Эхлээд, уншигч та бүхнээс хүлцэл өчье! Учир нь, энд саяхны нэгэн явдлыг сануулах гэсэн юм. Саяхан Монголын хэд хэдэн телевиз, сайтаар "Монгол хүн Монголын баялаг" нэртэй нэвтрүүлэг гарав. Энэ нэвтрүүлэг АНУ, БНСУ гэх мэт улсад тухайн улсын хувийн том компанид ажиллаж буй цөөн тооны монгол хүний талаар харуулсан бөгөөд тэднийг “монголын бахархал”, монгол хүний охь дээж нь хэмээн сурталчилжээ. Гэхдээ удалгүй энэ талаар шүүмжлэл гарсан юм.

Гадаад улсад амьдарч, тэндэхийн хувийн компанид ажиллаж, бусдын л адил өөрийн хувийн амьдралын мөрийг хөөж буй тэдгээр залуусыг ийнхүү өргөмжлөн харуулж байсан нь тэдэнд өөрсдөд нь ч таалагдаагүй байж болно шүү дээ. Тэд бол харьд Microsoft, Apple, Google гэх мэт компанид ажиллаж буй мянга мянган хятад, энэтхэгүүдийн адил амьдралын мөрөө хөөж буй жирийн монгол залуус юм. Жишээлбэл, 2008 онд Microsoft компанийн ажилчдын 34 хувь нь энэтхэгчүүд байв. Энэтхэгийн ажиллах хүчний нуруун дээр тогтож буй энэ компани саяхан энэтхэг захиралтай ч боллоо. Тэгвэл, ганц, хоёр монгол хүн Microsoft компанид ажилд орж, олон мянган хятад, бангладеш, энэтхэгчүүдийн хийдэг ажлыг хийсний төлөө “Монголын бахархал”, монгол хүний дээд нь хэмээн тэднийг өргөмжилж буй нь монгол хүний үнэ цэнийг ямар түвшинд харагдуулж байна вэ? Монгол хүний тухай ярихад анхаарах л ёстой зүйл!

Харин энд өөр “монгол хүн”-ий талаар та бүхэнд танилцуулж байна. Энэ хүн бол Г.Ариунболд хэмээх залуу юм. Тэр АНУ-д сурч, ажиллаж байгаад саяхан эх нутагтаа иржээ. Г.Ариунболд нь хэрэглээний физикийн салбарт лазер гэрлээр халдварт өвчин оношлох шинэ нээлт хийсэн доктор хүн юм. Анх түүний баг энэ судалгааг эхэлж байх үед АНУ-ын нөлөө бүхий эрдэмтэн тэдний ажлыг бүтэшгүй санаа хэмээн сануулж байсан гэдэг. Гэвч Г.Ариунболд судалгааны ажилдаа амжилт олж, түүний нээлт, бүтээл англи хэлээр хэвлэгддэг, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, түүний дотор хамгийн нэр хүндтэй сэтгүүлийн нэг “Science” сэтгүүлд хэвлэгджээ. Одоо түүний нээлт хэрэглээний физик, анагаах ухаан, батлан хамгаалах төдийгүй бизнес гэх мэт бусад салбарт ч шинэ боломжууд нээсэн нь тодорхой юм.

Г.Ариунболд нь шинжлэх ухаанд нээлт хийгээд зогссонгүй Монгол эх орныхоо хүн ард, байгаль, газар шорооны төлөө бие, сэтгэлээ зориулж, бусдын төлөө тэмцэж яваа эр зоригтон юм. Тэр Монголд уран олборлож, цөмийн хаягдал булшлахын эсрэг Анти Нуклеар Мүвмент буюу “Голомт- Цөмийн аюулын Эсрэг Xөдөлгөөн”-ний идвэхтэн гишүүн ажээ. Г.Ариунболд өнгөрсөн жил Монголдоо ирснээр сурсан эрдмээ монгол шавь нартаа зааж сургахын сацуу Монгол улсад уран олборлох, АЦС барих, цөмийн хаягдал булшлахын эсрэг улам идэвхтэй тэмцэхээр хатуу шийджээ. Чухам ийм л сэхээрсэн эрдэмлэг хүнийг хувиа борлуулах бус, харин бусдын төлөө бие сэтгэлээ зориулсан “жинхэнэ монгол сэхээтэн” гэнэм.

Ингээд олныг үл нуршин та бүхэнд “Монголчууд Америкт” номын зохиогч Гомбосүрэнгийн Галбадрахын Г.Ариунболдтой хийсэн нэн сонирхолтой ярилцлагыг толилуулж байна.

Нэг. Намтрын товчоон

-PhD. 2011 Техас А&M их сургууль, АНУ
-PhD. 2000, Палацкийн их сургууль, Чех Улс
-Эрдэм шинжилгээний ажилтан Аризонагийн их сургууль , АНУ: 2011, 2012; Техас A&M их сургууль, АНУ: 2003, 2005, 2006; Макс Планкийн Институт, Герман: 2003, 2004
-Физикийн багш МУИС, Монгол: 1996,1997, 2000-2002

...2001 онд Америкт биологийн алан хядах халдлага гарав. Шуудангаар илгээсэн боомын нянтай хэд хэдэн дугтуйг хүлээн авсан хүмүүс халдвар авсан байна. Ийм дугтуйг хүлээн авсан 22 хүнээс 5 нь нас баржээ. Квант физикийн нэрт эрдэмтэн судлаач, профессор Марлан Скаллигийн хүү нь онгоцны нисгэгч аж. Нэг удаагийн нислэгийн өмнөхөн онгоцноос нь дугтуйтай үл мэдэгдэх нунтаг олдсоноор зорчигчид нь айн сандралдав. Биологийн ээлжит халдлага байж магадгүй хэмээн айн болгоомжилсон хэрэг.

Харамсалтай нь уг нунтгийг боомын халдварт нян мөн эсэхийг шуурхай мэдэх ямар ч боломжгүй бөгөөд заавал лабораторид аваачиж шинжилгээ хийдэг ёстой. Энэ хэрээр ихээхэн цаг хугацаа алддаг аж.


Нисгэгч залуу уг болсон явдлын талаар эцэгтээ Скаллид ярьснаар аав нь энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн гэдэг. Боомын халдварт нянг шуурхай мэдрэх технологи нэвтрүүлэх нь олон жил дамнасан шийдэгдээгүй ярвигтай асуудал. Харин профессор М.Скаллигийн удирдсан Принстон болон Техас A&M их сургуулиудын хэсэг физикчдээс бүрдсэн судалгааны багийнхан энэ асуудлыг зарим талаар шийдэж чаджээ.


Тэд боомын нянг секундийг хэдэн зуу хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд таньж чадах аргачлал бий болгосноор дэлхийн дээд рекордыг албан бусаар тогтоосон аж. Энэ багт монгол залуу эрдэмтэн Г.Ариунболд орж ажилласнаар уг бүтээлийн эздийн нэгд албан ёсоор тооцогдох болжээ. Амжилттай хэрэгжсэн энэ төслийн талаар олон сувгаар мэдээлсэн. Энэ шинэ технологийн талаар Принстоны их сургуулийн мэдээнд дурдагдаж, SCIENCE сэтгүүлд 2007 онд хэвлэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 140 удаа ишлэгдээд байна.

