Богд ба Чойжин лам болон тэр үеийн олон томоохон лам нарын багш байсан энэ ламын талаар судалгааны материал ховор бөгөөд ам дамжсан мэдээ төдий байдаг. Түүнийг таалал төгсөхөд хүрээний маарамбууд шарилыг шүтээн болгон хадгалах зорилгоор түүний гэдэс дотрийг цэвэрлэн, биеийг давсалж хатаан эмийн ургамал хольж дүүргэн муудах аргагүй болгожээ. Түүний дараа тусгай хольц бүхий цаас шавраар бүхий л биеийг нь шавардан түүнийг шүтээн болгосон бөгөөд түүний нүүрнээс хэв аван бүтээсэн гэдэг ба эхний үед Голын сүм дээр тахиж байгаад дараа Чойжин Ламын Сүм рүү шилжүүлж одоог хүртэл тэнд хадгалж байна .Энэ шүтээн нь хүний биеийн хэмжээтэй бөгөөд яг сууж буй мэт хэлбэрээр бүтээсэн ба нүүр амыг тодруулан зурсанаас баримал мэт харагддаг. Мөн энэ сүмийг музей болсоний дараа Гол үзмэрийн танхимд ил тавьж үзэгч олонд толилуулж байгаа бөгөөд мөн тэнд бас Чойжин лам Лувсан Хайдавын чандараар бүтээсэн шүтээн дүр бий. Энэ ямар учиртай юм гэхээр Чойжин Ламыг 1918 онд таалал төгсөхөд түүнийг мөн занданшуулж шүтээн болгох гэж гэрт хадгалж байсан бөгөөд гэртэйгээ шатсан тул боломжгүй болжээ. Тэгээд түүний шарилын үнсыг эмийн ургамалтай холин найруулж түүнтэй адилхан нэгэн шүтээн босгосон нь өдгөө мөн Чойжин Ламын Сүм Музейд хадгалагдаж байна. Энэ хоёр мөн чанартаа бол хүний биеэр хийсэн шүтээнүүд бөгөөд дээр үед хурал хурж буй мэт дуу гардаг байсан гэсэн ам дамжсан яриа байдаг. Эдүгээ цагт сайн хадгалж үлдсэн занданшуулсан шүтээн ховор билээ.
03.26.12
No comments:
Post a Comment