2003 оны 8-р сар
Гэвш Наваан Даргэйгийн тавьсан номын хөтөлбөрийг ашиглав
Энэтхэг улс, Дарамсала хот
Эрдэмтэн лам нарын амьдралын түүхийг төвдөөр“нам-тар” буюу (орчлонгийн зовлонгоос) гэтэлгэх амьдралын түүх гэж нэрлэдэг. Учир нь тэрхүү түүх нь уншигч, сонсогч нарт эрдэмт мэргэдийн жишээг дагаж гэтлэхүй, гэгээрэлд хүрэх урам зориг өгдөг байна. Богд Зонховын (1357-1419 он) амьдралын түүх нь үнэхээр даган дуурайх хүсэл эрмэлзэл төрүүлдэг.
Түүний талаар урьдчилан хэлсэн эш ба хүүхэд нас
Шагжамүни Бурхан, Гүрү Ринбүүчи (Бадамжунай Бурхан) нарын аль аль нь Богд Зонховын ертөнцөд залрах, түүний эрдмийн талаар эш үзүүлсэн байжээ. Шагжамүни Бурхан багшийн үед Богд Зонховын өмнөх төрөл байсан нэг бага хүү Бурхан багшид болор эрх өргөж, түүний хариуд дун хүлээн авчээ. Бурхан багш Манзушир бурхан Төвдөд нэгэн хүү болон төрж, Гандан хийдийг байгуулан, өөрийнх нь дүрд оройн чимэг өргөнө гэж эш үзүүлжээ. Бурхан багш тэр хүүд түүний ирээдүйн нэр болох Сумати-кирти (Лосан-драгпа, Лувсандагва) нэрийг хүртээсэн байна. Гүрү Ринбүүчи мөн Лувсандагва нэртэй хувраг Хятадын ойролцоо төрж, түүнийг нэгэн их бодьсадвын хувилгаан гэж үзэх бөгөөд тэрээр Бурхан багшийн дүрийг Бурхан багшийн төгс жаргалангийн лагшингийн илэрхийлэл болгоно хэмээн бас эш үзүүлэв.
Богд Зонховыг мэндлэхийн өмнө тэрээр их эрдэмт төрөлтөн байх олон шинж тэмдэг гарч байлаа. Жишээ нь түүний эцэг эх нь тэдний хүү нь Жанрайсиг, Манзушир, Очирваань бурханы хувилгаан дүр болох тухай олон өлзий бэлгэтэй зүүд зүүдэлж байжээ. Түүний ирээдүйн багш Чожэй Дондруб-ринченд Ямандаг бурхан үзэгдэн (Ямандаг бурхан) өөрөө Амдо нутагт (Төвдийн зүүн хойд нутаг) тодорхой нэг онд залран, түүний шавь болно гэж хэлжээ.
Богд Зонхов Амдо нутгийн Зонх хэмээх газар 1357 онд зургаан хүүгийн дөрөв дэх хүү болж мэндэлжээ. Богд Зонховыг мэндэлсний дараагийн өдөр Чожэй Дондруб-ринчен өөрийн шавиа Богд Зонховын эцэг эхэд бэлэг сэлтийг, нэгэн Бурханы дүр, захианы хамт хүргүүлэхээр илгээжээ. Түүний хүй унасан газарт зандан мод ургаж, навч бүр нь байгалиас ургахдаа Синханада Бурханы дүртэй байдаг байв. Ингээд тэр газрыг Күмбүм буюу Зуун мянган дүрт хэмээн нэрлэжээ. Хожим нь тэр газар дээр Гэлүг ёсны Күмбүм хийдийг байгуулсан байна.
Богд Зонхов энгийн хүүхдүүдийн адил байсангүй. Тэр хэзээ ч дэггүйтдэггүй, өөрийн зөнгөөр бодьсадвын хэв шинжтэй үйлдэл хийдэг, маш сайн оюун ухааны чадвартай, үргэлж юм бүгдийг сурахыг хүсдэг байжээ. Гурван насандаа IV Кармапа, Ролбэй-доржоос (1340-1383) гэргийтэний сахил хүртсэн байна. Удалгүй түүний эцэг Чожэй Дондруб-ринченийг гэртээ урьснаар лам хүүгийн боловсролд анхаарал тавихыг санал болгосонд эцэг нь баяртай хүлээн авчээ. Хүү долоон нас хүртлээ гэртээ сууж, Чожэй Дондруб-ринчен ламаар ном заалгав. Багшийнхаа уншихыг хараад шууд өөрийн зөнгөөр заалгалгүйгээр уншиж чадаж байлаа.
