Sunday, December 27, 2015

ОЧИР ХӨЛГӨНИЙ ШАШИНТАН ГЭХ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН СОШИАЛ МЕДИАГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ 12-р сар 17, 2015


Зонсар Генце ринбүүчи. 2013.01.18
Сошиал медиаг зохистой хэрэглэх зөвлөмжийг Зонсар Генце ринбүүчийн фэйсбүүк хуудсаас авсан юм. Хэдийгээр энэ нь Очир хөлгөний шашинтануудад зориулсан зөвлөгөө боловч нийт бурханы шашинтануудад хамаатаай хэмээн бодож байна.

Шавийн очир хөлгөнтөний шашинтан мөн эсэх, үнэхээрийн энэ ёсоор замнагч мөн эсэх нь нэн ярвигтай, өндөр түвшний асуудал ч гэсэн тухайн хүн өөрийгөө Очир хөлгөний шашинтай хүн хэмээн итгэж, үүгээр замнаж буй бол гүн гүнзгий агуулга бүхий энэ уламжлалыг хамгаалан сахих нь таны үүрэг билээ.

Очир хөлгөний шашинд нууцлал маш чухал байр суурь эзэлдэг. Очир хөлгөний шашиныг “нууц тарнийн ёс” хэмээдэг нь нууцлаг дияан бясалгалыг чухалчилдаг уламжлалтай нь холбоотой. Ямар нэг нуух зүйл байгаа учраас нууцлаг байгаа хэрэг бус харин би үзлийн уршгаар шавийн замд учрах элдэв саад тотгор, түйтгэрээс сэргийлэхийн тухайд билээ. 

Ялангуяа гэгээрлийн мөрд орогч нь “шашинлаг материализм” буюу олз баялагт шунах, гэгээрлийн зам мөр нь тэдний эгог баясгах өөр нэгэн хэрэглүүр болж хувирах, магадгүй тэд өөрсдийгөө “загварлаг” нийгмийн ялгалгүй нэгээхэн хэсэг хэмээн будилах зэрэг түйтгэрээс сэргийлж гагцхүү шавийн оюун ухааныг номхруулж өөрчлөхийг чухалчилдаг билээ. Хэрвээ буруудвал очир хөлгөний шашин нь үр дүнгээ өгөхгүйгээр үл барам сөрөг үр дагаварыг авчирдаг.

Мөн Очир хөлгөний сургааль зохих бэлтгэл ном сургаалийг сонсоогүй, ван авшгийг аваагүй хүнд ямар ч ойлголт өгч чадахгүй “нууц хэвээр байдаг”. Яг л мэдэхгүй гадаад хэл шиг. Учир нь Очир хөлгөний зарим дүр дүрслэлүүд энэ урсгалын талаар тодорхой ойлголтгүй, ван авшиггүй хүнд хүчирхийллийг харуулсан, аймшигтай санагдах бөгөөд ерөнхийдөө нууц далд байх учиртай байдаг. Шашинд ороод удаагүй, мэдлэг маруухан хүмүүст эдгээрийг бүрэн харуулдаггүй ёстой, магадгүй энэ нь Бурханы шашин, очир хөлгөний зам мөрийн талаар буруу ойлголт өгөхөөс сэрэмжилдэг ёстой.

Сошиал медиад аливааг нийтэлхэд чи зөвхөн өөрийнхөө таашаалд зориулж байгаа биш, бүх нээлттэй ертөнцөд нийтэлж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Магадгүй тэр ертөнцийн зарим хэсэг таны хувьд багш гэж нэрлэдэг тэдгээр хүмүүс, таны төсөөлөл, бусдын хувьд галзуу тэдгээр зургуудад дургүй байж мэднэ.

Эдгээр шалтгааныг харгалзан үзээд миний бие өөрийгөө Очир хөлгөний шашинтан гэж боддог хүмүүст өөрийгөө хэрхэн хамгаалах үүний зэрэгцээ бусдыг гайхашруулахаас болгоомжилж, номын дамжлага, авшигаа нандигнан хадгалж, Очир хөлгөний шашины гүн гүнзгий ёсыг хамгаалахад нь зориулж дараах зөвлөмжүүдийг гаргалаа.

1. Очир хөлгөний шашины нууц байдлыг хамгаалах /үүнд өөрийн багшийг нууцлах, өөрийн номын үйлийг нууцлах, тарнийн ёсны зургууд, хүртсэн ван, авшигаа нууцлах, суусан номоо нууцлах зэрэг багтана/
Тарнийн ёсны зургуудыг бүү нийтэл. Тарнийн ёсны зургууд (Олон мутар, амьтаны толгойтой сахиусуудын зургууд г.м) -ыг нийтэлсэнээр та өөрийгөө чухал харагдана гэж бодож байвал номыг ухаараагүйн шинж.

Тарни, тарнийн үсгүүдийг бүү нийтэл. Хэрвээ та тарни, тарнийн үсгүүдийг фэйсбүүкт нийтлэхэд сэтгэл санаа сайхан болж, өөрт чинь сайн зүйл дуудна гэж бодож байвал оронд нь гадаад байдлаа өөрчлөх эсвэл үсээ засуулсан нь дээр.

Өөрийн хүртсэн ван, авшиг, дамжлагийн тухай бүү зарла. Амралтын өдрөөр таны суусан Очирваань бурханы вангийн зураг таны муурны зурагтай зэрэгцээд фэйсбүүкт байж байх нь тохиромжтой гэж үзэж байвал муураа Непал явуулаад ширээнд залах хэрэгтэй. Багшийн зөвшөөрөлгүй л бол ямар ч зураг, аудио, видеог битгий нийтлээрэй.

