Friday, October 26, 2018

ЭВЭР ШҮТЛЭГ ҮҮ ЭВЭР БЭЛГЭДЭЛ ҮҮ

Археологич О.Батчулуун

ЭВЭР ШҮТЛЭГ ҮҮ ЭВЭР БЭЛГЭДЭЛ ҮҮ

Эрт дээр үеэс эхлэн дэлхийн ард түмнүүдийн дунд янз бүрийн амьтдын эврийг хүн болоод нийгмийн орон зайд хэрэглэх, хүндэтгэн үзэх үзэл бий болжээ. Энэхүү сэтгэлгээний түүхэн баримтууд бүс нутгийн хувьд харилцан адилгүй цаг хугацаанд хамаардаг. Тухайлбал зарим бүс нутагт дээд палеолитын үед холбон авч үзэхэд (Whitley., David, 2009:215), Төв Азийн эртний хүмүүсийн үлдээсэн баримтаас шинэ чулууны үеэс улбаатай болох нь ажиглагдаж байв.
Энэхүү сэдвийн хүрээнд Монголчуудын дунд хэрэглэгдэх “Эвэртэн туурайтан” (Монгол хэлний 2009:1021) гэх шилжсэн үгийн утга учир нь хүч чадал, хүндэтгэлийн илэрхийлэл, нийгмийн дээд давхаргын бэлгэдэл болж байсныг дахин нягталж үзэхийг зорилоо. Судалгаанаас үзэхэд судлаачид эртний судлалын баримт дэх эвэр дүрсэлсэн хүн болон өвөрмөц амьтны дүрслэлийг шүтлэг хэмээн үзэх нь нийтлэг байна.
Тухайлбал  зарим  судлаачид  түүх, археологи, домог зүйн сурвалжид тулгуурлан  эрх мэдэл бүхий албан тушаалтан, дарга нарыг “эвэртэнгүүд” хэмээн нэрийдэх нь тухайн хүний эрх мэдлийн цар хүрээ, зэрэг дэв, сүр хүчийг тодорхойлохуйц ойлголт болжээ (Цогзолмаа, 2007:151).  Мөн  нүүдэлчид эврийг зөвхөн шүтээн болголгүй өөрсдийн аж амьдралд ч түгээмэл хэрэглэж ирсэн нь эвэр шүтлэгийн уламжлал бололтой хэмээн үздэг (Өмирбек, 2011:67). Харин дээрх  дүгнэлтүүдийг дэмжсэн болон үгүйсгэсэн эсвэл өөр ямар утга агуулгатай нэршил байж болох талаар дэвшүүлсэн зүйл одоогоор алга бөгөөд шинжлэх ухааны хувьд нэгдсэн ойлголт, хувилбараар бичиж дадах нь зүйн хэрэг юм.. Уг ойлголтыг нарийвчлан үзвэл нэгт: хэл зүй, хоёрт: эртний судлалын олдворууд дэх бэлгэдэл, утга зүйн тайллуудаар “Эвэр шүтлэг үү эсвэл бэлгэдэл үү?” гэсэн асуулт урган гарч байна.
Үг зүйн хувьд  шүтлэг нь Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” бичигт. “Гүнээ итгэх, бишрэх, шүтэх, [итгэх хоршоо үг]. Нэг хүнийг тахин шүтэх” (Цэвэл, 1966:863)  гэсэн бол “Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг”, “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” зэрэг бүтээлүүдэд “Шүтэх үйлийн нэр, ямар нэгэн зүйлийг шүтэж бишрэх нь бишрэл-шүтлэг гэдэгтэй хоршоо үг болдог [шашны сургааль номлол, итгэл үнэмшил].” (Монгол хэлний, 2009:1015) хэмээн тайлбарласан байдаг.
Харин бэлгэдэл нь Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-т  “сайн зөн билэг, ерөөл, бэлгэ сайтай, өлзийтэй, төлөгдөх, мэргэлэх, сайн совин, амны бэлгээс ашдын билэг” (Цэвэл, 1966:122.), “Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг”-т “Бэлгэдэх үйлийн нэр, сайн сайхан, бэлгэшээл, сайныг бэлгэдэх, зөгнөх” (Монгол, 2009:121) гэж тайлбарлажээ. Энэ нь алив зүйлс сүр хүч, өнгөтэй сайхан харагдахын зүйрлэл болохыг илтгэх ажээ.
Гүн ухааны үүднээс судлаач Ц. Гомбосүрэн (2008:12) “Эрхэмлэх ёс нь угтаа эрхэмлэл болно. Ёс нь эрхэмлэхүй болдог бөгөөд үүнд ямар нэгэн албадах, албадлагын шинжгүй байдгаараа шүтлэг болоод шашны үйл хэргээс эрс ялгаатай байна” гэжээ. Чингэхлээр шүтлэг нь илүү шашинлаг ойлголт төдийгүй албадлагаар үйлддэг үйл бөгөөд харин бэлгэдэл нь зөн совин, өлзий ерөөлийн үүднээс ямар нэгэн албадлагүйгээр хийх үйлийн ойлголт бололтой байна.
Энэхүү ойлголтын түүхэн үндэс язгуурыг тодруулахын тулд бичгийн болоод биет баримтын хүрээнд тодруулан авч үзье. Хятад сурвалжийн мэдээнд дурдахдаа төв Азийн анхны төрт улс Хүннү гүрэнд Арван эвэртэн ван байсан ба эхний дөрвөн ванг “Дөрвөн эвэртэн ван”, дараах зургааг “Зургаан эвэртэн ван” (Сүхбаатар, 1980:59) гэдэг. Улмаар их жанжин, их Дүвэй, их Данху нар бүгд нийлээд “Арван эвэртэн ван” болдог. Эдгээр эвэр зүүсэн вангууд тал нутгийн язгууртнууд бөгөөд аравтын зохион байгуулалтын тогтолцоогоор төрийн институт байгуулагдсан бол оройн дээд удирдагч нь эзэн хаан Шаньюи байжээ (Gabor Balint de Szentkatolna, 2009:33) гэсэн байна. Түүнчлэн Хятадын их аялагч лам Сонг Юн (Song Yun, 宋雲) МЭ 519 онд элчингийн үүрэг гүйцэтгэж Цагаан Хүннүгийн нутагт зорчсон тухай өгүүлдэг. Тэрээр нүд алдам тал нутгийн талаарх арвин их мэдээллийг бичиж үлдээжээ. “...