Энэ үеэр Чожэй Дондруб-ринчен хүүд Таван дүртэй Чакрасамвара, Хэважра, Ямандаг, Очирваань бурханы авшиг хүртээв. Долоон нас хүрэх үедээ тэрээр тэдгээр Бурхадын зан үйлийг бүрэн цээжилж, Чакрасамварагийн бүтээлийг хийн, өөртөө авшиг хүртээдэг байсан бөгөөд Очирваанийн дүрийг үзсэн байжээ. Тэрээр Атиша гэгээнийг (982-1054) байнга зүүдэлдэг байсан нь Төвдөд бий болоод байсан номын буруу ойлголтыг засаж, Атишагийн нэгэнтээ хийж байсны адил судар, тарнийн сургаалыг хослуулан, дээдийн номыг хиргүй тунгалаг болгон сэргээхийн шинж байв.
Долоон нас хүрээд Зонхов Чожэй Дондруб-ринченгээс хуврагийн эхний багц сахил хүртэн Лувсандагва хэмээх сахилын нэртэй болов. Арван зургаан нас хүртлээ Амдо нутагтаа багшийнхаа дэргэд номоо үргэлжлүүлэн үзэж байгаад номоо гүнзгийрүүлэн үзэхээр Ү-цан руу (Төвдийн төв хэсэг) явжээ. Тэрээр төрсөн газартаа дахин эргэж ирээгүй юм. Чожэй Дондруб-ринчен Амдод үлдэж Күмбүмээс урагш зүгт Жакюн хийдийг байгуулжээ.
Төвдийн төв нутагт суралцаж эхэлсэн он жилүүд
Төвдийн төв нутагт Дригун Гаржүдийн хийдэд эхлэн сууж, Дригуны махамудра ёсны “тавыг эрхшээх” хэмээх ёс, анагаах ухаан, бодь сэтгэлийн талаар нарийвчлан судалжээ. Арван долоон насандаа чадварлаг эмч болсон. Тэрээр хэд хэдэн Нингма, Гаржүд, Гаадамба, Сажийн хийдүүдэд суун Майдарын Илтэд Онохуйн Чимэг (Скт. Абисамаяаламкара) болон бусад бүтээлүүд, пражнапарамитаг (билгүүний чандад хүрэх нууц утга) судалж, тэдгээрийг ердөө л хэдэн өдрийн дотор цээжилдэг байв. Арван есөн насандаа аль хэдийн их эрдэмт мэргэнд тооцогдох болов.
Тэрээр Төвдийн Бурханы шашны хамгийн алдартай хийдүүдэд очин Гэвшийн дамжааны таван гол эх зохиол, Энэтхэгийн гүн ухааны тогтсон таалалуудад (сургууль, үзэл) суралцан, мэтгэлцэж шалгалт өгч байлаа. Мөн Гаадамбын ламрим (судрын зэргэлсэн сургаал), олон тооны тарнийн авшиг сургаалууд, үүн дотор Сажийн ламдрэй ёс (зам мөр ба үр дүн), Дригун Гаржүдийн Наропагийн зургаан сургаал (Наропагийн зургаан йог), Дүйнхорын сургаалуудыг хүртжээ. Тэр яруу найраг, зурхай, элсэн мандал бүтээх аргад суралцсан. Бүх суралцах явцдаа тэрээр тайлбарыг нэг л удаа сонсож, ойлгон, бүрэн цээжилдэг байсан нь өнөөгийн 14-р Далай ламд ч адил байжээ.
Богд Зонхов цаг үргэлж маш хүчтэй орчлонгийн зовлонг санан түүнээс гэтлэхийг эрмэлздэг байв. Тэр маш хурдан амирлан ахуй, үлэмж үзэхийг олсон боловч сурсан зүйл, хүрсэн эрдмийнхээ түвшинд сэтгэл ханан хойш суудаггүй байжээ. Цааш үргэлжлүүлэн олон газраар явж, дахин сургаал хүртэж, бүр нэг сургаалыг ч дахин дахин хүртэж байв. Тэрээр цаг үеийнхээ бараг бүх эрдэмт мэргэдтэй ном хаялцан, шалгалт өгч байлаа. Түүний багш нарын нэг нь Сажийн ёсны их мастер Рендава (1349-1412) байсан. Зонхов түүнийг магтаж Мигзэмийг бичсэн боловч энэ эрдэмт багш түүнийг Богд Зонховт буцаан зориулжээ. Энэ нь хожим Зонховын багшийн йогт уншдаг мөрт болжээ.
