Sunday, September 27, 2015

Тэжээвэр амьтадын нууц


Хүмүүс бид аргалыг хонь, чоныг нохой, бодонг гахай болтол нь гаршуулсан.
Тэгвэл зэрлэг амьтад "хүнд дасах" тэр өөрчлөлтийн цаана өнөөгийн генетикийн суурь ойлголтыг дахин шинэчилэхүйц том нууц агуулагдаж байгаа бөгөөд, тэр нь
– Хүн яаж үсрэнгүй хөгжиж чадсан бэ?
гэдэг асуултын түлхүүр болохыг ч үгүйсгэхгүй байна.

Амьтадын хувьсал нь "генийн гэнэтийн өөрчлөлт" буюу мутацийн замаар явагддаг гэсэн суурь ойлголт байдаг. Гэтэл мутац үүсэх магадлал нь "100 саяд 1 удаа" буюу туйлын ховор тохиолддог. Дээр нь мутац болгон амжилтанд хүрдэг үү гэвэл үгүй. Тэгэхээр ийм өөрчлөлтийг хүлээвэл амьтадын хувьсалд тоймгүй их цаг хугацаа шаардах болно.

Одоогийн байдлаар хүний хөгжил байтугай нохойны хөгжилийг ч бүрэн тайлж чадаагүй байна. Гэтэл нохой бол ердөө 15,000 жилийн өмнө чононоос салаалсан өөрчлөлт шүү дээ.

Харин энэ асуудлыг нухацтайгаар судалж байгаа нь Оросын шинжлэх ухааны академи юм. Тэд зэрлэг үнэгийг тэжээвэр амьтан болгох туршилт хийж байгаа гэнэ.

Ердийн зэрлэг үнэг бол туйлын сонор сэрэмжтэй амьтан бөгөөд, хүнийг бол нэг нүдээрээ ч үзэхгүй. Барааг нь харах төдийд л чавхдаад өгнө, буланд шахаад барих гэвэл бүр буцаж ноцно.

Гэхдээ төрөлхийн ийм хажиг үнэгнүүд дунд тун ховор тохиолдлоор "хүнээс айдаггүй" үнэг бас байна. Оросын академи тийм үнэгнүүдийг түүж цуглуулаад, хооронд нь үржүүлсээр "нохой шиг" үнэг гаргаж авсан аж.

Энэ судалгааг бүр анх Социализмын үед Дмитрий Константинович Беляев гэгч эрдэмтэн эхлүүлсэн түүхтэй.

Хуучин зөвлөлтөд үнэгний арьсан пальто хийхийн тулд, үйлдвэрт зэрлэг үнэг тэжээдэг байв. Тэдэн дунд ганц нэг хүнээс айдаггүй үнэг байхыг Беляев ажиглаад
– Мутац биш байгаа?
гэсэн эргэлзээ төрж, юутай ч тэдний генийг судлая гэж бодсон юм байх.

Гэтэл тухайн үеийн Сталины орос нь ген гэдгийг огтоос хүлээн зөвшөөрсөнгүй. "Төрөлхийн үл хувирах ген" гээчийг хүлээн зөвшөөрчих юм бол, хүмүүс юунд ч чармайх зүтгэлгүй болно гэж болгоомжилсон хэрэг. Ингээд үнэгний генийг судлах гэсэн Беляевийн судалгааг хүчээр зогсоов.

Тэгж байтал Сталины хамгийн ач холбогдол өгч байсан газар тариалангийн салбарын мэргэжилтэн Трохим Денисович Лисенко гэгч гарч ирэн, генийг бүх талаар үгүйсгэж "хичээл зүтгэл байвал юунд ч хүрч болно" гэсэн үзэл дор, өвөл суулгадаг учиртай буудайн үрийг хавар суулгах гэж оролдож гэнэ. Мэдээж оролдлого бүтэлгүйтэж, Зөвлөлтийн газар тариалан Лисенкогийн удирдлага дор навс унав.