Хааны ахмад хатан угсаа гарвал дээд язгууртай болох нь мэдэгдмээр харагдана. Хаан нь торгон хувцас өмсжээ... түүний эрхэмсэг хатан нь уран тансаг чимэглэл бүхий хувцсаар гоёдог. ...Удирдагчийн ер бүсийн урт хормогчтой ижилхэн дээл өмсөнө. Толгойн чимэглэл нь “Эвэр” загвартай байх аж. Элдэв зүйлийн эрдэнийн чулуун чимэглэлтэй ба доод хэсгээс эхлээд гойд сайхан харагдана. “Ганц Эвэр” нь толгойн чимэглэлд орохоос гадна дээд угсааны эхнэр хүний хувцастай сүрхий зохицож нийгмийн байр суурийг давхар баталж буй нь илэрхий мэдэгдэнэ. Бид цагаан Хүннүгийн дээд язгууртан хүнийг үзэхийн сацуу, олон эхнэртэй байхыг харсан ч нэг нь ч бусдадаа ялгарах шинж байсангүй...” (Aydogdy Kurbanov, 2010:132). хэмээн тэмдэглэж үлдээсэн байна. Дээр дурдсантай төсөөтэй маш эрт үеийн нэгэн дурсгал бол Ойрх Дорнод дахь “...Аккадын үеийн Нарам-Син (МЭӨ 2254-2218) (анг. Naram-Sin) хааныг ялалтын самбар дээр дүрслэхдээ түүнийг эвэрт титэм зүүсэн байдалтай урласан нь ихэс дээдэстэн гэсэн санааг давхар харуулсан байдаг. Энэ нь түүний хаанчлал бүхий л амьдралынхаа хугацаанд бат оршихын бэлгэдэл байж болох юм” (Margit L. Suring, 1984:330).
Мөн “Солонгост эвэртэй титэм өмссөн “эвэрт ван”....” (Сүхбаатар, 1980:58) байсан бөгөөд эртний Шилла улсын үед холбогдох хааны алтан титмийн чимэглэлд (анг.Geumgwanchong сол. 경주), (МЭӨ 57-МЭ 935) эвэр дүрсэлсэн зэрэг нь загварын хувьд бугын салаа эвэртэй тун ижил харагддаг. (The Silk Road 6, 2009:3)
“Томоохон албан тушаалтан эвэр зүүх нь угтаа тотемтой холбогдож үүссэн овгийн байгууллын ёсны үлдэгдэл юм. Үүнийг Америкийн Индианчуудын ёс харуулж байна” (Сүхбаатар, 1980:58) гэжээ. “Сахемын тушаалд дэвшүүлэхдээ эвэр зүүлгэж, огцруулахдаа эврийг нь авдаг байв... Сахемын булшийг булаад, ахмад сахем тусгай үг хэлж, талийгаач сахемын албан тушаалын бэлгэдэл болсон “Эврийг” нь авч булшин дээр... толгойнх нь дэргэд тавьдаг. Тэгээд эвэр нь талийгаачийн орны хүн сонгогдтол тэнд байдаг” (Сүхбаатар, 1980:58) гэжээ. Дээрх баримтуудад дурдсанаар бол эврийн гойд сүрлэг байдал нь эртний овог аймгуудад сүр хүчний бэлгэдэл болохын зэрэгцээ эрх мэдлийг давхар илтгэж байна.
Чингэхлээр эврийг малгай, эсвэл байлдааны дуулга, титэмд тогтоон байрлуулах,  эвэр дууриалган хийх  нь  эрт үед нэлээд нийтлэг тархсан үзэгдэл бөгөөд өрнөдөд “...Италийн Сардина, Умард Европт Викингчүүдийн үед илүү түгээмэл тархсан гэж судлаачид үздэг байна” (Asa Sjoholm, 37-38). Харин Төв Азийн ард түмнүүдийн үлдээсэн  хадны зургийн дурсгалд эвэрт хүмүүсийн дүрслэл олон бий.
 Тухайлбал Алтайн нурууны ноён оргил Алтай таван Богдын зүүн сугаас эх авч урсах Цагаан Салаа, Бага Ойгар голын хөндийд арван мянга гаруй хадны зураг байгаагийн цөөнгүй сэдэв бүхий зургуудад толгойн хоёр талд нь эвэр бүхий морьтой, болон морьгүй хүний дүрийг дүрсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь дурсгалт газрын зарим морь унасан морьтонгуудын нэг нь эвэртэй морь унаснаар дүрсэлсэн” (Цэвээндорж нар, 2004.40-50) бол Монгол домог зүйн нэгэн дүрд “Буриад бөө нар бух ноён Баавайг ихэд хүндэтгэн үздэг бөгөөд заарин бөөгийн үр хүүхэд, ач, зээ, хойч үеийг гоочилж болохгүй гэх хатуу журамтай байж, тодорхой цаг үед тэмцээн, найр наадам хийж хөгждөг байна. Тэмцээнд овог бүр ялан дийлэх өргөл, сацал хийдэг агаад ...дийлэнх тохиолдолд баруун долооныхон ялдаг байжээ. Түүнээс болж баруун долоон дийлдэхгүй, учир нь Бух ноён нь биечлэн тусалж байгаа юм. Манай бөхийг эврээрээ өндөр өргөж, газарт хаялаа, манай хурдан морийг давхиж явахад зам дээр нь эврээрээ тээг тавьж саад хийлээ... (Буриад-Монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” 2000:236) гэх мэтээр шүтлэг гэхээс илүү сүр хүч, бэлгэдлээр илэрхийлсэн байдаг аж. Цаашлаад домог зүйн адилтгал үгсийн санд “эврээ хугалуулсан буга шиг” (Бат-Ирээдүй, 2012:204) гэх үг нь угтаа унжуу, сул дорой байхыг адилтгаж хэлсэн бололтой. Эдүгээ Монголчуудын дунд удирдах албан тушаалтнуудыг “эвэртэн туурайтан” хэмээн хэлдэг нь (Хүннүгийн түүх соёл, 2011:108) угтаа эрт цагт эвэр бэлгэдэл нь нийгмийн зэрэг дэвийг тодорхойлж байсны нэгэн илрэл төдийгүй балар цагийн нийгэм түүхийн гүн холбоо хамаарал буйг давхар баталж байна.