2012 оны 12 сарын дундуур Г.Ариунболдтой уулзаж ярилцахаар Аризона мужийн Тусон Тucson хот руу нислээ. Тусон хэмээх жижиг хотын онгоцны буудал дээр Г.Ариунболд намайг тосч, бид хамтдаа 2 өдрийг өнгөрүүлснээр энэ ярилцлага бүтсэн юм.


Хоёр. Эрдэмд шамдсан он жилүүд


Г.Галбадрах: -Хаана төрж, хаана өсөв?


Г.Ариунболд: -Манай аав ээж хоёр Говь-Алтайн хүмүүс, нэг ангийн хоёр.
Би өөрөө Налайхад төрсөн. Налайх бол дээхэн үеэс нүүрсний том уурхайг түшиглэж газар газраас цугласан хүмүүс амьдардаг их өвөрмөц хот. Аав минь нилээд дээр өнгөрсөн. Ээж минь насаараа л Налайхын уурхайн эмийн сангийн эрхлэгч хийсэн хүн. Манайх намайг төрөөд хэдхэн хоногтойгоос эхлээд бараг л жил болгон Богд уулын ам “Шажин хурах” гэдэг газарт зусдаг байлаа. Үеэлүүдтэйгээ нийлээд тэнд зунжингаа наадан тоглож, гишүү мөчир түүж, хад, гүзээлзгэнэ амтархан идэж, уулын горхинд умбаж, бага нас минь үнэхээр жаргалтай сайхан өнгөрсөн. Шажин хурахад нүүж очсон анхныхаа өдөр л гутлаа тайлаад орхичихно, намар зуслангаас буух болохоор гутлаа хайгаад олдоггүй, зунжингаа өсгийгөө ѳм цѳм хагартал хөл нүцгэн гүйдэг тийм л жаргалтай үе байлаа шүү дээ.


Энэ нэрний учир гэвэл дээр үед Монгол Хуралдай болоход, төрийн түшмэд нь "Төр хурах"-ын аманд, харин шашны мэргэд нь "Шажин хурах"-ын аманд хуран чуулдаг байсан гэж хуучилдаг байж билээ. Тийм болохоор "Шажин хурах" бол нэрнээсээ аваад л ариун дагшин газар гэж би үргэлж боддог.


Г.Галбадрах: - Хөдөө тэгж өссөн хүүхдүүд л байгаль дэлхийтэйгээ илүү ойр байдаг даа.

Г.Ариунболд: -Тэгэлгүй яахав. Тэгж өсөхдөө л байгаль дэлхийдээ ойр байж, сэтгэлээсээ мэдэрч, яаж хайрлах ухаанд суралцдаг юм. Унасан газар минь Налайхын хонхор, угаасан ус минь Шажин хурахын уулын горхи. Тарваганы дош, зам харгуй, хад асга болгоныг ч андахгүй. Нүүж ирэх үеэр томчуудын ам амандаа "Тэр зам баларчихаж, тэр хэсэгт нялх модод ургаад наашилчихаж" гэхийг сонсонгоо бут сөөг, зам харгуй, горхи булгаа хувийнх юм шиг л дотроо бүртгэнэ. Гадаадад олон жил явахдаа ихэвчлэн "Шажин хурах"-аа л зүүдэлдэг юм. Энэ бол миний нутаг.


Тийм ч болохоороо одоо хэр нь Монголын байгаль орчны сүйрэл, байгалийг хордуулж байгаа элдэв асуудлын талаар санаа зовж, сэтгэл шаналж явдаг.


Г.Галбадрах: -Сургуульд хаана боловсров?


Г.Ариунболд: -1-р ангидаа Налайхад суралцаад 1988 онд МУИС-ийн дэргэдэх "гүнзгийрүүлсэн сургалттай физикийн анги" -д элссэн. Энэ сургуульд 8-р ангиас шалгаруулж элсүүлдэг байсан. Тэр сургуульд би цалинтай сурагч байв. Тэр цагаас хойш эрдмийн мөр хөөж, өнөөг хүртэл олон жил явлаа даа.


Г.Галбадрах: -Тэр цагаас хойш физикээр л дагнаж суралцсан уу?


Г.Ариунболд: -Тийм ээ. Гүнзгийрүүлсэн сургалттай физикийн ангид 2 жил суралцаад МУИС-ийн физикийн ангид оров. МУИС-даа 4 жил сурч, 1994 онд төгсөөд, тэндээ онолын физикээр магистрт сурч хамгааллаа. Дараа нь МУИС-даа багшилж байгаад 1997 онд Чех улсын Оломоуц хотын Палацкийн Их Сургуулийн Оптикийн тэнхимд профессор Ян Перина Jan Perina-гийн удирдлагаар квант физикийн онолын чиглэлээр эхний PhD. гээ хамгаалсан. Квант оптикийн зарим нэг онолын бодлогуудыг бодож, хэд хэдэн ажил хэвлүүлсний зарим нь одоо хүртэл ишлэгдэж байдаг.


Г.Галбадрах: -Нэг ёсондоо Физикийн Шинжлэх Ухаан хэмээх том далай руу эргэж буцалтгүй оржээ дээ?


Г.Ариунболд: -Тэгсэн. Мэргэжлийнхээ чиглэлээр Европт болсон олон хурал цуглаанд оролцож, олон мундаг эрдэмтэдтэй танилцаж, тэднийг биширч явлаа. Энэ жил физикээр Нобелийн шагнал хүртсэн проф. Серж Харош Serge Haroshe-той тэртээ 1999 онд гуйн зургаа хамт татуулж байсан нь санаанд ил. Тэр үед, аль хэдийн Нобелийн шагналын болзол хангачихсан квант оптикийн олон эрдэмтэд байлаа. Сэрж Харош, Рой Глаубер Roy Glauber, Теодор Хайнш Theodor Haensch, Херберт Вальтер Herbert Walther, Марлан Скалли Marlan Scully, Антон Цайлингер Anton Zeilinger зэрэг "үлэмж биетнүүд" квант оптикийн салбарт "ноёрхож" байв. Дээрхийн гэгээнтэн Далай ламтай квант физикийн зарим асуудлаар ном хаялцан шуугиан тарьж байсан проф. А.Цайлингер намайг судалгааны багт нь очиж илтгэл тавих үеэр өөрийн бичсэн номоо надад бэлэглэсэн. Миний удирдагч Перина ч бас квант оптикийн анхны сурах бичгийг гучин хэдхэн насандаа бусдаас түрүүлж бичсэн нь одоо хэр нь "цагаан толгой" болон хэрэглэгдэж байгаа.


Г.Галбадрах: - Чехэд докторын зэрэг хамгаалсныхаа дараа ямар сонголт хийв?