Нууц тарнийн ёсны гүн гүнзгий утга агуулга бүхий сургааль, номлолын талаар битгий ярь. Зарим хүн амнаас нь “Зогчэн”, “Махамудра” гэсэн үг унаж л байвал өөрийгөө мундаг сайхан харагддаг гэж эндүүрдэг. Хэрвээ та тэр нууц дамжлагийг хүртсэн бол зөвхөн өөрт хадгалах нь тустай.

2. Би үзлээ дөвийлгөхөд шашныг бүү ашигла. Шашинлаг материализмд уруу татагдахаас болгоомжил. (Багшаараа бүү гайхуул, өөрийн ойлголт, номын үйлээ ч бүү гайхуул. Үүний зэрэгцээ бусад шашины хүмүүс, өөр урсгал, өөр хөлгөний сүсэгтэнүүдийг бүү муул)
Өөрийн туршлага, ахиц дэвшил гэж нэрлэсэн зүйлсээ нууцал. Хэрвээ та өөрийнхөө хүрсэн өндөрлөгийг бусдад гайхуулах тохиромжтой гэж бодож байвал хүсэл шуналдаа автаад завгүй байна гэсэн үг. Номын үйлийг бусдад гайхуулж, өөртөө татна гэж бодох нь номыг дадуулахуй биш. Ухаантай байж, даруу загна. Хэн ч чиний бясалгалын туршлагийг сонирхохгүй, бурхад, бодь гөрөөс, солонго зүүдэлсэн байлаа ч тэд тоохгүй. Өөрийгөө хуурч мэхлэхээс ангижирсан гэж чи бодож байвал чимээгүйхэн урагшаа яв, дахин бод.
Багшийнхаа тухай бүү сайрх. Багш чинь хичнээн гайхалтай гэж та бодож байлаа ч сүсэг биширлээ дотроо хадгалах нь танд өлзийтэй. Бурханы шашинтан байна гэдэг тахин шүтэхийн нэр биш гэдгийг сана. Өөрийнхөө багшийг бусдынхаас илүү гэж чи бодож байгаа бол өөрийгөө тэгш үзэл, тунгалаг оюун ухааныг бусдаас илүү хөгжүүлсэн гэж бодож байж болзошгүй.
Өөрийгөө билиг билгүүнийг хөгжүүлсэн гэж зарлахаас сэргийл. Гүн гүнзгий сургааль номыг сонссон төдийгөөр тэднийг эзэмшисэн хэмээн лиценз авчихсан мэтээр зарлан тунхаглаж байгаа бол мунхаг байдлаа л хөжүүлсэнээс өөр ямар ч гавьяагүй.Бурхан багшийн айлдсан, эсвэл бусад багш нарын хэлсэн үгийг шэйрлэхээсээ өмнө тэд үнэхээр тэр үгийг айлдсан болов уу, хэнд зориулж айлдсан бол гэдгийг бодож үзээрэй.

Бурханы шашиныг бурханыг шашины бус үзэл санаатай бүү хольж хутга. Одон орон, солонго чиний сэтгэлийг хөдөлгөсөн байлаа гээд, дэлхийн төгсгөлийн талаар итгэлтэй байлаа гээд хувийн төсөөлөл бодлоо Бурханы шашинтай бүү хольж, хутга.

Бусдад хүндэтгэлтэй ханд: Бага хөлгөн болон Их хөлгөний суурь байгаагүй бол Очир хөлгөний шашин гэж байхгүй байх байсан. Очир хөлгөний шашны шавь нар тэднийг дээрээс харж, басамжлах юм бол энэ нь туйлын мунхаг хэрэг юм.Бурханы шашинтай бусад хүмүүс рүү довтлосноор Бурханыг шашны хөгжүүлнэ гэж та боддог бол түүний оронд Бурханы шашинтануудын өмнөөс нийгэмд үйлчилж, өөрийнхөө БИ үзэл, ялгаварлан гадуурхах үзлийг үгүй хийх зорилго тавиарай.

Зөрчил бүү үүсгэ. Хуваргийн чуулганд, номын нөхдийнхөө дунд онлайн эв эеийг эрхэмлэгч нь бай.

Өөрийнхөө санаа сэтгэлд үргэлж сэрэмжтэй ханд. Өөрийнхөө оюун ухааны “солиорол”-ыг интернэтэд дураараа бүү цац. Бусдын сэтгэлийг өөрийн сайхан сэтгэлээр тат. Энэрэл нигүүлсэлийн сэдлээр бус өөр сэтгэлээр аливааг шэйрлэхдээ тэр нь бусдад хор хөнөөл болох эсэхийг сайтар бодож үз. Ямар нэг зүйл постлохгүй бол болохгүй, хуруу чинь загатнаад байвал хэн нэгэнд тустай юу, номд тустай юу гэдгийг сайтар тунгаа.


Орчуулсан: Ч.Аниргүм

1 comment:

  1. https://en.wikipedia.org/wiki/Vajrayana
    Vajrayāna (Sanskrit: वज्रयान), also known as Tantric Buddhism, Tantrayāna, Mantrayāna, Secret Mantra, Esoteric Buddhism, Diamond Way, Thunderbolt Way, or the Indestructible Way, is a complex and multifaceted system of Buddhist thought and practice which has evolved over several centuries.

    According to Vajrayāna scriptures, the term Vajrayāna refers to one of three vehicles or routes to enlightenment, the other two being the Śrāvakayāna (also known as the Hīnayāna) and Mahāyāna.

    Founded by Indian Mahāsiddhas, Vajrayāna subscribes to Buddhist tantric literature

    ReplyDelete