Ингэж явсаар Сталин ч үхэж Лисенко ч үхэж, Зөвлөлт засаг бага багаар генийг хүлээн зөвшөөрдөг болж. Үр дүнд нь Беляевт судалгаагаа дахиж эхлүүлэх боломж олдсон гэдэг.

Тэгтэл уг судалгааны сүүлийн үеийн үр дүн тун сонирхол татаж ирэв. Хүнд элэгтэй үнэгнүүдийн үр төл үржих тусам, түүн доторхи хүнд элэгтэй үнэгний хувь хэмжээ ихсээд ирж. 6 дахь үеийн үр төл дотор 1.8% байсан нь 50 дахь үе дээрээ ирэхэд 85% хувьд хүрэв.

Энэ бол "100 саяны 1"–д болдог генийн мутацаар бол тайлбарлахын аргагүй өндөр хурд юм.

Тэжээвэр болсон үнэгэнд сүүл нь цагираглах, чих нь соотойх, толгой нь булцайх гэх мэтийн нийтлэг шинжүүд ажиглагдав. Тэжээвэр болсон нохойнуудад ч бас ийм шинж байдаг.

Үнэндээ эд бол үнэгний гаварт (үнэгний үр төл) байдаг шинж тэмдэг юм. Өөрөөр хэлбэл хүнээс айдаггүй үнэг гэдэг нь, том болсон ч хүүхдээрээ байгаа үнэгнүүд байсан хэрэг байж.

Амьтад нас бие гүйцэхийн хэрээр стресс гормон ялгаруулж ирдэг. Тэгээд түүнийхээ ачаар сонор сэрэмж нь өндөрсөж, гаднаас биеэ хамгаалдаг аж. Жишээ нь чоно гэхэд, төрөөд 5 дахь 7 хоногоосоо сонор сэрэмжтэй болж эхэлдэг.

Тэгтэл тэжээвэр амьтадын сонор сэрэмж нь олигтой хөгждөггүй бөгөөд, тэр чигтээ "хүүхдээрээ" л яваад байдаг гэнэ. Тийм амьтад юунаас ч айдаггүй. Арслангийн зулзага ч гэсэн муур шиг л хүнд дасдаг.

Хүүхэд гэдэг туйлын сониуч зантай тул, анх удаагаа харсан юуг ч бай тойроод өнгөрч тэсдэггүй. Тийм шинж чанар нь оюун ухааны хөгжилд туйлын үр нөлөөтэй байж, шинэ болгоныг дор нь өөриймшүүлдэг. Үүнийг та бусдаар хэлүүлэлтгүй өөрийн хүүхэд дээрээ хангалттай ажигласан биз. Хүний хүүхдийн тархины хөгжил гайхалтай хурдан бөгөөд, ямар ч том хүнээс илүүтэй гадаад хэлийг хурдан сурахуйц чадвартай байдаг.

Гэвч нөгөө талаар хэт сонор сэрэмжгүй байдал нь аминд халтай тул, ямар ч амьтадын оюунаа хөгжүүлэх хугацаанд хязгаар байж, түүнээс цааш биеэ хамгаалах талдаа түлхүү хөгжөөд явдаг.

Харин тэжээвэр болсон амьтадын хувьд хэзээд аюулгүй орчинд байх тул, хөгширтөлөө хүүхэд хэвээрээ байгаад байж чаддаг байна. Түүнийгээ дагаад оюуны хөгжил ч эрс хурдасдаг бөгөөд, үнэг хүртэл нохойноос дутахгүй сургуультай болж чаддаг гэнэ.

Эдгээр өөрчлөлтүүдийг "генийн өөрчлөлт" бус, "Epigenetics өөрчлөлт" гэж үзэж байгаа юм. Epigenetics гэдэг нь "генийн (genetic) гадна тал (epi)" гэсэн утгатай буюу, генийг өөрийг нь биш "генийн үйл ажиллагаа"–г заасан нэршил юм.

Компьютер дээр зүйрлэвэл, ген нь компьютерийн эд анги (hardware) бол, epigenetics нь түүн дээр суулгагдсан програм хангамж (software) маягийн зүйл юм.