Г.Ариунболд: -Чехээс буцаж МУИС-даа ирж, 2 жил багшилсныхаа дараа АНУ-ын Техасын A&M их сургуульд проф. Марлан Скаллигийн багт ажиллаж эхэлсэн. Түүний квант оптикийн институтэд олон арван нэр хүндтэй эрдэмтэд, тэр дундаа хоёрын ч зэрэг Нобелын шагналтан ажилладаг дэлгэрэнгүйг эндээс харна уу http://iqse.tamu.ed/u Үнэндээ энэ хүнтэй хамтарч ажиллах нь миний мөрөөдөл байлаа. МУИС-д сурч байхдаа Скаллигийн номыг олж уншсан юм. Тэр ном их энгийн ойлгомжтой эхэлж байснаа аажим аажмаар квант оптикийн хүнд асуудлууд руу хөтлөөд оруулчихна. Нарийн шинжлэх ухаан гэдэг бол тийм ч аймаар хэцүү зүйл биш юм гэдгийг энэ номноос мэдэрсэн. Тэр үед л надад зорилго бий болсон доо. 1990-ээд оны эхээр нийгэм задарч, хүн болгон амьдралаа босгох гэж "юун эрдэм ном" болж байлаа шүү дээ. Тэгэхэд би сургуульдаа л үлдсэн. Тэгээд алдаагүй ээ!


Г.Галбадрах: -Зорилго тодорхой байсан болохоор чи эргэлзээгүй байх л даа.

Г.Ариунболд: - Магадгүй юм аа. Тэгээд АНУ-д ирж ажиллаад 6 сар болж байтал Германы Мюнхен хотын дагуул жижигхэн хот Гархингд байдаг Макс Планкийн Квант Оптикийн Институтэд проф. Херберт Валтерын багт Хумбольдтийн Сангийн тэтгэлгээр очиж ажиллахаар боллоо. Тэр бол квант оптикийн "ариун шүтээн" гэж хэлж болох газар. Нэг ёсондоо Хар Хорум эсвэл Мекка-тай зүйрлүүлж болно. Тэндэхийн тогооноос Р.Глаубер, Т.Хайнш нарын Нобелийн шагналтнууд сая төрөн гарлаа шүү дээ. Удахгүй тэндээс дахиад ч Нобелийн шагналтан гарах байх. Миний тэнд очсон нь Ц.Ганцог багшийн маань ач. Багшийн зөвлөснөөр тэд надад санал тавьсан юм билээ. Тэндээ үндсэндээ жил хагас ажиллаад бидний төсөл дууссан. Ингээд проф. Х.Валтерын зөвлөснөөр М.Скаллигийн багтаа эргэн ирж ажиллав.


Г.Галбадрах: -Буцаж ирэхдээ илүү тодорхой зорилготой болсон байх?



Г.Ариунболд: -Тийм ээ. Европоосоо Америкт ажиллах нь надад илүү чөлөөтэй санагдаад. Эндээ онолын чиглэлээр ажиллаж байгаад 2006 оноос өөрийгөө дахиж сорих нэг алхам хийлээ. Энэ нь хэрэглээний лазерын чиглэлээр дахин PhD. хийхээр сэтгэл шулуудсан явдал. Ингэх олон шалтгаан байсан л даа. Тухайлбал, туршлагын физикээр нарийн мэргэшиж, онол-туршлагын "хос морь"-той болох. Нөгөө талаар Скалли бол квант оптикийг үндэслэгчдийн нэг төдийгүй Нобелийн шагналт Уиллис Лэмбийн шавь. Өрнөдөд өөрийн PhD дипломын удирдагчаа "доктор эцэг" гэж нэрлэдэг жишгээр би Лэмбийн "зээ шавь" болно гэсэн үг. Хэдийгээр би оюутан болох ч гэсэн оюутны биш, эрдэм шинжилгээний ажилтны зэрэглэлээр тасралтгүй үргэлжлүүлэн цалинжих олон жилийн баталгаа. Тэр үед хэрэгжүүлэхэд ярвигтай мөртлөө маш нэр хүндтэй төсөл эхэлж байсан бөгөөд яг гардаж хэрэгжүүлэх мэргэжлийн хүн хүрэлцээгүй байсан зэрэг нь шийдвэр гаргахад нөлөөлсөн. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь "Эрдэмд оройгүй!" гэсэн уламжлалт итгэл үнэмшил намайг зоригжуулж байсан. МУИС-ийн физикийн О.Лхагва багш маань бидэнд "-Номыг галзуу нохойны амнаас ч хамаагүй булаан авч сурдаг юм!" гэж сургаж байсан нь тэр үед санаанд орж байсан шүү.


Г.Галбадрах: -Нууц биш бол энэ ямар төсөл байсан бэ?


Г.Ариунболд: -Скалли бол олон ч нээлт хийсэн, нөлөөтэй том эрдэмтэн. Хүн эрдмийн ажил хийх нэг хэрэг. Гэтэл үүнийхээ хажуугаар менежмент сайн хийнэ гэдэг нь хүн болгонд байдаг авьяас биш. Скалли бол мундаг эрдэмтэн хэрнээ бас мундаг менежер хүн. Бараг 100 гаруй эрдэмтэд, PhD. оюутнууд түүний шууд удирдлага дор ажилладаг. Гэтэл надтай урьд нь уулзахдаа юу ярьж байсан, дараа уулзахдаа түүнийгээ л үргэлжлүүлээд ярьж чаддаг хүн. Гайхалтай чадвартай. Бид энэ төслийг Америкийн Батлан Хамгаалахын ахисан түвшиний Эрдэм шинжилгээний Агентлаг DARPA-аас авсан юм. Энэ бол зөвхөн квант физик төдийгүй биологитой холбоотой төсөл. Боомын халдвартай нянг аль болох хурдан хугацаанд танин мэдэх зорилготой. Энэ түүхийг ярилцлагын эхэнд дурдсан болно. Г.Г АНУ-д 9 сарын 11 ны террорист халдлагын дараа, биологийн халдлага болсон юм. Үүнээс болоод DARPA энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн гэдэг.


Өнөө үед дорвитой төсөл хэрэгжүүлэхэд ганц нэг эрдэмтэн эсвэл ганц судалгааны баг хүчин мөхөсдөнө. Энэ бол яг тийм хэмжээний төсөл. Эхний хэдэн жил олигтой үр дүн гарах нь бүү хэл "ханхлах" ч үгүй байлаа. "Бүтэшгүй төсөл" гэдгийг зарим эрдэмтэд бүр онолын үндэстэй "баталж" байв. Энэ бүхнээс үзэхэд шинжлэх ухааны аливаа асуудлыг яаран үгүйсгэх, эсвэл үл ойшоохоосоо өмнө "Яагаад болдоггүй юм бэ" гэдгийг ухаж ойлгохыг хичээж, ханцуй шамлаад ороод явчих нь амжилтад хүрэхэд нөлөөлдөг байж магад гэдгийг мэдэрсэн шүү. Барууныхан "сүрлэн бухал дундаас зүү эрэхтэй адил хэцүү" гэж хэлэлцдэг шүү дээ. Харин бид тэр зүүг олж чадсан юм даа. Юу гэвэл, бид секундыг хэдэн зуу хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд боомын нянг оношлох аргыг олж чадсан. Тэгээд патентаа ч авсан. Энэ бол технологийн нээлт юм. Асуудлыг бид лабораторид шийдсэн байгаа. Одоо бол практикт яаж хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудал үлдсэн. Энэ чиглэлээрээ төсөл мааньүргэлжилнэ гэсэн үг. Энэ төсөл дээр ажиллаж байхдаа хоёр дахь PhD. -гээ ч хамгаалж амжсан.


