“Хөшөө чулууны бичээс судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд эхэлж байна. Олон Улсын Монгол судлалын холбооны санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү хурал нь энэ сарын 13 буюу ирэх лхагва гаригийг хүртэл үргэлжлэх юм. Монгол судлал нь түүх, хэл, угсаатан судлалын олон салбар ухааныг багтаадаг бөгөөд түүний дотор бичээс судлал чухал байр суурийг эзэлдэг. Хөшөө чулууны бичээс бол бичиг, соёлын үнэт өв юм.
Монгол хэлээр бичсэн уйгаржин монгол үсгийн 20 шахам бичээс, дөрвөлжин бичгийн 20 гаруй бичээс уламжлан үлдсэн ба сүүлийн 150 гаруй жилийн дотор тэдгээр бичээсийн талаар олон орны эрдэмтэд хэдэн зуун судалгааны бүтээл гаргасан байна. Харин манай улсад хөшөө, чулууны бичээсүүдийг хадгалж, хамгаалах ажил сайнгүй байдаг аж. Гэхдээ хөшөө, чулууны бичээс нь манай улсын зөвхөн бичиг үсгийн дурсгал төдийгүй ард түмний зан заншил, соёл, түүхтэй холбоотой учир энэ чиглэлийн эрдэмтдийг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна гэж Олон Улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо онцолж байв.
Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, БНХАУ, ОХУ, Турк, Япон, Тайвань гэх зургаан орны бичээс судлалын 40 гаруй эрдэмтэд оролцож байна. Тэд хитан, манж, зүрчид, түрэг, тангут, уйгаржин, монгол, дөрвөлжин, хятад, йи хэлээр тэмдэглэгдсэн эртний бичээсүүдийн судалгааны талаар санал бодлоо солилцох юм. Зарим эрдэмтэдтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Япон Улсын эрдэмтэн
-Таныг монгол орны хөшөө, чулууны бичээсүүдийг нэлээн судалсан хүн гэлээ. Одоогоор ямар судалгаа хийж байна вэ?
-Би Монгол орны хөшөөний бичээсийг судалж байна. Ялангуяа уйгаржин монгол, дөрвөлжин монгол бичгээр бичигдсэн хөшөө бичиг, гэрэлт хөшөө хадны бичээсийг судалдаг. Одоогоор Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас олдсон хитан бичигтэй гэрэлт хөшөөний бичээсийг судалж байна. Хитан бичиг нь их, бага гэж хоёр янз байдаг. Миний хувьд бага бичгийг хагас жилийн хугацаанд уншаад тайлах гэж байна. Харин их бичигтэй дурсгал нэг их олдоогүй, ер нь тайлж уншихад жаахан бэрхшээлтэй.
-Таны хувьд дөрвөлжин үсэг, уйгаржин монгол бичгийг хэзээнээс сурсан бэ?
-Би Токиогийн гадаад хэлний сургуулийн Монгол хэлний ангийг төгссөн. Тэрнээс хойш 40 жил монгол бичиг, дөрвөлжин монгол бичиг сурч, судалж байна. Эдгээр бичгийг сурахад нэг их бэрхшээлтэй биш. Харин монгол бичиг зөв бичгийн дүрэмтэй учир жаахан төвөгтэй. Дөрвөлжин бичгийг сурахад хэцүү юм байхгүй.
-Монголоос судалсан хөшөө дурсгалаасаа нэрлэвэл.
-Монголын эзэнт гүрний үеийн нийслэл Өвөрхангай аймгийн Хархорин суманд XIII, XIV зууны үед бичигдсэн, байгуулагдсан хөшөө дурсгалууд байдаг. Би голдуу тэдгээрийг судалж байгаа. XIV зууны үе буюу 1340-өөд оны үед тэнд бурхны сүм хийд байсан. Анх Хубилай хааны үед суурийг нь тавиад Мөнх хааны үед байгуулсан. Тэнд нэг 100 метр шахуу бурхны суварга сүндэрлэж байсан. Уг суваргыг XIV зууны үед сэргээн зассан тухай түүхэнд бичсэн байдаг. Тогоонтөмөр хаан зарлиг буулгаад уг суваргыг засуулсан ба түүний дурсгалд нэг том хөшөө бичгийг байгуулсан байна. Одоо Хархорины туурьд том яст мэлхий байгаа тэрэн дээр тэр зарлиг хөшөө бичиг байсан ёстой. Гэхдээ хөшөө бичиг хагараад Эрдэнэзуу хийдийг 16 зууны сүүлийн үед анх барихад үүний барилгын материал болгоод дахин ашигласан байна. Уг бичгийг хэсэг, хэсгээр цаасан дээрээс аваад нийлүүлэн уншаад, судлаад явж байна.
