгсөн байдаг. Тэгэхээр яг тодорхойлоод хэлчихэж болохгүй байгаа юм. Жишээ нь манай том зохиолчдын нэг Маам агсан байна. Эхлээд өөрийгөө дарьганга гэдэг байснаа сүүлдээ өөлд гэдэг болсон. Хүмүүсийн үзэл чөлөөтэй болж, дотроо нуудгаа ил гаргадаг болсон 1990 оноос хойш олон хүн өөрийгөө илчилсэн. Дарьганга гэдэг өөрөө угсаатны бүлэг болж чадаж байна уу гэдэг дээр бас л маргаантай шүү дээ. Дарьганга гэхэд ямар хэмжүүр, шалгуур байх ёстой юм. Эсвэл захчин гээд аваад үзье. Захчингууд гэдэг баруун монголын үндсэн бүрэлдэхүүн болсон гурван овгоос нийлж, зах хязгаарыг  манаж байсан хүмүүс. Энэ соёлын хувьд хэр их ялгаатай байна гэдгээсээ л угсаатны бүлэг бий болно. Зах хязгаарыг манадаг цэрэг гэдэг үгнээс захчин гэж тусгаарлаад байгаа боловч тэд өөр гаралтай хүмүүс байх боломжтой. 
-Ястныг тэгэхээр угсаатны бүлэг гэж авч үээх ёстой болж таарав уу? 
-Бид угсаатны бүлэг гэж байгаа юм. Ард түмэн өөрийнхөөрөө хэлж сурснаараа ястан гэж яваад байгаа болохоос шинжлэх ухаанаас шахагдаж байна гэж хэлж болно.
-Гэхдээ л ястныг угсаатны бүлэг гэж хэлж хэвшитлээ удах байх аа. Хуульд хүртэл ястан гэсэн хэллэг бий шүү дээ. 
-Яваандаа тогтох байлгүй. Монголчууд хорондоо тийм их ялгаагүй гэдгээ ойлгох ёстой. Зөв ч юм уу, буруу ч юм уу энэ миний бодол л доо.
-Ойлгох битгий хэл төрийнхөн хүртэл үндэс угсааны ялгаварлан гадуурхалт гаргаад байх юм. 
-Энэ л миний санааг зовоож байгаа маш том асуудал. Чи захчин, би буриад, энэ халх гээд байвал монголчууд улам холдоод, задраад, биедээ муу санаад явна. Манай багш Н.Төмөрхуяг иргэний үнэмлэх дээр халх, буриад, дөрвөд гэж ялгахгүйгээр зөвхөн монгол гэж тавих ёстой гэдэг байсан юм. XIII зууны үеийн зохион байгуулалт өнөө үед таарахаа байсан байгаа нь үүний илрэл байхгүй юу. Өөрсдийгөө ястан гэж ярьж байгаа нь Монголын дотоод нягтралыг сарниулахад нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэрээрээ дотроо ижилсдэг, гадагшаа өөрчлөгддөг. Бусдаасаа саланги болно. Монголын өнөө цагийн нөхцөл байдалд хор хөнөөлтэй.
-Ураг садны хол нь, уул усны ойр нь дээр гэдэг. Бид үүнийг холоос эхнэр ав, нөхрөө сонго гэж ойлгодог. Уул усны холыг мэдэхийн тулд угсаа гарлаар нь ялгах хэрэг болохгүй гэж үү?
-Энэ бол цөөхөн хүмүүст байдаг ёс. Олон хүмүүст тийм холоос эхнэр авах шаардлагагүй шүү дээ. Бид үндэс угсаагаа хамгаалахын тулд гэрлэлтээр зохицуулагддаг. Монголын билэг, зүйр цэцэн үгийг маш олон янзаар тайлбарлаж болдог. Нэгдүгээрт чиний хэлдгээр тайлбарлаж болно. Хоёрдугаарт монголчууд ураг төрлөөрөө арабууд шиг нэг дороо арав хорин айл нийлж суудаггүй. Тус тусынхаа амьдралыг аваад яв гэсэн утга ч гарч болно. Хоорондоо сууж болох болохгүйн тухай асуудал байна. Жишээ нь чи ямар овогтой билээ.
-Боржигон.
-Тэгэхээр боржигон хүнтэй сууж болохгүй гэсэн үг үү. Энэ буруу байгаа биз. Би овог тогтоож байгааг дэмждэг. Гэхдээ хийж байгаа арга нь буруу болсон. Чи яаж боржигон болсон бэ гэхээр танай нутагт тийм хүмүүс байдаг юм уу гэж асуугаад л тогтоосон. Тусгай лавлагаа гарч байсан шүү дээ. Тэр нутагт тийм хүмүүс байдаг, энэ овгуудаас сонгож авч болно ч гэх шиг. Юу гэсэн үг юм бэ. Энэ цус ойртолтоос ч юм уу, удмын өвчнөөс хамгаалахад ямар ч ач холбогдолгүй. Тал нь боржигон болсон хүмүүс хоорондоо суухгүй байна гэж байхгүй. Хэрэв үүнийг ач холбогдлоор нь ашиглая гэсэн бол бүр нарийн овгийг гаргаж ирэх ёстой. Боржигоны хиад овог гэдэг ч юм уу хойноос нь залгаж явах ёстой. Тэгж байж чи хамгаалагдана. Айхтар урт бодолтой хүмүүс овгоо давтагдахгүйгээр зохиосон байгаа.