Г.Галбадрах: - Ийм мундаг технологийн нээлтэнд монгол хүний оролцоо явж байна гэдэг. Энэ бол үнэхээр бахархалтай санагдаж байна шүү!


Г.Ариунболд: -Эрдэм шинжилгээний нилээд хэдэн сайт болон нэр хүндтэй сэтгүүлүүдээр бидний амжилтыг шуурхай мэдээлж байлаа. Гэтэл харамсалтай нь Монголд маань энэ талаар ямар ч мэдээлэл алга байв. Эрдэм шинжилгээний бүтээлүүдийн ишлэл бол нэг гол үзүүлэлт байдаг. Бидний 2007 онд Science сэтгүүлд хэвлүүлсэн ажлыг тавхан жилийн дотор, өнөөдрийн байдлаар 140-өөд удаа ишлээд байна. Энэ жил бол миний хувьд хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн оргил үе байлаа. Миний бичиж хэвлүүлсэн ажлуудыг google.com сайтаар Гомбожав О Ариунболд golmbojav o ariunbold нэрээр хайж сонирхож болно. Эрдмийн ажлуудаа гадаадын мэргэжлийн эрдэмтдээр үнэлүүлэх нь илүү бодит үнэлэмж гэж би боддог. Өнөөх төслийн ажлаа дуусгасны дараа наашаа Аризонагийн Их Сургуулийн Оптикийн Шинжлэх Ухааны Коллежи College of Optical Sciences-д хэрэглээний лазерын чиглэлээр ажиллаад хоёр жил болж байна. Үндсэндээ хорь шахам жил эрдмийн ажил хийлээ.


Гурав. Шинжлэх Ухааны тухай товч хөөрөлдөөн


Г.Галбадрах: -Шинжлэх ухаанаар ингэж олон жил зутгэж явахдаа чухам юу мэдрэв?

Г.Ариунболд: -Шинжлэх ухаанд зүтгэнэ гэдэг юмаа гээчихсэн хүн шиг цуцалтгүй эрэл хайгуул, хэний ч мэдээгүйг бусдаас түрүүлж мэдэхийн сэтгэл ханамж, алхам алхмаар "нээлт" рүү дөхөх урам зориг, хүсэл эрмэлзлэл юм уу даа. Энэ зам хүн бүрт нээлттэй боловч, хүссэн хүн бүр замнах бас боломжгүй. Нөгөө талаар олон хүмүүс, эрдэмтэдтэй танилцаж харилцааны цоо шинэ шатанд дөхөж очдог гэж хэлж болно. Тэр хэрээр эгэл жирийн байх, бусдад адил тэгш, хүнлэг энэрэнгүй хандах, даруу төлөв байхад ч бас суралцдаг болов уу гэж боддог.


Г.Галбадрах: -Юм болгон хоёр талтай болохоор, шинжлэх ухаанд зүтгэхэд бас сул тал байдаг байх?


Г.Ариунболд: -Мэдээж харамсч дургүйцмээр зүйлүүд байнаа. Улс орнууд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг заримдаа дайн байлдааны зориулалтаар ашигладаг. Би тийм зорилгоор эрдмийн ажил хийхээс болж өгвөл зайлсхийхийг хичээдэг.


Эрдэмтэн хүнд ёс зүйгээс гадна хүний мөс, жудаг гэдэг юм амин чухал байх ёстой дог. Шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, техник технологийнхоо дэвшлээрээ түрий барьж бусад орны хүн ардын эрх ашигт хор хүргэх, эрсдэлд оруулах нь буруу зүйл. Миний одоогийн ажиллаж байгаа эрдэм шинжилгээний багийн хүндэт гишүүн Нобелийн шагналт Н. Блумберген N.Bloembergen "өнөөдөр бид лазерыг энхийн зорилгоор илүү ашиглаж байгаа" гэж хэлж байсан. Харамсалтай нь цэрэг дайны зориулалтаар маш олон төсөл хэрэгжсээр л байгаа. Үүнд олон эрдэмтэд оролцдог. Эрдмийн мөр хөөж байгаа залуус "хийх гэж байгаа эрдмийн ажлынхаа ач холбогдол хор хөнөөлийг тунгааж, асуудалд нухацтай хандаж" байх нь зүйтэй гэж хэлмээр байна.


Г.Галбадрах: -Тийм ээ, би энэ асуудлын хувьд чамтай санал нэг байна.


Г.Ариунболд: -Надтай адил үзэл бодолтой олон эрдэмтэдтэй таарч явлаа. Тухайлбал, АНУ-ын 35 шилдэг залуу эрдэмтний нэгээр шалгарч байсан Харвардын эрдэмтэн эмэгтэй, надад өөрийнхөө компанийн тухай танилцуулж байсан. Түүний мөрөөдөл бол гар утас шиг жижиг, хямдхан оношлогооны багаж бүтээх явдал. Хичнээн ядуу ч бай, бүр гуйлгачин ч бай өнөөдөр гар утас бариагүй хүн ховор. Хэрэв тэр мөрөөдөл биелбэл, жирийн хүн өөрийнхөө удамшлын мэдээллээ унших төдийгүй өвчнөө өөрөө оношлох боломжтой болох юм. Тэр үед хүн эрүүл байх эрхээ эдлэх бүрэн боломж нээгдэнэ гэсэн үг.


Г.Галбадрах: - Шашин болоод шинжлэх ухааны харилцааны тухайд?


Г.Ариунболд: - Эрдэмтэн хүн өөрийн итгэл үнэмшлээ шинжлэх ухаантай эрээ цээргүй хутгаж боломгүй санагддаг. Хувь хүнийхээ хувьд ямар ч шашин шүтэж болох ч эрдэмтэн хүнийхээ хувьд аливаа асуудалд шинжлэх ухааны мэдлэгт тулгуурласан үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой.