Сургаал тавьж, бүтээл туурвиж эхлэв
Зонхов хориод наснаасаа эхлэн сургаал тавьж эхэлсэн ба түүний анхны тавьсан ном нь абидармын (зод буюу танин мэдэхүйн үйл явцын тухай) ном байв. Хүн бүр түүний эрдэм мэдлэгийг гайхан бишрэх болов. Тэрээр бас бүтээл туурвин, даяан хийж байлаа. Удалгүй олон шавьтай болов. Хэдийгээр зарим үйл явдлын тайлбарт түүнийг 21 насандаа хуврагийн бүрэн сахил хүртсэн гэж гардаг боловч хэдэн онд гэдэг нь тодорхойгүй байдаг. Магадгүй энэ үйл явдал түүнийг хорь нилэээд гарсан хойно болсон байх.
Тодорхой цаг хугацаа өнгөрөхөд тэрээр Бурхан багшийн өөрийнх нь зарлигийн (сургаал) орчуулга болон Энэтхэгийн бандида нарын түүнийг тайлбарласан тайлбарын орчуулга болох Ганжуур, Данжуурыг бүрэн судалж гүйцээсэн байна. Үүний дараа 32 насандаа Илтэд онохуйн чимэгийн тайлбар болгон Сайн тайлбарын алтан эрх бүтээлээ тууривсан нь пражнапарамитагийн тайлбар болсон юм. Тэрээр Энэтхэгийн хорин нэгэн тайлбарыг бүгдийг нь нэгтгэн тайбарлажээ. Бүтээл туурвилдаа Энэтхэгийн болон Төвдийн Бурханы шашны бүхий л хүрээний бүтээлүүдээс иш татан үндэслэл гарган баталж бүр орчуулгуудыг хооронд нь харьцуулж, шүүмжлэн хянан засварлаж байв. Өмнөх мэргэдийн адил аливаа эх зохиолын хэцүү, далд утгатай бүлгүүдээс дөлж цэрвэдэггүй байжээ.
Зонхов өдөр бүр тал бүр дээрээ есөн мөртэй арван долоон хуудас төвд эхийг цээжилдэг байжээ. Нэг удаа хэдэн мэргэд ой тогтоолтын уралдаан явуулж хийдийн дээвэр дээрх дарцагт нар тусах хүртэл хэн нь хамгийн олон хуудас цээжлэхийг үзэхээр болжээ. Зонхов дөрвөн хуудас цээжилж, тэдгээрийг ямарч алдаагүйгээр чөлөөтэй уншиж түрүүлэв. Түүний дараа орсон хүн нь эргэлзэж, тээнэгэлзэн ердөө хоёр хуудас хагасыг уншжээ.
Богд Зонхов улмаар тарнийн авшиг, сургаал тэр дундаа Билгүүний охин тэнгэрийн (Сарасвати) жэнан (тарнийн авшгийг дагалддаг зан үйлийн эрх авшиг) хүртээх болов. Мөн өөрийн тарнийн, ялангуяа Дүйнхорын бүтээлээ үргэлжлүүлж байлаа.
Нэгэн эрдэмт лам нэг дор арван нэгэн зохиолыг зэрэг заадгаараа алдартай байжээ. Зонховын нэг шавь түүнээс түүний адил заахыг хүсжээ. Харин Зонхов арван долоон гол эх зохиолыг цээжээрээ өдөр бүр тус бүр дээр нь нэг нэг бүлэг тайлбар өгөн, нэг өдөр бүгдийг зэрэг эхэлж гурван сарын хугацаанд дуусгахдаа мөн л нэг өдөр зэрэг дуусгажээ. Сургаалын тайлбарын хугацаанд эх зохиол тус бүр дээрх буруу ойлголтуудыг няцааж, өөрийн тайлбараа хийж байлаа. Мөн өдөр бүр өөртөө болон Ямандаг бурханы авшиг хүртээн өөрийн бусад бүтээлүүдээ хийж байв.