ДҮГНЭЛТ
Нэгдүгээрт: Өвөг Монголчууд хийгээд дэлхийн овог аймгууд ноёд, түшмэд нарыгаа цөөнгүй тохиолдолд эвэртэй дүрсэлсэн нь эрх мэдэл, зэрэг дэвийн мөн чанарыг дахин баталж байна. Алив зүйлийн эхний нөхцөлдөх шалтгаан нь тухайн нийгмийн оюун санааны ертөнцөд байгальтай харилцан шүтэлцэх харилцааны оргил нь бэлгэдэл бөгөөд  нэг овгийнхон өөрсдийгөө хүчирхэг нэгэн зүйл амьтны үр сад эсвэл байгаль дэлхийн нэгэн хэсэг гэж үздэгтэй холбоотой.
Хоёрдугаарт: “Шүтлэг” байсан хэмээх ойлголтыг “Бэлгэдэл, эрхэмлэх ёс, хүндэтгэл” байж болох юм гэсэн санал дэвшүүлж байна. Учир нь “Шүтлэг” гэж үзвэл ташаа ойлголт үүсэх магадлалтай тул “амьтны эвэр”-ийг дан утгаар нь хүмүүс шүтдэг гэж үзвэл эргэлзээтэй. “Шүтлэг” нь “Шашин” гэсэн үгтэй хоршоо үг бөгөөд өөртөө институт буюу тодорхой дэглэм, бүлгийн зохион байгуулалтын үүрэг хүлээсэн ухагдахуун болох юм. Эрт үед эвэр нь эрх мэдэл, нийгмийн зэрэг дэвийн илэрхийлэл, нөгөөтэйгүүр, сүр хүчний бэлгэдлийн  шинжтэй нийгэм, соёлын ойлголт байжээ.