Би хувь хүнийхээ хувьд Буддын шашныг биширдэг. Гэхдээ түүнийгээ шинжлэх ухаантай хольж болохгүй л дээ. Гэтэл одоо үед "хулхи шинжлэх ухаан", "шашны нөлөөт шинжлэх ухаан"-ы "боловсон" хандлагууд бий болж байгаа нь тоогүй хэрэг. Энэ бол зөвхөн Монголд л дэлгэрээд байгаа юм биш. Тухайлбал, квант физик, биогенетик гэх мэт салбаруудад ийм хандлагууд ажиглагддаг л юм. Квант бичил ертѳнцѳд юмс үзэгдлийн харилцан шүтэлцээ их ѳвѳрмѳц. Ажиглагчийн нѳлѳѳнѳѳс болж тухайн үзэгдлийн мѳн чанар эрс тэс өөрөөр хэмжигдэх боломжтой. Гэхдээ энэ нь дорнын гүн ухааны арга-билигийн ухагдахууныг шууд хуулбарлах ёстой гэсэн үг хараахан биш болов уу. Ѳнѳѳдѳр АНУ-ын нэр нѳлѳѳ бүхий хэсэг бүлэг улс тѳрчид, эрдэмтэд "ухаалгаар шийдэхүй” inteliegent design гэдгээр Дарвины хувьслын онолыг орлуулж ерѳнхий боловсролын хичээлийн программд оруулах гэж олон жил мэрийж байгааг би эрдэмтнийхээ хувьд буруу гэж үздэг.


Дөрөв: Нийгмийн шинэчлэлийн төлөөх идэвхи

Г.Галбадрах: -Г.Ариунболд гэдэг хувь хүнийх нь талаас олж харвал?


Г.Ариунболд: - Гадаадад олон жилээр сурч хөдөлмөрлөж, амьдарч явахдаа би монгол хүн гэдгээ хором бүрт мэдэрдэг. Нэр төр, ажил төрөл, эд хөрөнгө, өмссөн хувцас бүгдийг нь Ариунболд гэдэг хүнээс хураагаад авчихвал "надад юу үлдэх вэ?", "би хэн бэ?" гэж өөрөөсөө асуудаг. Тэр үед "-Би чинь Монгол хүн шүү дээ!" гэж л өөртөө хариулдаг. Ядарч зүдэрч, жаргаж баярлаж явсан ч би Монгол хүн. Яагаад гэвэл миний судсаар Монгол цус гүйж байгаа болохоор сэтгэлд минь ямагт Монголын тухай л бодол эргэлддэг.


Монголд миний тус одоо л хэрэг болж байж ч магадгүй гэж бодсон. Тийм болохоор ирэх оноос эх орондоо очиж өөрийн чадах зүйлээрээ бодит тус нэмэр болохоор сэтгэл шулуудсан. Эрдмийн ажлаа үргэжлүүлээд хийгээд явах бололцоо, тодорхой амжилтад хүрэх, тэр хэрээрээ амьдралын баталгаагаа бий болгох боломж надад бүрэн бий. Гэхдээ энэ цаг үед би Монголдоо илүү тус болох юм шиг надад санагдаад байгаа. Энэ нь сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд өнгөцхөн хандаж байгаа зүйл огт биш л дээ.

Г.Галбадрах: - Тийм ээ, энэ цаг үед монгол хүн бүрт Монгол орныхоо төлөө хүргэх ямар нэгэн тус хэрэгтэй болж байгаа байх гэдэг бодолтой тань санал нийлж байна.


Г.Ариунболд: - Заавал эд хөрөнгөөр туслах биш, бас хэрэгтэй хүндээ мэдлэг, сэтгэлийн дэм өгөх юм сан гэж бодож байна. Гадныхныг харахад нийгмийн идэвхитэй, олон нийтийн сайн сайхны төлөө ажилладаг сайн дурын байгууллага, хүмүүс их байдгийг анзаарлаа. Бусдад тус хүргэсэндээ сэтгэл хангалуун байж, түүнийгээ амьдралынхаа хэв маяг болгосон хүмүүстэй бишгүй л таарч байлаа. Энэ нь үнэндээ заавал шашинтай холбоотой байх албагүй. Гэтэл сүүлийн үед Монголоос минь сайны хажуугаар саар мэдээ ч их сонсогдох болов. Нийгэмд болж байгааг нь биш, болохгүй байгааг нь хэлж, хашгирч байдаг хүмүүсийг активистууд идэвхтнүүд гэдэг юм билээ.


Г.Галбадрах: -Энэ бол зөвхөн Монголд ч биш дэлхийн хэмжээнд байдаг нийтлэг үзэгдэл.


Г.Ариунболд: - Дэлхийн хэмжээнд тийм жишээнүүд зөндөө олон бий. Жишээ нь:


1. Эмч хатагтай Хелен Калдикотт Helen Caldicott байна. Энэ хүн эмч бөгөөд Харвардад багшилж байгаад активист болж байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор учруулж заналхийлж буй цөмийн аюулын эсрэг 1980 оноос өнөөдрийг хүртэл тэмцсээр байгаа нэр хүндтэй эрхэм дэлгэрэнгүй мэдээллийг http://www.helencaldicott.com сайтаас авна уу.


2. 1981-2009 он хүртэл Америкийн түүхэнд хамгийн удаан хугацаагаар эсэргүүцэл илэрхийлсэн суултыг хийсэн Вильям Томас William Thomas ба Эллен Бенжамин Томас Ellen Benjamin Thomas гэж гэр бүлийн хоёр байна.Тэдний ачаар конгрессийн гишүүн, хадагтай Элинор Нортон Eleanor Holms Norton цөмийн зэвсэг хамтран хорогдуулах төсөл санаачилсан билээ.


3. Физикч Андрей Сахаров. Цөмийн зэвсгийг хамтран хоргодуулах Америкийн санаачлагыг Оросууддаа ятгаж дөнгөсөн хүн. Хэдийгээр тэрээр миний үлгэр жишээ авах хүн биш ч, физикч хүн активист байж болдгийн нэг жишээ юм.


4. Мартин Лютер Кинг бас л активист хүн. Энэ гайхамшигт хүн хүний эрхийн төлөө тайван замаар тэмцэгчдэд үлгэр дууриал болсон хүн гэдгийг бид мэднэ. Энэ мэтчилэнгээр өөр бусад олон жишээнүүд бий.


Г.Галбадрах: -Харин Монголын хувьд?


Г.Ариунболд: - Монголд иргэний эрх ашиг, эх орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд санаа тавьж, иргэнийхээ үүргийг ухамсарлахаас эхтэй нийгмийн идэвхитэй хэсэг зайлшгүй хэрэгтэй. Бид одоо мэдээлэл хурдацтай хөгжиж байгаа зуунд амьдарч байна. Ард иргэдийн эрх ашгийг хохироосон хэн нэгний ямар ч булхай эрт орой хэзээ нэгэн цагт заавал илэрдэг. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, зөрчсөн үйлдэл бүрийг харж хянах үндэсний "нүд, чих" болсон хүмүүс, байгууллагууд олширч байвал төдий чинээн сайн. Тэгж байж л нийгэм эрүүлшинэ шүү дээ.


Г.Галбадрах: -Чиний ярьж байгаа зүйлтэй санал нийлж байна. Өнөөдрийн бидэнд ирж байгаа олон мэдээллүүдээс чухал гэж үзэж байгаа асуудлуудыг тань сонирхвол?


