Wednesday, October 23, 2013

Монголын палеонтологийн судалгаа


Монголын палеонтологийн судалгааны түүх, өнөөгийн байдлын талаар Монгол улсын Палеонтологийн төв лабораторийн эрхлэгч, доктор Цогтбаатартай манай сурвалжлагчийн хийсэн ярилцлага сонирхоно уу.
Асуулт: Монголд палеонтологийн шинжлэх ухаан анх үүссэн цагаас яриагаа эхэлье?
Хариулт: Монголын палеонтологийн шинжлэх ухааны түүхийг хоёр хувааж болно л доо. Нэгдүгээрт нь гадаадын эрдэмтэн судлаачид ирж судалж байсан үе байна. Хоёрдугаарт нь үндэсний шинжлэх ухааны сэхээтнүүд бий болж энэ чиглэлийн гадаадын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж эхэлсэн үе гэж хувааж болно л доо. Ер нь палеонтологийн шинжлэх ухааны үүднээс монголын палеонтологийн олдворыг судалсан шинжлэх ухааны анхны экспедиц 1920-иод онд Монголд ирж байсан Америкийн байгалийн түүхийн музейн Төв Азийн гуравдугаар экспедиц юм. Монголчууд маань үүнийг Эндрюсийн экспедиц гэж нэрлэдэг юм. Энэ экспедиц 1922, 1923, 1925 онд Монголд ажилласан юм. Дараа нь 1946-1949 онд ЗХУ-ын ШУА-ийн ”Монголын Палеонтологийн экспедиц” гэдэг нэртэй ч зөвхөн гадны эрдэмтдээс бүрдсэн экспедиц ирж ажилласан. Энэ экспедиц бол өмнөх Эндрюсийн судалгаанаас хамаагүй өргөн хүрээг хамарч судалгаа хийсэн. Түүний дээр Төв Азийн гайхамшигт үлэг гүрвэлийн тоонд ордог Тарбазавр батаар зэрэг олон үлэг гүрвэлийн олдворуудыг анх тогтоосон байдаг юм. Тэрчлэн Алтайн цаадхи говьд байдаг үлэг гүрвэлийн олдворын бүсийг олж нээсэн байх жишээтэй. 1960-аад оны үеэс Монгол улс шинжлэх ухааны академи байгуулж ирээдүйтэй шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр 1964 онд Биологийн хүрээлэнгийн дэргэд Палеонтологийн тасаг гэж байгуулсан. Эндээс Монголын палеонтологийн судалгааны түүх эхэлдэг юм.
Асуулт: Яг өнөөдөр гэхэд Монголын палеонтологийн судалгаа дэлхий нийтэд үнэлэгдэх болсон байна л даа. Дэлхийд нэртэй судалгаа олдворуудын талаар товч дурдана уу?
Хальс: Одоо эргээд дүгнээд үзэх юм бол Монголоос олдсон үлэг гүрвэлийн олдворын судалгаагүйгээр дэлхийн үлэг гүрвэлийн судалгааны түүхийг ярихад боломжгүй болсон. Юу гэсэн үг вэ гэхээр, Монголын палеонтологийн судалгаа дэлхийд тодорхой орон зай эзэлсэн гэсэн үг. Үлэг гүрвэлийн дэлхийд батлагдсан 400-гаад олдвор байдгийн 80 орчим нь монголоос олдсон байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийд нээгдэж батлагдсан олдворын тавны нэг нь Монголынх байна. Үлэг гүрвэлийн олдворыг тогтооно гэдэг бол хальт мөлт, босон суун хийдэг ажил биш. Судалгаа шинжилгээний өндөр түвшинд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байж хийдэг ажил учир Монголын шинжлэх ухааны палеонтологийн судалгаа шинжилгээний үзүүлэлт эндээс харагдаж болно. Монголын олдвор цуглуулгагүйгээр дэлхийн үлэг гүрвэлийн түүхийг танин мэдэхэд учир дутагдалтай болсон гэдгийг юугаар батлах вэ гэхээр зөвхөн үлэг гүрвэлийн судалгаа бус зургаан зуун сая жилээс наашхи өнөөг хүртэлх дэлхийн түүхийн бүхий л амьтан ургамлын төлөөлөгчид Монгол нутгаас олддог учраас зөвхөн олдвор цуглуулга бус тэр чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаач нарын уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэж үзэх ёстой зүйл.
Асуулт: Палеонтологийн судалгаа бол ихээхэн нарийн, бас тэгээд ихээхэн хөрөнгө хүч, техник технологи шаардагддаг байх. Энэ талын боломж нь хэр хангагдаж байдаг вэ?