Хэрэв бид түүний амьдарсан ердөө 62 жилийг харвал тэр ямар их хугацаанд суралцаж, бүтээл хийж (цац буюу нанги шавраар дүр хийх бүтээл мөн багтсан), ямар олон бүтээл туурвиж, сургаал тавьж, даяан хийж байсан нь нэг хүн тэдний нэгийг нь ч нэг насандаа хийх боломжгүй мэт санагдана.
Тарнийн сургаалд эрчимтэй суралцаж, бүтээл хийв
Үүнээс хойш удалгүй Зонхов анхны тарнийн үндсэн бүтээлдээ сууж, Гаржүдийн ёсны дагуу Чакрасамварагийн бүтээлийг хийв. Энэ даяаныхаа үеэр тэр Наропагийн зургаан сургаал, Нигумагийн зургаан йог дээр эрчимтэй бясалгаж ихэд эрдмийг олжээ.
Үүний дараа 34 насандаа Зонхов тарнийн бүх дөрвөн ёсонд шамдан суралцаж, бүтээл хийхээр шийдэв. Хожим тэрээр хэрэв гурван доод тарнийн ёсыг гүнзгий ойлгож бүтээл хийхгүй бол ануттараиога тарнийн гүн гүнзгий утгыг ойлгож чадахгүй гэж бичиж байжээ. Ийнхүү тэрээр дахин мордож гурван доод тарнийн сургаал, авшиг олныг хүртэв. Цаашлаад Дүйнхор болон Сандуйн төгсгөлийн таван зэрэгт суралцав.
Хоосон чанарын сургаалд суралцаж, илт онох бүтээлд суув
Зонхов Карма Гаржүд лам Үмапагийн дэргэд Манзушир Дармачакра, Төв үзлийн бүтээлд суралцахаар явав. Энэ их эрдэмт мэргэн Төв үзлийг Сажийн ёсны дагуу судалж хүүхэд байхаасаа Манзушир бурханы дүрийг өдөр бүр үзэж түүгээр өдөрт нэг бадаг заалгадаг байжээ. Богд Зонхов түүнтэй багш шавь барилдаж, Үмапа лам Зонховт түүний Манзушир өөрт нь үзэгдэж түүнд өгсөн сургаалууд бол зөв гэдгийг баталж хэлжээ. Зарим үзэгдлүүд зэтгэрийн нөлөөн орж болдог учраас үүнийг батлах нь чухал байлаа.
Үмапа ламын хамтаар Зонхов Манзуширийн даяаныг эрчимтэй хийв. Энэ цагаас эхлэн Зонхов Манзуширын өөрийн дүрээс шууд сургаал заалган бүх асуултандаа хариулт авч чаддаг болжээ. Үүнээс өмнө тэр асуултаа Үмапа ламаар дамжуулан асуудаг байв.
Энэ даяаны үеэр Зонхов Төв үзэл болон Сандуйн талаар бүрэн зөв зүйтэй ойлголт авч чадсангүй гэж бодож байлаа. Манзушир түүнийг уртын даяан хийвэл өөрийнх нь зааснаас тэмдэглэж авсан тэмдэглэлээ ойлгоно гэж зөвлөв. Ингээд хэсэг хугацаанд ном тавьж байгаад өөрийн ойрын найман шавийн хамт Олка Чолунд дөрвөн жилийн даяанд оржээ. Тэд Наминчлалын гучин таван бурхан тус бүрт гучин таван багц 100,000 мөргөл үйлдэж, арван найман багц 100,000 мандал өргөж, өөрсөддөө Ямандагийн авшгийг олон удаа хүртээж, бодьсадвын явдлын талаархАватамсака судрыг судалжээ. Үүнийхээ дараа тэд Майдар бурханы дүрийг үзлээ.
Энэ даяаны дараагаар Зонхов шавь нарынхаа хамтаар Лхаст Их Майдарын дүрийг бүтээсэн нь түүний дөрвөн гол үйлийнх нь эхнийх нь болсон юм. Тэгээд тэд дахин таван сарын даяанд орлоо. Үүний дараагаар Очирваанийн дүрийг олон үздэг Нингма ёсны Лходраг Намка-гелцэн лам Зонховыг урьж тэд багш шавь барилдав. Тэрээр Зонховт Гаадамбын ламрим болон аман дамжлагуудыг хүртээв.