Г.Ариунболд: -Монгол орон маань хөгжиж байгаа. Хөгжлийн эрэмбээр бий болж байгаа сайн сайхан зүйлүүд зөндөө байна. Гэхдээ Монгол Улсын хөгжил дэвшилд урьдчилан тооцоогүй, зарим сөрөг асуудлууд бий болж байгаа нь нууц биш. Олон жишээ тоочиж болно.

Тухайлбал:


1. баталгаагүй, аюултай хүнс
2. газрын наймаа
3. лицензийн наймаа
4. хүний наймаа
5. цөмийн наймаа
6. байгаль орчны бохирдлоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндийн эрсдэл
7. дайн байлдаан болж байгаа мэт гэмт хэргийн халдлага, гэнэтийн аюул ослоор жирийн иргэд олноороо амь насаа алдаж байгаа зэрэг асуудлууд байна. Иракийн дайнд сүүлийн 9 жилийн хугацаанд амь үрэгдсэн америк цэргийн тоо 4487 байхад, дайн дажингүй энх цагийн Монгол улсад зүй бусаар амь үрэгдэгсдийн тоо жилд 3000 гарч байна шүү дээ. Энэ аймшигт тооны цаана хичнээн гэр бүл, үр хүүхэд , ахан дүүс хагацал зовлонд унасныг төсөөлөхөд ч хэцүү.


8. нинжа нарын бүхэл бүтэн арми, тэдний дунд зөрчигдөх хүний эрх
9. нийгмийн эмзэг бүлгийнхний асуудал
10. нийгмээс гадуурхагдсан хүүхэд, томчууд
11. агаарын бохирдлоос үүдэлтэй хүн амын эрүүл мэндийн асуудал гэхчилэнгээр хөвөрч өгнө.

Г.Галбадрах: -Тэгэхээр энэ асуудлуудад санаа тавих, төр засгийн хийж хэрэгжүүлж байгаа болгонд нь олон нийтийн хяналт тавих байгууллагууд байх хэрэгтэй гэж үзэж байна уу?


Г.Ариунболд: - Эдгээр асуудлууд жирийн иргэдийн эрх ашгийг яалт ч үгүй хөндөж байгаа тул, засаг төр зөв зохистой шийдэхэд шууд нөлөөлөх хувь хүний бас сайн дурын байгууллагуудын идэвхи санаачлага, бодит оролцоо маш чухал байна. Энэ тухай иргэд зөв мэдээлэлтэй, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх наад захын мэдлэг боловсролтой байх зайлшгүй шаардлага гарч байна. Үүнд санаа тавих, тус дэм болох нэг ч гэсэн хүн нэмэгдвэл "далайд дусал нэмэр" болох юм даа.


Г.Галбадрах: -Тэгэхээр өөрийг чинь Монголдоо буцаж очоод санаа зовоож байгаа олон асуудлуудаар өөрийн чадах зүйлээ хийхээр зорьж байгаа юм байна гэж ойлголоо.

Г.Ариунболд: -Тийм ээ, тэгж шийдсэн. Өөрийн мэдсэнээ зарим хүмүүст хэлж өгье, заавал дарга болж эрх мэдэлд хүрэхдээ гол нь биш, санаж бодож байгаа зүйлээ бусадтай хамтран хийе гэж бодож байна. Гол нь монгол хүмүүстээ туслах гэсэн санаа л хөтөлж байгаа. Өнгөрсөн жил судлаач Ганхуяг гуай Халхын голын сав газраас их хэмжээний газар нутгийг "зарсан", "түрээсэлсэн" асуудлыг хөндсөн дөө. Бас Амарлингийн хөндөж байгаа "цөмийн хаягдал"-ын асуудал гэхчилэн санаа зовоох олон асуудлууд гарч ирсэн. Энэ бүхний тухай бодохоор үнэхээр нойр хүрэхгүй байв.


Америкийн нэг хэсэг газар нутаг дээр генийн өөрчлөлтэй "түрэмгий" ургамал тарьж "сүйрүүлсэн" жишээ байгаа. Тэр ургамал өөрөөсөө бусад ямар ч ургамлыг ургуулдаггүй, хөрсөндөө бат шингэж ургадаг учраас газар нутгийг үндсэндээ цөлжүүлдэг. Хэрэв өөрийн мэдэлдээ авсан Монголын газар нутаг дээр тийм ургамал таривал яах вэ? Монголд байгаа жаахан бэлчээр, хөрсийг тэгж сүйтгэвэл яах вэ? Энэ мэт асуудалд маш их санаа зовж байна.

Г.Галбадрах: - Тийм ээ, энэ болгон үнэхээр санаа зовоож байгаа. Гэтэл Монголд үүний эсрэг тэмцэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа маш олон Төрийн Бус Байгууллагууд ТББ- байгаа. Одоогоор би л лав тодорхой үр дүн олж харахгүй байна.

Г.Ариунболд: - Монголд байгаа ТББ-уудын талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний, бидний адил сэтгэл нь зовж яваа маш олон монголчууд байгаа. Бас гадаадад ажиллаж амьдарч байгаа олон монголчууд надтай адил тийм зүйл хийхийг хүсч байгаа. Тэгэхээр тийм хүмүүст уриалж хамтран ажиллахыг л илүү хүсч байна. Энэ талаар бодож боловсруулж, хүмүүстэй холбогдож санал бодлоо солилцож байгаа. Ямартай ч эхний ээлжинд сайн баг бүрдэж байна. Мэдээж бид хувийн өчүүхэн сонирхлоос ангид олон нийтийн эрх ашгийн төлөө чадах зүйлээ хийхийг хичээж байгаа болохоор амжилттай болно гэж найдаж байна. Энэ бол хэдхэн жилийн асуудал биш, олон жил үргэлжилнэ. Ингээд бодохоор миний үлдсэн амьдрал маань голчлон энэ зорилгод чиглэгдэх байх.


Тав. Гадаадад суугаа монголчууд


Г.Галбадрах: -Гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаа монголчууд "юм үзэж, нүд тайлах" хэрээрээ Монгол эх орныхоо тухай илүү сэтгэл нь зовинодог. Мэдээж өөртэй чинь адилаар бодож, сэтгэж байгаа олон хүн бий гэдэгт би ч бас итгэж байна.


Г.Ариунболд: - Өнөөдөр гадаадад суугаа монголчууд минь аж амьдралаа хэнээс ч дутуугуй аваад явах болжээ. Мөнгө төгрөг, хоол унд, эрүүл мэндийн асуудлууд, мэргэжил боловсрол эзэмших, авьяасаа хөгжүүлэх, уран бүтээл туурвих гээд хүний наад захын ахуйн болоод оюун санааны хэрэгцээгээ хангаж, гадаадын жирийн иргэний адилаар аж төрж байна. Гэхдээ гадаад хүмүүсээс ялгарах нэг нандин зүйл нь элэг зүрхний уяа болсон Монгол эх орон, элгэн түмэн минь юм. Элгэн саднаа санан санан шүүрс алддаггүй, сэтгэл гэгэлзэхээрээ ардынхаа дууг амандаа аялдаггүй монгол хүн байдаг гэж үү? Хэдийгээр бид нутаг руугаа тэмүүлэвч, өөрийн санаж сэдсэн бүхнээ Монголдоо бодит ажил болгох боломж тэр болгон олдохгүй байнаа.