Abstract
Though there have been many studies of symbols in ancient Mongolia, so far there have been few studies into the significance of horned animals and the motif of horns in general. Some scholars have suggested the cult importance of horns but have not explored the role of horns as a political symbol. And yet, there is abundant evidence from Chinese texts that horns were a sign of authority among the Xiongnu; for instance the Hou Han-shu 後漢書 tells of a state led by horned princes and describes high-ranking members of court as either four-horned or six-horned lords. This article suggests that, apart from being a religious symbol, horns were a symbol of rank and political authority among ancient peoples in Mongolia.

НОМ ЗҮЙ

Монгол
·     Баярсайхан Б., 2009. “Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг” Улаанбаатар 
·     Ванчигдорж Д.,  2000. “Бух ноён, Будан хатан ээжийн шүтээн” “Буриад-Монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” Улаанбаатар
·     Цэвэл Я., 1966. “Монгол хэлний товч тайлбар толь” Улаанбаатар
·     Сүхбаатар Г.,  1980 “Монголчуудын эртний өвөг”. Улаанбаатар
·     Дуглас Ж.Д., Меррил С. Тенни., 2004. “Библийн хураангуй толь бичиг”. Улаанбаатар
·     “Монголын уламжлалт цээр ёсон” Хөх хот., 1998.
·     Цогзолмаа Б., “Эвэр шүтлэг”.,  2007. Mongolian Journal of Anthropology, Archaeology and ethnology-Official Journal of the National University of Mongolia. Volume 3 No.1 (287) December 2007 ISSN 1810-5025. Улаанбаатар
·     Цэвээндорж Д., Кубарев В.Д. Очирхуяг Ц., 2004. Цагаан Салаа, Бага Ойгорын хадны зураг дахь адуу, тэмээний дүр, Археологийн судлал, Т.II (XXII). F.5 Улаанбаатар.
·     Өмирбек Б., “Үхрийн эвэр шүтлэгт нүүдэлчид”., 2011. Монголын үндэсний музей-Нүүдэлчдийн өв судлал” Улаанбаатар
·     Бат-Ирээдүй Ж., Атлансайхан Р., 2012. “Монгол хэлний адилтгал үг, хэллэгийн сан” Улаанбаатар
·                 Гомбосүрэн Ц., 2008. “Монгол улсын их  сургууль философийн тэнхим-Ёс зүй”               Улаанбаатар
·     Ганбаатар Я., 2011. “Хүннүгийн түүх соёл”. Улаанбаатар

Англи
·     Whitley, David S. 2000. Cave Paintings and the Human Spirit: The Origin of Creativity and Belief. Prometheus.
·     Journal of Eurasian Studies Journal of the Gabor Balint de Szentkatolna Society Founded: 2009.Volume I., Issue 3. /July- September 2009 ISSN 1877-4199 - CSORNAI, Katalin "Where Huns´ Blood Drew" The Xiongnu.
·     The Hephthalites: Archaeological And Historical Analysis Written by Aydogdy Kurbanov.Phd thesis submitted to the Department of History and Cultural Studies of the Free University, Berlin. 2010
·     Andrews University Seminary Studies, Autumn 1984, Vol. 22, No. 3. By Margit L. Suring Toivonlinna SF-21 500 Piikkio, Finland  ”The Horn-Motifs Of The Bible And The Ancient Near East”
·     The Silk Road is a semi-annual publication: Volume 6, Number 2 (Winter/Spring 2009)

·     Asa Sjoholm “Scandinavian Rock Carvings and Sardinian Bronzes” - Were their expressions of form born in the eastern part of the Mediterranian? 

No comments:

Post a Comment