Хариулт: Сөнөж мөхсөн буюу байхгүй болсон зүйлийг байгаа юм шиг болгож судална гэдэг бол хэцүү зүйл. Гэхдээ энүүгээрээ орчин үед амьдарч байгаа амьтад, ургаж байгаа ургамлын судалгааг амархан гэж хэлж байгаа юм биш л дээ. Гэхдээ их ховор байдаг, чулуужсан олдвор цуглуулган дээр үндэслээд нарийн судалгаа өөрөөр хэлбэл амьдарч байгаа эх дэлхийнхээ түүхийг сэргээх ажилд арай илүү хөрөнгө мөнгө, эрдэм мэдлэг, хүчин чармайлт шаардана. Ялангуяа хээрийн судалгаа малтлага зэрэг бол үнэхээр их хөрөнгө зардаг ажил юм байна. Өнөөдрийг хүртэл бидний болгож ирсэн зам бол хамтарсан экспедицийн зам. Өөрөөр хэлбэл цаад талын бололцоотой орны дэмжлэгээр ихэнхи судалгааг явуулж ирсэн л дээ. Энэ учраас яагаад заавал хамтраад байдаг юм, дангаараа хийх ёстой юм биш үү гэдэг үзэл бодол бас байдаг л даа. Миний бодол бол дэлхийн түүхээ судалж байгаа юм чинь зөвхөн монголчууд л газар нутаг дээрээ байгаа зүйлээ судлана гэдэг үзэл бодол бол учир дутагдалтай. Судалгааны учир утга нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэх байдаг учраас хамтарч байж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэх ёстой л доо. Тийм болохоор ганц Монголд биш дэлхий нийтэд палеонтологийн чиглэлийн экспедицийг дандаа л хамтарч явуулж байгаа юм. Одоо битгий хэл тэр 1920-иод онд Монголд хийсэн Эндрюсийн гээд байгаа экспедици ч гэсэн тухайн чиглэлийн дэлхийн шилдэг эрдэмтдийг л урьж оролцуулсан байдаг.
Асуулт: Ер нь аль аль орны экспедици, эрдэмтэдтэй хамтран ажиллаж байв? Одоо ямар оронтой хамтарсан судалгаа хийж байна?
Хариулт: 1990-оноос өмнө гол төлөв тухайн үеийн социалист орны экспедицүүдтэй хамтарч ажиллаж байж л дээ. Тэр үеийн ЗХУ, Польшийн ШУА-уудтай хамтарсан экспедицүүд ажиллаж байсан. 1990 –ээд оноос хойш тухайн палеонтологийн чиглэлээр ямар орны ямар эрдэмтэн сайн ажиллаж байна тэр бүхэнтэй хамтран ажиллах бололцоо нээгдсэн л дээ. Тухайлбал АНУ-ын байгалийн түүхийн музейтэй 1992 оноос хамтарсан экспедицүүд зохион байгуулан ажиллаж байна. 1993 оноос Японы эрдэмтэдтэй хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийж байна. Түүнчлэн Австри, Франц, Италийн нарийвчилсан судалгааны жижиг экспедицүүдтэй хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын эрдэмтэд хамтарсан судалгаа хийх хүсэлт их ирүүлж байна. Мөн олон жил уламжлал болж ирсэн ОХУ-ын Палеонтологийн хүрээлэнтэй хамтарсан судалгаа хийгдэж байна.
Асуулт: Манай улсын палеонтологичид маань дэлхийд хэр үнэлэгдэж явдаг вэ?
Хариулт: Палеонтологи гэдэг өргөн хүрээтэй л дээ. Бидний хамгийн их сайн мэддэг дэлхий нийт мэддэг судалгааны салбар бол үлэг гүрвэл болчихлоо л доо. Үлэг гүрвэлийн судалгаагаар монголын эрдэмтэд дэлхийд нэлээд дээгүүр байр суурьтай. Тухайлбал манай ахмад эрдэмтэн академич Ринчингийн Барсболд гэж хүн бий. Энэ хүн өнгөрсөн жил Сээр нуруутны палеонтологийн салбарт олгодог дэлхийн өндөр шагнал, энэ салбартаа Нобелийн шагнал гэгддэг шагналыг хүртээд байгаа. Мөн үлэг гүрвэлийн чиглэлээр судалгаа хийж байсан Пэрлээ гуай бол тухайн үедээ энэ салбарын зуун шилдэг эрдэмтдийн жагсаалтанд багтаж “Who is who” гэдэг номонд тэр хүний намтар түүх нь хэвлэгдсэн байгаа.
Асуулт: Монгол бол өргөн уудам нутагтай орон. Судалгаа нэлээд хожуу эхэлсэн. Палеонтологийн дурсгал байж болзошгүй газар бүхнийгээ судалж амжсан байдаг уу.
Хариулт: Тодорхой судалгаа ярья л даа. Жишээ нь үлэг гүрвэлийн судалгаа байна. Үлэг гүрвэлийн судалгаагаар Монгол улс дэлхийд 3-т ордог юм. Манай өмнө АНУ, Хятад хоёр орж байгаа. Энэ хоёр их гүрний дараа дэлхийд зогсож байна гэдэг бол бас том үзүүлэлт. Үүнийг дагасан сурталчилгаа сайн хийгдэж байна. Жишээ гэхэд манай үлэг гүрвэлийн үзэсгэлэн дэлхийн 30 гаруй улсын 65 хотод гараад байгаа. Өнгөрсөн жил палеонтологийн салбарынхны бүтээлээ тавихыг хүсдэг дэлхийн нэг номерийн сэтгүүлд бидний бичиж хэвлүүлсэн зүйл оны шилдэг материал болсон. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд монголын палеонтологийн судалгаа дэлхийн хэмжээнд явагдаж байгаа.
Эх сурвалж: http://mn.vom.mn/i/1171

No comments:

Post a Comment