-Монголчуудын тал нь хотдоо суурьшчихлаа. Гадаад дотоод явах эрх нь, ямар хүнтэй яаж суух нь ч чөлөөтэй боллоо. Энэ холилдооноос болж угсаатны бүтцэд өөрчлөлт орох вий дээ гэсэн зовнил байгаа юм?
-Угаасаа цөөхөн хүмүүст ийм зовнил байдаг. Хоёрдугаарт, бидний өөрсдийн өвөг дээдэс юм уу, нүүдэлчдийн генид суулгаад өгсөн уламжлал байгаад байна. Жишээ нь энэ асуудлыг тайлбарлахын тулд түүх авч үзэх хэрэгтэй. Чингис хаан гаднаас хатан авдаггүй байсан уу, авдаг л байсан. Тэрнээс болоод бид сөнөж сүйрсэн үү, үгүй. Харин монголчуудын баримталж явдаг зарчим нь эмэгтэй хүн гадаад хүнтэй суувал удмаасаа гараад цаашаа харьяалагдах болдог. Эрэгтэй хүн гаднаас эхнэр авбал өөрийн удамд шингээж наашаа харьяалуулдаг. Манайхан эмэгтэйчүүд нь эхнэр болоод гадагшаа гарч байгаа тохиолдол их байгаа болохоор зовниод байна л даа. Тэрнээс ард түмэн холилддог, цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй. Энэ явдал тодорхой хэмжээнд хүрэхээр үндэсний оршин тогтнохуйд аюул занал хийх тохиолдол бий. Манай өнөөгийн нөхцөл байдалд ийм хэмжээнд хүрээгүй.
-Монголчууд хүнээ өсгөе гэвэл гадаад монголчуудаа тат гэсэн санал байдаг юм. Угсаатан зүйчийн хувьд үүнийг зөв гэж үздэг үү?
-Яагаад болохгүй гэж. Аливаа угсаатанд өөрийгөө тодорхойлох том шинж бий. Энэ бол цус яснаас илүү нарийн шинж. Чамайг монгол гэдгийг батлахын тулд нэг бол генийн шинжилгээ хийнэ, эсвэл удмыг чинь хөөгөөд асар их хүч хөдөлмөр гаргана гэсэн үг. Чиний дээд удамд XII зууны үед нэг сартуул ч юм уу, туркмен нөхөр гараад ирвэл яах вэ. Тэгэхээр чи туркмэн гэж өөрийгөө нэрлэх үү. Байж болшгүй асуудал байгаа биз дээ. Ерөөсөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх шинж чухал байдаг юм.
-Итгэл үнэмшлээрээ би монгол хүн шүү гэж үү?
-Тийм. Аав нь орос, ээж нь хятад байж болно. Манай Сэлэнгээр ийм хүн олон шүү дээ. Гэсэн ч тухайн хүн би монгол гэж зүтгэж л байх юм бол бид монгол гэж хэлэхээс өөр аргагүй.
-Мах цусаараа биш шүү дээ, тэр хүн...
-Би монгол хүн гээд Монголын төлөө сэтгэлгүй бол яах вэ. Тийм хүмүүс байдаг, заримд нь би дургүй хүрдэг. Гадаадад явахаараа өөрийгөө япон гэж хэлдэг гэж байгаа юм. Үүнийг монгол гэх хэцүүеэ. Угсаатан гэдэг дээр ч бид цусны асуудлыг айхтар эрчимтэйгээр тавьж болохгүй болж байгаа юм. Хэрвээ тавьдаг байсан бол манай нийгэмд цус судлаачид асар олноор төрнө. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөж байгаа хамгийн, гол шинж өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал.
-Огт танихгүй хоёр хүний угсааг хөөсөөр байгаад аль нэг үе дээр хамаатан болгочихож болно гэдэг дээ. Энэ хэр их хөдөлмөр шаарддаг ажил вэ?
-Хоёр цаг ярихад л хамаатан болдог гэж байгаа юм даа. Чи баруун, би зүүн аймгийнх байсан ч хамаагүй. Хамаатан биш юм аа гэхэд ижий ахай болсон таньдаг хүн гарч ирнэ. Аргагүй шүү дээ, монголчууд цөөхөн юм чинь. Уугуул нутагтаа үе удмаараа дамжин суусан, түүхийн он удаан жилд өчнөөн сүлжээс гарч ирсэн байдаг. Хоёр цаг яриулж байгаа хамаатан гэдэг асар холдсон хамаатан байж таарна. Ойр бол эхний 10 минутад л тодорчихно. Би хэдэн оюутандаа л ярьдаг юм даа. Манайхан ааваараа удамладаг. Энэ нь ч зөв. Гэхдээ бодит байдал дээр монголчуудын дунд ээжээрээ удамлах явдал асар их байна. Ааваараа овоглодог, ээжээрээ удамладаг. Ерөнхий тойм яривал ээж хүн хүүхдүүддээ ойр байдгаас болж буй хэрэг. Жишээ нь зүйр үгэнд авга гэж магтсан үг бараг байхгүй. Нагац бол бурхан. Гол хүмүүжүүлэгч болсон ээж хүүхдээ өөрийнхөн рүү хүмүүжүүлдэг болохоор тэр. Түүхээс үзэхэд аавын талынхан хөрөнгө эзэмших эрхтэй учраас өрсөлдөгчид болдог доо. Ийм учраас ээжээс удамлах нь олон байх шиг байна.

Л.Мөнхзаяа “Үндэсний шуудан” сонин №007 (1341)

No comments:

Post a Comment