Sunday, October 4, 2015

АМАЗОНЫ ЕРТӨНЦ





Евразийн тал нутаг дэх дайнч хэрцгийгээр алдартай нэгэн овог бол түүхэнд бичигдэж үлдсэн эрэлхэг бүсгүйчүүдийн тухай түүхэн тэмдэглэлүүд болно. Тэд эрчүүдээс ер дутах юмгүй агаад хүч чадал хийгээд байлдааны өндөр урлагийг эзэмшсэн баатарлаг бүсгүйчүүд байв. Энэ талаар эртний судлалын барим тавим судалгааны материалууд судлаачдын анхаарлыг ихэд татах болжээ. Жишээ гэхэд Скиф-Сарматын соёлын цэцэглэн хөгжсөн эрин үеийг өгүүлсэн Грекийн түүхэн бичгийн дурсгалд Амазончуудын гайхалтай дайнч байдлыг тод томруунаар бичсэн буй. Орчин үед дайчин бүсгүйчүүдийн булш хиргисүүрийг малтаж судалсан эрдэмтэдийн баг өмнөд Украйны талаас олдсон археологийн баримт бүрийг судалж үзээд тэдгээр булш бүрийн 20% нь эмэгтэй хүний булш болохыг илрүүлсэн байна. Эмэгтэй хүний булшны ихэнхи нь илэрхий дайнч эрэмгий хүний эд өлгийн дурсгалууд  байдаг. Сармат дайчдын булшны ерөнхий тархалт нь Дон, доод Болга мөрөн болон өмнөд Сибирийн тэгш талыг хамруулсан үлэмж хэмжээний дурсгалын бүсчлэлийг үзүүлдэг. 


Булшнаас гарч буй дайчдын хувца хэрэглэл зэрэг нь богино түрийтэй гутал, урт дээл маягийн гадуур хувцастай байдаг нь байгаль цаг уурт зохицсон нүүдэлчин хувцасны зохилдолгоог илэрхийлнэ. Тэдний хувцасны эх материалууд нь ноос, арьс, эсгий түрийтэй гутлууд болон эсгийгээр хийсэн төрөл бүрийн хувцасны материалууд гарч ирдэг. Нэхмэл урлалыг муугүй эзэмшсэн болохыг удаа дараагийн олдворууд илэрхийлдэг бөгөөд тэдгээр бүрт алтан ялтасууд чимэглэл байдалтай олдсоор байна. 




Скифийн дайчин бүсгүйн чимэглэл эрэлхэг эрчүүдээс дутах юмгүй гарч ирдэг. 


Жишээлбэл: 1990-ээд оны үед олдсон Пазюрюк булшны олдворууд эр, эм харилцан адилгүй зэвсэг дагуулж тавьсан байдалтай олдсон бөгөөд үүнд байлдааны сүх болон бусад нэр төрлийн цөөнгүй эд зүйлс дагалдуулан өрж тавьсан нь магадгүй дайчин хүний эдлэлийг хамтад нь үүрд үлдээсэн биз. 

Дайнч бүсгүй хүний булшнаас гарсан эд өлгийн олдворууд болон бүсгүйн бие цогцос илэрхий бусдын гарт хөнөөгдсөн байдалтай аж. Булш Sengileevskoe-2 – оос олдсон алтан ваарны шатаагдсан байдлаас нь үзвэл хадан гэртээ одогчийг нутаглуулах үед зарим эд зүйлсийг нь шатаадаг аж. Скифчүүд тухайн цаг үедээ нэр алдар нь цууриатсан дайнч улсууд байсан. “Тэд амьдралаас тулалдаан руу, тулалдаанаас амьдрал руу...” гэсэн зарчмаар амь зууж байсан гэх ба “Дайсныхаа хуйхийг авч цусыг нь хүртэл амсч өс хонзонгоо авдаг” гэж түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байна. Тодорхой овог аймгуудын холвоо нь тэдний хувьд амь зуулга болон ашиг хонжоо хамтын нэгдлийн хүчирхэг байдлыг илэрхийлэх ба тэдний дунд нум сумыг гаргууд эзэмшсэн нэгнийгээ ихэд хүндэлж эрхэмлэх үзэгдэл ажиглагдаж байв. 
Скифийн язгууртнууд нүсэр хэмжээний булш хиргисүүрийн соёлыг бүтээгчид байсныг хэдийнэ тогтоосон агаад булшнаас дээр дурдсанчлан үлэмж хэмжээний эд өлгийн зүйлс олдохоос гадна адуу мал хойлоглуулах үзэгдэл бусад үе үеийн археологийн соёлт үеүүдтэй ижил ажиглагддаг. Булшнаас гадна бунхан олддог. Скифийн эрин үеийг төлөөлөх гайхамшигт дурсгалуудын нэг бол Пазюрюкийн соёл бөгөөд Монгол-Алтайн Скиф хэв шинжтэй соёлын үлэмж хэмжээний олдворууд нь бусад соёлын хийгээд Скиф хэв шинжийн соёлуудаасаа тодорхой хэмжээний ялгагдах орон нутгийн өвөрмөц онцлого ажиглагддаг. 

04.10.15

No comments:

Post a Comment