Зонхов Энэтхэг явж сурахыг хүссэн боловч Очирваань Төвдөд илүү их ач тустай тул тэндээ үлдэхийг зөвлөв. Ингээд үлдэв. Тэрээр хожим судрын бүтээлийн зам мөрийг үзүүлсэн Бодь мөрийн зэрэг (Лам-рим чен-мо), тарнийн дөрвөн ёсны бүтээлийн үе шатыг үзүүлсэн Тарнийн их зэрэг (Нгаг-рим чен-мо) бүтээлүүдээ бичих шийдвэр гаргажээ.
Ингээд Зонхов Дүйнхорын төгсгөлийн зэргийн уртын даяанд сууж, түүний дараа Төв үзэл дээр нэг жилийн даяан хийжээ. Зонхов Төв үзэл, хоосон чанарын талаар өөрийн багш нараасаа олон сургаал сонсож судалсан боловч тайлбарын түвшинд нь сэтгэл ханамжтай байдаггүй байлаа. Энэхүү нэг жилийн даяанд суухын өмнө Манзушир түүнд Буддапалитагийн Төв үзлийн тайлбарыг анхаарахыг зөвлөв. Зонхов энэ зөвлөгөөг дагаж, түүний үр дүнд даяаныхаа үеэр хоосон чанарыг бүрэн онож таньжээ.
Өөрийн энэхүү оносон эрдэм дээрээ тулгуурлан тэр үеийн багш, эрдэмтэн мэргэдийн барьж байсан хоосон чанарын Прасангика-Мадъямака ойлголтыг бүрэн хянаж засварласан. Үүгээрээ тэр тухайн цаг үеийнхээ барьж байсан үзлийг алдаатай гэж үзвэл түүнээс цааш даван гарах зоригтой шинэтгэгч болсон юм.
Зонхов өөрийнхөө шинэтгэлийг учир шалтааны ухаан болон судрын ишлэлүүдийн хатуу үндэслэл дээр хийсэн. Тэрээр Энэтхэг гол эх зохиолуудын хамгийн гүн утгыг өөрийнхөөрөө гаргаж тавихдаа өөрийн багш нартай барилдсан ойрын харилцаа, холбоогоо эвдэж байгаагүй. Номын багшийг Бурхан гэж харах нь эрдмээрээ тэднээс давж гарч болохгүй гэсэн үг биш. II Цэнжаб Сэркон Рүнбүүчи үүнийг дараах жишээгээр тайлбарласан юм.
Бялуу хийхийн тулд бид гурил, цөцгийн тос, сүү, өндөг зэрэг олон орц найрлагуудыг холих хэрэгтэй. Багш нар бидэнд яаж хийхийг нь үзүүлж, цөөн хэдийг хийж өгнө. Тэдгээр нь үнэхээр сайхан амттай болж, бид ч амтархан идэж болно. Багшийнхаа ачаар бид одоо бялуу хэрхэн хийхийг сурлаа. Энэ нь бид бага зэрэг өөрчлөлт хийн, зарим өөр орц найрлага нэмж, багшийнхаа хийснээс бүр илүү амттай бялуу хийж болохгүй гэсэн үг биш. Багш нар нь үнэхээр эрдэм төгс бол бидний сайжруулсан жорыг сайшааж, бидний хамт тэрхүү шинэ бялууг амтархан идэх болно.
Цаашдын хийсэн агуу үйлсүүд
Ингээд хэсэг хугацаанд ном тавьж байгаад дахин даяанд гарч, энэ удаа Рендава багшийнхаа хамт явж, Лам-рим чен-могийн ихэнх бүлгийг бичиж дуусгажээ. Даяаны үеэр Зонхов Атиша гэгээн болон лам-римын дамжлагын мэргэдүүдийн дүрийг нэг сарын турш үзэж олон асуултыг тодруулан авч байжээ. Түүний дараа Наропагийн зургаан бүтээлд улмаар Дригун Гаржүдийн махамудра ёсонд суралцав. Үүний дараа борооны улирлын дундуур винайн ёсыг маш тодорхой заасан ба үүнийг түүний хоёр дахь гол үйл гэдэг.
Лам-рим чен-мог дуусгасныхаа дараа Зонхов тарнийн сургаал дээр бүрэн хэмжээний ном тавихаар шийдэв. Гэвч эхлээд тэрээр тарнийн сургаалын суурь болгож бодьсадвын сахил, Ламын тавин бадагт (Багшаа шүтэх ёсны тавин бадагт, Скт. Гүрүпанчашика) дээр дэлгэрэнүй тайлбар бичсэн. Ингээд сургаалаа үргэлжлүүлэн тавих явцдаа Нгаг-рим чен-мог бичиж, Сандуйн олон тайлбаруудыг бичжээ. Тэр мөн Ямандаг болон Нагаржунайгийн Мадъямакагийн эх зохиолууд дээр тайлбар бичиж байв.