-Энэхүү хөшөө чулууны бичээс судлалын ажлаа хэзээнээс эхлүүлсэн бэ. Энэ удаагийн хуралд ямар сэдэв хэлэлцүүлэх гэж байна вэ?
-Би анх Монголд судалгааны чиглэлээр 1996 онд ирж байсан. Судалгаа хийгээд 20-иод жил болж байна. Энэ хуралд дээр ярьсан Хархоринд байгаа хэдэн хэсэг болсон хөшөө бичгийн хагархайнуудыг яаж нэгтгэх, тэрийг хэрхэн сэргээх вэ, уг хөшөө бичгийн дурсгал нь монголын бичээстэй ямар харилцаа холбоотой байх вэ сэдвээр ярина.
-Судлаач таны бодлоор энэхүү хөшөө бичгийн дурсгалуудыг хэрхэн хамгаалах ёстой юм бол.
-Монгол Улс сүүлийн үед хөшөө бичгүүдийг улсын хосгүй үнэт, үнэт өвд бүртгэсэн нь сайн. Мөн Эрдэнэзуунд барилгын материал болгоод ашиглаж байсан хөшөө бичгийг салгаад Хархорум музейн үзмэрт тавьж, олны хүртээл болгож байна. Энэ мэтчилэн хадгалж, хамгаалж байгаа нь сайн хэрэг байх.
Өвөрмонголын эрдэмтэн
-Та энэ хуралд ямар илтгэл хэлэлцүүлэх гэж байна вэ?
-Би илтгэл хэлэлцүүлэх гэсэн боловч бүртгэлээс хоцорсон байсан. Энэхүү эрдэм шинжилгээний хурал миний судалгааны сэдэвтэй холбоотой учир оролцож байна. Би Монгол бичгийн дурсгалын эхний 300 жилийн түүхийг судалж докторын зэрэг хамгаалсан. Одоо түүнээс хойших 400 жилийн судалгааг хийх гээд Токиогийн их сургуульд гадаад судлагчаар сурч, үүнтэй холбоотой материалаа цуглуулж байна.
-Монгол бичгийн дурсгалын 300 жилийн түүхийг судалсан судалгааныхаа тухай та товчхон яриач.
-300 жил гэдэг бол одоогоор олдсон байгаа анхны дурсгал бичгийн суурь олдвор дээр ярьж байгаа хугацаа. Үүнээс өмнө буюу маш эртний олдвор байж болно. Би бол монгол бичгийн хамгийн анхны олдворыг Их Монгол Улсын Чингис хааны тамгын бичгийг өнөөдрийн хүмүүст судлагдаж байгаа хамгийн эртний дурсгал гэж ойлгож байгаа. Түүнээс эхлээд XV зууны сүүлч хүртэлх дурсгалууд байна. Би эхэндээ бол шууд л 800 жилийн түүхийг судална гэж бодож байсан тэгээд докторын зэрэг хамгаалахад арай урт байна гээд, таслаад өмнө гурван зуун жилийг судалсан.
-Сонирхолтой санагдаж байна. Өөр ямар дурсгалууд байдаг вэ?
-За, Чингис хааны тамгын бичээсийн дараагаар Ил хаадын үеийн бичгүүд орно. Тэдгээр хааны ордны олон сайхан уран бичээчдийн бичсэн уран бичээс, Францын пап лам зэрэгт явуулж байсан бичгүүд гээд л байна даа. Түүний сүүлээр олон хөшөө чулууны бичгийн судрууд Чойжи-Одсэр багштаны Төвд бичгээс монгол бичиг рүү орчуулаад гаргасан сайхан судрууд, XIV зууны эхэн үеийн олдворууд байна. Харин сүүлээр нь шашинд холбогдсон олон судрууд гарч ирдэг дээ.
Б.Бэхи
No comments:
Post a Comment