Тэгэхээр генийн өөрчлөлт буюу мутац нь компьютерийг өөрийг нь өөрчлөх явдал болж, epigenetics өөрчлөлт нь програм хангамжийн шинэчлэлт (update) гэсэн үг болно.

Мэдээж epigenetics өөрчлөлт нь мутацаас хамаагүй богино хугацаанд өрнөх боломжтой тул, дээрхи үнэгнүүд дээр явагдсан өөрчлөлтийг epigenetics–тэй холбоотой гэж үзэж байгаа юм.

Энэхүү epigenetics гэдэг ойлголтыг хүн болон шимпанзе хоёрын харьцуулалт дээр ч ашиглаж болно.

Хүн, шимпанзе хоёрын ген нь 98% хүртэл ижилхэн гэдэг. Ердөө хоёрхон хувиар зөрдөг хэрнээ яагаад хоорондоо ийм өөр байна вэ?


Судлаачид үүнийг мөн л epigenetics–тэй холбож үзэж байна.

Хүний "хүүхэд байх нас" нь шимпанзегийнхээс хамаагүй урт. Түүний дэргэд шимпанзегийн хүүхэд дороо нас бие гүйцэж, оюуны өсөлт нь ч тэгэс гээд зогсдог. Энэ хоёрын оюуны чадавхийн зөрөөг үүсгэж байгаа нь "хүүхэд насны нь хугацааны урт" гэдэг. Тэгэхээрхүүхэд нас урт байх тусмаа, оюун ухаан илүү өндөр хөгждөг байх нь.


Тэжээвэр амьтадаас мэдэж болох өөр нэг асуудал гэвэл, иргэншил хэрхэн үүссэн тухай юм.

Магадгүй анхдагч хүмүүс нь өнөөгийн биднээс илүү сонор сэрэмж өндөртэй байсан биз (аягүй бол эртний хүмүүс амьтадаас дутахгүй газар хөдлөлтийг мэдрэх зөнтэй ч байсан байж мэднэ). Тийм сонор сэрэмжтэй хүмүүс харилцан биесээ ч болгоомжлоод байвал харилцаа болон иргэншил үүсэхэд хэцүү.

Тэгтэл тэдгээр өндөр сонор сэрэмжтэй хүмүүс дунд, ганц нэг хүүхдээрээ нөхдүүд байсан байхыг үгүйсгэхгүй. Тэдгээр маанагдуу нөхдүүдээр дамжуулж харилцаа холбоо өргөжсөн байж болох юм гэсэн санаа юм.

Чоно бас нохой болсон нь ч, тохиолдлоор хүн дээр ирсэн цөөн тооны хүүхдээрээ чононуудаас эхтэй биз. Дашрамд хэлэхэд чоно нохой хоёрын ген нь 100% ижилхэн гэдэг.

"Хүүхдээрээ" гэхээр цаанаа нэг басамжилсан өнгө аяс төрдөг ч, үнэндээ "хүүхдээрээ" хүмүүсийн ачаар бид өдийг хүртэл хөгжиж ирсэн ч байж мэдэх нь.

Монголчуудыг элэгсэг дотно, орчиндоо дасамтгай, гэнэн итгэмтгий гэх зэргээр ярьдагаас үзвэл, бид харьцангуйгаар "хүүхэд зантай" ард түмэн байж магадгүй юм. Хэрэв тийм бол энэ нь бидний харин ч зүлгэн тордвол зохих хамгийн давуу тал ч юм билүү.

100хан жилийн дотор европ алхаа сурч, 20 жилийн дотор Америк сэтгэлгээ суусан бидний малчин удмынхан, бусдыг хардаж хавчих зандаа дийлдээд сониуч зангаа гээчих вий дээ.

Сонор сэрэмж гэдэг амьд явахад тустай ч, хөгжин дэвшихэд чөдөр болно.
– Хэрхэн болгоомжтойгоор сониучлах вэ?
гэдэг л "Хөгжих үү, хоцрох уу"–г шийдэх торгон зааг бололтой.

Эх сурвалж: http://tomyo-bodyo.blogspot.com/2012/12/blog-post_12.html 

No comments:

Post a Comment