Хятадын Эзэн хаан түүнийг эзэнт улсын хааны багшаар урьсан боловч Зонхов өндөр настай болсон тул даяанд суухыг хүсэж байгаагаа учирлан уучлал эржээ.
Дараагийн хоёр жилийн хугацаанд Зонхов лам-рим болон тарнийн сургаалыг дэлгэрэнгүй тайлбарлаж, Их хөлгөний тогтсон тааллуудын (урсгал сургаалууд) эцсийн болон хөрвүүлсэн утгын тухай Эцсийн болон хөрвүүлсэн утгын сайн тайлбарын шим бүтээлээ бичсэн. Ингээд 1409 онд 52 насандаа Лхасын Жоканд Монлам хурлыг анх эхлүүлжээ. Тэрээр Шагжамүни Бурхан багшийн дүрд алтан орой өргөж энэхүү дүр одоо зөвхөн Бурханы хувилгааны лагшин бус Бурханы төгсжаргалангийн лагшин мөн юм гэдгийг үзүүлжээ. Бурханы төгсжаргалангийн лагшин нь хамаг амьтныг орчлонгийн зовлонгоос гэтэлтэл оршдог бол Хувилгааны лагшин нь тодорхой хугацаанд оршдог байна. Үүнийг түүний хийсэн гурав дахь их үйл гэдэг. Үүний дараагаар Зонховын шавь нар түүнээс ингэж их аялаж байхаа зогсоохыг хүсэж түүнд зориулан Гандан хийдийг байгуулжээ.
Гандан хийдэд Богд Зонхов үргэлжлүүлэн сургаал ном тавьж, бүтээл туурвин (Чакрасамвара дээр голлон), даяан хийж байв. Тэрээр Бурхан багшийн нэг том дүр, Сандуй, Ямандаг, Чакрасамварагийн гурван хэмжээст зэс хот мандал бүхий Гандан дуганыг барихыг даалгажээ. Энэ түүний дөрөв дэх их үйлс юм. Тэрээр бүтээлээ үргэлжлүүлэн туурвисаар сүүлд нь Сандуйн сургаал хамгийн их хэмжээгээр багтсан, нийт арван найман боть бүхий түүвэр бүтээлээ бичжээ.
Жанч халав
Богд Зонхов 1419 онд 62 насандаа Ганданд жанч халжээ. Тэрээр амьсгал хураагаад бардод оролгүй гэрлийн биеийг олж гэгээрэлд хүрсэн.
Жанч халахаасаа өмнө Зонхов өөрийн малгай, орхимжоо Гэлцабжэйд (1364-1432 он) үлдээснээр тэрээр түүнээс хойш 12 жил Гандангийн сэнтийг залгамжлан барьжээ. Үүнээс Гэлүг ёсыг тэргүүлэх (Гандан Трипа), Гандангийн сэнтий залгамжлах ёс эхэлсэн байна. Дараагийн сэнтий залгамжлагч нь Кайдрубжэй (1385-1438 он) байсан ба түүнд Богд Зонхов таван удаа үзэгдэж эргэлзэж байсан зүйлүүдийг тодорхой болгож, асуултнуудад нь хариулт өгсөн байна. Ингэж Гэлүгийн ёс дэлгэрсэн юм.
Шавь нар
Богд Зонховын хэд хэдэн ойрын шавь нар нь түүний ёсыг үргэлжлүүлэн, сургаалыг дэлгэрүүлэхээр хийдүүд байгуулсан юм. Зонховын амьд ахуй үед 1416 онд Жамъян Чожэй (1379-1449 он) Дрэпун хийдийг, 1419 онд Жамчэн Чожэй (1354-1435 он) Сэра хийдийг байгуулжээ. Богд Зонховыг жанч халсны дараа 1433 онд Гю Шэраб-сэнгэй (1383-1445 он) Гюмэй доод тарнийн сургуулийг, 1447 онд анхдугаар Далай лам хэмээх нэрийг нэхэн хүртсэн Гэлва Гэндүн-друб (1391-1474 он) Дашлхүнбэ хийдийг байгуулжээ.
No comments:
Post a Comment