Г.Галбадрах: Яг энэ талаар хүмүүс янз бүрийн санаа бодолтой байдгийг бид мэднэ. Харин өөрийн тань бодол?


Г.Ариунболд: - Аливаа асуудлыг зоосны нүхээр харах, дарга болох, өөртөө болон цөөн нөхөддөө улстөрийн ашиг хонжоо олох гэсэн хувиа хичээсэн бэртэгчин хүмүүс цөөнгүй байгаа. Гэхдээ асуудлыг өөр өнцгөөс тухайлбал, ард иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийг хувийн ашиг сонирхлоосоо дээгүүр тавьж асуудалд хандах хүмүүс олширч байгаа нь бахархууштай. Хүмүүст тус хүргэх гэсэн сайн дурын ажил гэдэг бол цэвэр, хүний мөс чанарын илэрхийлэл юм. Ядаж Буддын шашны үүднээс харвал бусдад буян хийж байгаа хэрэг. Яг одоо Монголд Ч.Ганжавхлангийн санаачлан хийж байгаа "Халуун сэтгэл" нэртэй сайн дурын ажлыг хар л даа. Яг ийм л санаачлага, хөдөлгөөн монголчууд бидэнд дутагдаад байгаа юм.


Г.Галбадрах: -Тийм шүү, би ч бас энэ залуусаар бахархаж, тэдний хийж байгаа санаачлагуудаас бидний зориглож хийж чадахгүй "шалтаг" болгоод суугаагаасаа илүү сайн боломжуудыг олж харж байна. Гэхдээ л заримдаа энэ бүхнийг олон нийт хэрхэн хүлээж авч байгааг анхааралтай ажиглаж байна. Цөөн биш хүмүүс энэ асуудалд "хардангүй" байдлаар хандаж байгаа нь нууц биш.Энэ талаар чиний бодол?

Г.Ариунболд: -Гадаадад суугаа нийгмийн идэвхтэй хүмүүс эх орныхоо талаар ямар нэгэн асуудал тавихаар нутаг нэгтнүүд нь тэднийг "урвагч"-аар нь дуудаж, "өөрөө ирээд хийж чадахгүй байж дуугай бай" гэж амыг нь таглах нь энүүхэнд. Тийм нийгмийн идэвхтэй хүмүүс санасныг бодоход маш олон байдаг ба бие биедээ туслах боломжтой ч "яаж?" гэдгээ сайн мэдэхгүйгээсээ болж амархан шантрах нь бий. Гэхдээ гадаадад суугаа монголчууд Монгол эх орон, ард иргэдийнхээ төлөө санаа тавина гэдэг олон талын тустай гэж би дотроо боддог.


Зарим нэг гадаадын буяны байгууллагууд хүмүүсийн "тархи угаах", янз бүрийн зүйл сурталчлах тусгай даалгавартай Монголд ирэх боломжтой. Жишээ нь: "Нутгаа орхиж нүү" гэж ятгах, янз бүрийн шашинд оруулах, шашнаа сурталчлах, гадны хөрөнгө оруулалттай уул уурхайг хаацайлах, ардын уламжлалт нүүдэлчдийн соёлыг үл тоож, төвлөрсөн хот сууринг сурталчлах, гадаадын хүмүүсийн эрх ашгийг нутгийнхны эрх ашгаас өндөрт тавих гэх мэт асуудлууд нь гадаадын хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжин орж ирэх бүрэн боломжтой.


Г.Галбадрах: -Чухам тийм болохоор гадаадад суугаа монголчууд дээрх асуудлуудад илүү анхаарал тавиасай гэж хүсч байгаа хэрэг байх нь?


Г.Ариунболд: - Ер нь монголчууд "Эвтэй байхдаа хүчтэй байдаг". Өнөөдрийг хүртэл гадаадад суугаа монголчууд эвлэлдэн нэгдвэл ямар ч асуудлыг нааштай шийдэж болдогийн үлгэр жишээг үзүүлсээр байна. Жишээ нь:


1. Гадаадад суугаа монгол иргэд сонгуульд оролцох эрхээ эдэлж эхэлж байгаа нь "Цахим өртөө" ТББ-ын олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн.


2. Гадаадад суугаа зарим хүмүүсийн шууд оролцоотойгоор "цөмийн аюул"-тай холбоотой асуудлуудыг нилээд нухацтай хөндөн ард иргэдийн анхаарлыг хандуулж чадсанаар Монгол Улсын Ерөнхийлѳгч НҮБ-ийн индэр дээрээс "цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй" гэж мэдэгдлээ. Гэхдээ энэ чиглэлийн хуулийн цоорхойг бөглөх талаар одоогоор юу ч хийгдээгүй байгааг дурдах хэрэгтэй байна. Энэ асуудлыг анхлан хөндөж, өдгөө болтол анхаарал тавьж байгаа Амарлин ба түүний нөхөд буюу Анти Нуклеар Мүвмент Монголиа, Монголын Ногоон Нам, бусад иргэний хөдөлгөөнүүд байна. Тэд бас цөмийн хот хөнөөлийг иргэдэд сануулах, тэдэнд цацрагийн ач тус ба хор хөнөөлийн талаар шинжлэх ухааны үндэстэй мэдлэг түгээх зорилгоор"Голомт" сонин гаргаад байгаа.



3. Jak Weatherford гуайн "Орчин цагийн дэлхий ертөнцийг үндэслэгч Чингис хаан" түүхийн номыг Audible цахим номын ертөнцөд тэргүүн байр эзлэхэд гадаадад болон эх орондоо суугаа монголчууд олноороо санал өгч, шийдвэрлэх нөлөө үзүүллээ.
4. Индианагийн Блүүмингтон хотноо буян номын үйлс эрхэлдэг Ажаа гэгээнтэн санаачлан, Монголд барихаар эхлүүлж байгаа "Хүүхдийн хавдрын эмнэлэг" төслийг олон монголчууд дэмжиж байна.
5. Фейсбүүкээр хэдэн залуус монгол бичиг соёлоо түгээхийн төлөө нэгдэцгээж, "Цагийн өнгө" нэртэй цахим сонин гаргаж эхэлснээс хойш одоо миний мэдэхийн 3 дугаар гаргаж амжжээ. Энд нэгдэн оролцож байгаа идэвхтнүүд нь Mongolian Galligraphy, Босоо Зурлагатай Монгол Бичиг, Монгол Хэл Бичиг бүлгүүд юм билээ. Уг сониныг уншихыг хүсвэл энэ холбоосоор орно уу.



