Гималайн мөнх цаст уулнаас бууж ирж лам хуврагуудтай уулздаг Түвд, Монгол, Балба гурван даяанчийг анх 1997 онд Голландын Түвд судлаач Ш.Клара гэдэг бүсгүйн зурагтай нийтлэгдсэнээс хойш тэд дахин үзэгдэхээ больжээ. Түвд бол судлах тусам оньсого таавар шиг болдог орон гэж хожим нь Клара бичжээ. Гималайн сүрлэг уулсын дунд 200-300 насалдаг ер бусын бие цогцостой, оюуны өндөр хөгжилтэй даяанч лам нар тэнд амьдарч байдгийг Америкийн хэвлэлүүд 1960 оноос эхлэн бичиж эхэлсэн. Юу ч идэхгүй найман сар тэсч дусал ч ус амсахгүй гурван сар бясалгал хийдэг, ганц мөч ч цурам хийхгүй гуч хоног явж чаддаг аглаг уулын даяанчдад итгэхэд бэрх. Тийм даяанчдаас алмасын тухай асуудал илүү бодитой гэж үзэж байв.
Гэтэл 1966 онд Энэтхэгийн Дармасала дахь Далай ламын ордонд Гималайн уулнаас бууж ирсэн даяанчтай Английн сэтгүүлч Р.Стивенсоны хийсэн ярилцлага буддын шашинд үл итгэгчдийн гайхшийг төрүүлэв. Раханжа гэх даяанч Манж дайчин гүрний Төр гэрэлт хааныг хоёр дахь хатнаа буулгах үед /1856 он/ Бээжинд очиж байсан тухайгаа ярьсан нь хүмүүсийг бүр ч алмайруулжээ. Тэр үед Раханжа гучин настай байсан гэнэ. Дармасалад ирж, Стивенсонд ярилцлага өгөхдөө Раханжа 130 настай ч 45 настай хүн шиг харагдаж байсан нь хүмүүст эргэлзээ төрүүлдэг байж. Гэвч түүний үзүүлсэн дотоод бясалгалын зарим увдис англи сэтгүүлчийг бараг л буддын шашинд ороход хүргэжээ.
Стивенсон тэр үед дэлхийд шилдэг гэгдэх гэрэл зургийн аппараттай явсан боловч хичнээн кадр дараад Раханжагийн ганц ч сүүдрийг цаасан дээр буулгаж чадаагүй байна. Даяанч өөрөө гэрэл зургийн хальсанд дүрсээ буулгах дургүй гэдгээ хэлж зөрүүд сэтгүүлчийг зураг дарах болгонд үл мэдэгдэх бясалгалаар хальсыг нь гэрэлд цохиулж орхиод байсан бололтой.
Стивенсон уран арга хэрэглэж даяанчийг далай ламтай зэрэгцүүлэн зогсоож байгаад дурсгалын зураг татсан боловч зөвхөн ганц дээрхийн гэгээнтний дүр гарч, харин дэргэд нь цав цагаан туяа цацарсан гэрэлнээс өөр дүрс байгаагүй ажээ. Стивенсон үхэшгүй мөнхийн тэр даяанчтай хийсэн ярилцлагадаа Далай ламын зургийг тавьж хэвлүүлжээ. Сарын дараа Раханжа даяанч хэнд ч мэдэгдэлгүй нэг д өдөр Гималайн уул уруугаа буцсан бөгөөд энэ үед түүнтэй уулзаж, ярилцлага авахаар дэлхийн өнцөг булан бүрээс хориод сэтгүүлч Дармасалад хүрэлцэн ирсэн гэдэг. Өдөрт аяга цэвэр уснаас өөр юу ч хэрэглэдэггүй ариуссан хүчирхэг даяанчтай уулзах завшаан тэдэнд олдсонгүй. Харин буддын шашны номонд гүнзгий нэвтэрч бясалгал гэгээрлийн туйлд хүрээд амьдралаас тасарсан тийм даяанчид байдаг талаар Далай лам хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн нь "Шинжлэх ухаанд том цохилт ирэв" гэсэн гарчигтайгаар бүр ч илүү дуулиантайгаар хэвлэгдэж байжээ.
