Эвэртэй чонын дүрстэй бүсний тоногийн талаар.
Зураг 1. Баруун хойд Хятад, Хүннүгийн үе буюу МЭӨ II зуун, Шармалдсан хүрэл, босоогоор 5 см, өргөн 7,5 см /Азийн Урлагийн Үндэсний Гиймээ музей, Парис/ Бүртгэлийн дугаар МА 3409.
“(Хятад: 秦朝; пиньинь: Qín Cháo; Вэйд-Гайлс: Ch'in Ch'ao) Цинь улс мөхсөнөөс хойш Хүннү нар өмнө нь дутааж гарсан Ордосын нутгийг эргүүлэн авч, эзэгнэж байсан Юэжи нарыг хөөн гаргаж аймгийн холбооны анхны тэргүүн Модун Шаньюйн удирдлага дор Хятадын хил хязгаараас хойших тал нутгийг эзэлж эхэлжээ. МЭӨ II-I зууны үед өдгөөгийн БНХАУ-ын нутагт буй Налин Гаотү, Алүчайдэн, Сигоупань зэрэг газраас олдсон зүйлийн өгүүлэмж, үлгэр домгийн амьтад болон ан гөрөөний сүрлэг дүр зураг нь хийгдэхээ больжээ. Харин оронд нь хүний үйл ажиллагааг үзүүлэх болж, амьтны дүр дүрс нь сүлдний шинж чанартай болсон. Энэ нь заримдаа эвэртэй чоно байх болсон нь анзаарагдах болсон. Эл чоно Хүннү нарт тоогдох цорын ганц амьтан байсан бололтой. Өгүүлэн буй бүсний тоногоос үзвэл, дээш татагдсан завж, урт хоншоор, шовх соёо, дэл сэрвээгээ дагаж уруудсан шувууны толгой болж хувирах эвэр, хурц хумс зэрэг нь үлгэр домгийн чоно болохыг илтгэх мэт санагдана” гэжээ. Чингэхлээр Монголчуудын дунд өвөг дээдсээ Бөртэ-Чино, Гуа-Маралтай холбон үзэх ойлголт байдаг нь Чоно, Буга зэрэг зэрлэг амьтдыг шүтэж дээдлэн эрхэм зэрэгт эн тэнцүүлсэн хэрэг болно. Тэр дундаа Чоно дээдлэх үзэл уламжлал нь нүүдэлчдийн сэтгэлгээнд энгийн бус байдлаар дүрслэгдэх агаад этгээд гаж шинжийг илэрхийлэх гол хэмжүүрийн хүрээнд “эвэрт-чоно” гэсэн эгэл биш чанартай амьтан дүрсэлж оюун санааны болоод ахуйн хэрэгцээнд оруулж ирсэн нь түүхэн баримт болдог.
"Эвэр эрхэмлэх ёс" 2013 он О.Батчулуун
No comments:
Post a Comment