6. “Монгол бичгийг Төрийн бичиг болгох, Ерөнхийлѳгч төрийн тэргүүний хувьд гадаад улсад айлчлахдаа зөвхөн монгол хэлээрээ ярих ёстой” зэрэг шаардлагуудыг Лос-Анжелос хотноо аж төрж байгаа зураач Л.Мөнхтөр тавьж байсны шууд болон шууд бус нөлөөгөөр Ерөнхийлѳгч Ц.Элбэгдорж НҮБ-ийн индэр дээр анх удаа монгол хувцастайгаа гарч, монгол хэлээрээ илтгэл тавьж, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тогтоол гарган мөрдүүлж эхэлсэн, түүнчлэн ерөнхийлөгч өөрийн вэбсайтаа монгол бичгээрээ гаргасан. Түүний тэмцлийн тухай өөрийнх нь бичсэн тэмдэглэлийг эндээс уншина уу.



Харин Оюутолгойн гэрээнд бид идэвхтэй оролцож чадаагүйн улмаас "ниргэсэн хойно нь хашгирав" гэдэг болж байгаа ч, бид ийм асуудалд эхнээс нь идэвхтэй оролцож байх хэрэгтэй юм гэсэн сургамж авч үлдлээ.

Г.Галбадрах: -Тэгэхээр өөрийн тань хувьд Монголд очоод хийж хэрэгжүүлэх олон санаачлагууддаа гадаадад суугаа монголчуудаа дэмжиж, нэгдэн оролцоосой гэж хүсч байгаа юм байна гэж ойлголоо.

Г.Ариунболд: -Хэдийгээр гадаадад суугаа монголчууд маань энэ мэт дэвшилттэй ажлуудыг хийж эхэлж байгаа ч Монгол Улсын хөгжил, монгол ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх чиглэлээр дорвитой ажил хийсэнгүй. Тэгвэл шинээр сэтгэдэг нийгмийн идэвхтэй тэр хүмүүс өөр зуураа зохион байгуулалтад орж, ард иргэдийнхээ тусын тулд бодитой дорвитойхон ажлуудыг хамтран хийхийг уриалж байна.


Нэг зүйл хэлэхэд манай монголчууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцдоггүй, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаггүй, эрхийнхээ төлөө тэмцдэггүй, бусдын амыг харсан байдалтай байснаа, шийдвэр гарч асуудал шийдэгдсэн хойно нь эрх мэдэлтнүүдийг буруутгаж хараан зүхэх нь нийтлэг байна. Тэгэхээр өөрсдийн ажил амьдралтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад ард иргэд идэвхтэй оролцох ёстой гэдгийг л хүн болгон ойлгож чадвал дараа нь хэн нэгнийг зүхэх хэрэггүй болно шүү дээ.


Бид хамтраад хийж болох ажлууд:


1. Монгол орны газар нутгийн бүрэн бүтэн болоод аюулгүй байдлын төлөө
-Монголын газар нутгийг бусдад худалдахгүй, түрээслэхгүй, элдэв байдлаар хордуулахгүй байх
2. Монгол хүний хөгжлийн төлөө
-Монгол хүн эрүүл байх, айдасгүй амар амьдрах, боловсорч өөрийгөө хөгжүүлэх боломжтой байх
3. Гадаадад суугаа монголчуудаа дэмжих


-Хүн болгоны сэтгэл дотор байгаа Монголдоо хийж хэрэгжүүлэхийг хүсч байгаа олон санаануудыг "загвар төсөл" маягаар хэрэгжүүлж, олон нийтэд бодит байдлаар ойлгуулах. Энэ нь эцэстээ Засгийн Газраас ард иргэдийнхээ төлөө юу хийх ёстой болон юу хийж болохыг ойлгуулж, хамтран шийдэхийн төлөө юм.


Г.Галбадрах: -Тийм ээ энэ маш хэрэгтэй хэдий ч том зорилго. Бас зайлшгүй санаа тавьж хийж хэрэгжүүлэх ажлууд. Чиний сэтгэл дотор асч байгаа галыг мэдрэхдээ би ч бас энэ ажилд оролцох хэрэгтэй юм байна гэж бодож байна. Олон олон хүмүүс ингэж бодох байх аа. Бас чиний өдийг болтол ийм их хугацаанд эрдмийн оргил өөд уйгагүй мацаж, хүрч чадсан оргил тань надад итгэл төрүүлж байна. Одоо цагт Монгол оронд минь ШУ ны үндэстэй судалгаа шинжилгээ, нотолгоонд тулгуурласан бодит ажлууд үгүйлэгдэж байгаа. Тэгэхээр чамд тийм боломж орон зай байгаа.

Г.Ариунболд: -Баярлалаа. Зорилго том байх тусмаа бас илүү уялдаатай байх тусмаа хийх ажлууд их болдог. Нөгөө талаар бид ойр зуураа биш их алсыг харах хэрэгтэй байна. Ядаж дэлхийн хэмжээнд сэтгэдэггүй юм гэхэд ойртож сэтгэх хэрэгтэй байна. Олон жил хичээж зүтгэсэн шинжлэх ухаан намайг ингэж сургасан. Монголчууд бид өөдрөг хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй улс. Тэгэхээр бид өөрсдөө зөв сэтгэлтэй байж л зөв хөгжинө. Үүнд хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй. Тэр цаг одоо болсон мэт. Ухрах газар байхгүй ээ, бидний ард Монгол гэдэг аугаа түүхтэй эх орон минь л байгаа.


20-р зуунаас өмнө энэ дэлхий ертөнцөд ганц нэгээрээ ололт, бүтээл гаргаж дэлхийн хөгжил дэвшилд нөлөөлж байсан тохиолдлууд зонхилж байв. 20-р зуунаас ганц нэг "суут" хүмүүсийн бүтээлүүдээс илүүтэй "багийн болон хамтын ажиллагаа"-г чухалчлан үзэх болсон. Олон олон Нобелийн шагналыг "багийн бүтээл"-д олгож байгаа нь үүний жишээ. 21-р зуунд "багийн болон хамтын ажиллагаа" бүр ч илүү үр дүнд хүргэх болно. Тэгэхээр бид энэ зорилгоо бие биенээ дэмжсэн "хамтын ажиллагаа"ны үр дүнд л биелүүлж чадах байх аа.


Г.Галбадрах: - Уулзаж ярилцахад сайхан байлаа. Сэтгэлд минь нэгэн гал бадамлах шиг л санагдаж байна. Зорьж байгаа их үйлсэд тань амжилт хүсье.


Г.Ариунболд: -Танд ч бас их баярлалаа! Тантай уулзахдаа би ч бас баяртай байна. Мэдээж бид хамтдаа олон сайн үйлсийг бүтээх болно. Монголчууд бид "Эвтэй байхдаа хүчтэй" гэдэг дээ. Бас олон монголчууддаа "бидэнтэй нэгдээрэй" гэж уриалж байна.

...Г.Ариунболдын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх линкэн дээр дарж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж болно.




Би эндээс сэтгэлдээ бадамлах "гал"-тай нислээ. Энэ гал улам улмаар асч бадрах байх аа. Чамд сайн сайхан бүхнийг ерөөе, бас амжилт хүсье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Эх сурвалж: www.golomt.org

- See more at: http://gashuun.mn/341#sthash.vBRsacJI.dpuf