Нэг ёсондоо харь гаригийн хүн ирээд явснаас дутахааргүй шуугиан дэгдээжээ. Мөн 1992 онд Түвдийг судалж байсан Францийн хэсэг эрдэмтэд Гималайн даяанч нарын тухай гэрэл зураг бүхий материал хэвлүүлсэн нь бас л олныг гайхшруулжээ. Удалгүй эгэл бус хүмүүсийн тухай ном ч хэвлэгдэн гарлаа. Эрдэмтэд нэгэн даяанчтай таарав. Нас нь барагцаагаар 400 орчим жил гэж тооцогдсон тэр даяанч цасан дунд гал гаргалгүй дулаацах аргыг тэдэнд харуулж зургаа татуулсан нь үнэхээр гайхуулав. Тэгэхэд 45 хэмийн хүйтэнд цээж нүцгэлэн суугаад биенээсээ уур савсуулан ойр хавийнхаа цасыг хайлмагтуулсан үзэгдэл ёстой гайхашруулж орхисон ажээ.
Даяанч тайлбарлахдаа "Хүйтэн шөнөөр мөстэй усанд базсан нимгэн даавуу нүцгэн бие дээрээ нөмөрч биенийхээ илчээр даавуугаа хатааж сургуулилдаг дасгал бий. Нэг шөнө хичнээн олон нойтон даавуугаа хатаана, илч төвлөрүүлэх эрдэм төдий чинээ боловсрон хөгждөг. Ганц шөнийн дотор 60 нойтон даавууг биенийхээ илчээр хатаасны дараа сая цасан дунд галгүй дулаацах эрдэм бүрэлдэн тогтоно гэжээ. Энэ мэт шуугиант нийтлэл одоо хүртэл барууны орнуудад хүчтэй нөлөө үзүүлж олон европ хүнийг буддын шашинг сонирхоход хүргээд байна.
Түүнчлэн 1959 онд далай лам өөрийн 129 бараа бологчийн хамт цаст Гималайн бэрх оргилоор дамжин Энэтхэг рүү дүрвэсэн орголтыг одоо болтол хорьдугаар зууны тайлагдаагүй нууцын нэгэнд оруулдаг. Тухайн үед хятад цэргүүд Лхасаас Энэтхэг орох боломжтой бүх нүх сүвийг битүүмжлэн хааж, агаараас ИЛ-2, ЯК-5 онгоцоор байнга нислэг үйлдэн хянаж байсан гэдэг. Зөвхөн ямар ч хүн явах аргагүй, аюултай үхлийн жимүүд дээр л цэрэг байрлуулаагүй боловч агаарын хяналтанд авсан байжээ. Тэдгээр жимүүд нь 129 байтугай хоёрхон хүн хүртэл явахад бэрхтэй нарийн гүн хавцал, халил, мөсөн голоор хүрээлэгдсэн асар хүйтэн ноёлог ян сарьдгуудыг дайрч гардаг байна. Тиймээс түүгээр хэн ч оргож зүрхлэхгүй гэж тооцоолжээ.
Хожим нь нууц дүрвэлтэд багтан Энэтхэгт цагаачилж гарсан хувраг Лүдүво Бельгийн нэгэн сонинд Далай лам Гималайн уулсад амьдардаг эртний даяанч нарын тусламжтай хэцүү бэрх замыг хялбархан туулсан талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярьснаар орголтыг зохион байгуулсан хүмүүс нь "Нүдэнд өртөх дургүй Гималайн даяанч нар байжээ" гэсэн байдаг.
Бас нэг сонин зүйлийг ярихад гавъяат уулчин Г.Өсөхбаяр 2 дахь удаагаа цаст Гималайн Күэзи оргилд авирсан. Гавъяат тамирчин 2005 онд Балба улсын талаас уг оргилд авирч байсан бол 2010 онд Түвдийн талаас гарсан юм. Тэрбээр Күэзи оргилд Монгол улсынхаа далбайг мандуулчихаад бууж явахдаа мөн л гурван даяанчтай таарсан гэдэг. Тэр байтугай нэг лам нь гараараа даллан, түүнд залбираад "Аян замдаа өлзийтэй сайн яваарай!" гэж цэвэр халх аялгаар өгүүлсэн гэдэг. Мөн уулчин Г.Өсөхбаярын хүзүүнд ямар нэг амьтны соёо шүд зүүлттэй байдаг бөгөөд тэрхүү шүд нь монгол даяанчийн шүд гэж ярих хүн ч байдаг. Энэ тухай Г.Өсөхбаяр бусдад ярих дургүй бөгөөд харин тэрхүү шүд нь түүнийг олон удаагийн авиралтад аюулгүй байдлыг нь хамгаалж байдаг гэх юм билээ. Эцэст нь хэлэхэд дэлхийм хамгийн өндөр настай хүний тоонд цаст Гималайн даяанч нар ордог, тэдэн дунд монгол лам байна гэдэг сайхан санагдаж байна. Бүр 130 настай гэнэ шүү!
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/ha594hc
No comments:
Post a Comment