Wednesday, January 13, 2016

ОСКАР БОЛОН ЭМИЛИЯ ШИНДЛЕРИЙН ГАЙХАМШИГТ АМЬДРАЛЫН ҮНЭН БОДИТ ТҮҮХ...

Стивен Спилбергийн “Шиндлерийн бүртгэл” гэдэг агуу киног та лавтай үзсэн байх. Уг кинонд Дэлхийн хоёрдугаар дайны үед 1200 жүүдийг Освенцим хорих лагерьт шилжүүлэхээс нь аварсан Германы үйлдвэрийн эзэн Оскар Шиндлерийн тухай гардаг. Гол дүрд нь Лайэм Нисон тоглосон тус киноны ачаар Шиндлер Рауль Валленбергтэй зэрэгцэж түүхийн нэгэн үеийн алдартай хүн болсон юм. 

Кино гарахаас өмнө түүнийг Холокостын золиос болсон жүүдүүд болон судлаачид л мэддэг байв. Израильд түүний нэрийг хүн болгон мэддэг байсан ч дэлхийд тун цөөн хүн мэддэг байсан юм. Нацизмыг сөнөөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн Орост ч түүнийг мэддэггүй байлаа. ОХУ-д саяхныг хүртэл жүүдүүдийг мөшгиж байсан тухай, тэднийг аварч байсан тухай ярих дургүй байсан. Хэдэн мянган Унгарын жүүдүүдийг аварсан, мөн өөрөө арай гэж нацистуудаас мултарсан Валленберг дайны дараа Кремлийн шорон Лубянкад өнгөрсөн гэдгийг л санахад болно. 

1998 оны хавар “Итоги” сэтгүүлд ажиллаж байхдаа би томилолтоор Аргентинд ажиллав. Тэгэхэд би өөртөө Шиндлерийн бэлэвсэн эхнэрийг олж уулзах зорилго тавьсан юм. Энэ эмэгтэй дайны дараа орь ганцаар Аргентинд амьдардаг бөгөөд сэтгүүлчидтэй огт уулздаггүй гэж би нэг удаа сонсч байв. 

Спилбергийн кинонд түүний тухай их зүйл гардаггүй. Хэдхэн хэсэг л байдаг: нэг хэсэгт нь тэрээр хоригдлууд ажиллаж байгаа үйлдвэрт тамхи авчирч өгдөг, нөгөө хэсэгт нэг хоригдолд хагарсан нүдний шилний оронд нь шинэ шил гаргаж өгдөг. Харин би хэн нэгний хэлсэн “Агуу эрэгтэй хүн болгоны амьдралд агуу эмэгтэй хүнийг хай” гэсэн үгийг байнга санаж явдаг юм. 

Тийм учраас би Эмилия Шиндлерийг олохыг их хүсч байлаа. Энэ нь амаргүй ажил байв. Утасны жагсаалтад байх түүний дугаар огт хариу өгөхгүй, Аргентиний үзэг нэгтнүүд маань ч туслаж чадахгүй байлаа. Харин зөвхөн танил жүүд лам л сэтгэл гаргаж өөрийн амьдралын чухал хэрэг мэт эрэл хайгуул хийсэн юм. Тэрбээр Буэнос-Айресд гурван долоо хоног Эмилияг хайсны эцэст над руу утасдаж “Олчихлоо! Манай хүмүүс түүнийг ярилцлага өгөөч гэж зөвшөөрүүлсэн. Тэрээр чамайг хүлээж байна” гэв.


ЭМГЭН ШУЛАМ, НОХОД, МУУРНУУД БОЛОН БЭРСҮҮТ ЖҮРЖ
Миний хайж байсан эмэгтэй тухайн үед 91 настай байсан бөгөөд Буэнос-Айресээс жаран километрийн зайд орших Сан-Висенте хотод амьдарч байв. Түүний байшингаас нэлээд зайдуу энгийн хувцастай хамгаалагч биднийг зогсоолоо. Бид яг нууц үг хэлж байгаа маягтай өөрсдийн нэрсээ хэлснээр сүүлийн зуун метрийг туулах эрхтэй болов. 

Энэ эмэгтэйн хаягийг яагаад удаан хугацаанд олж чадахгүй байснаа сая л нэг ойлгов! Аргентин бол алаг цоог орон. Түүхэн тогтсон цагаачдын улс аж. Энд бараг бүх үндэстэн байна. Европын нүүдэлчдийн удам, гол төлөв Хуучин Тивийг өнгөрсөн зуунд орхисон итали болон герман үндэстнүүдийн үр сад, цагаан Оросын цагаачдын болон Эх орны дайны дараах Зөвлөлтийн иргэдийн удам. Хамгийн сүүлд 30-аад оны үеэр нацистуудаас зугтсан жүүдүүд болон Дэлхийн хоёрдугаар дайны дараахь шударга шүүхээс зугтсан нацистууд. Аргентинд багагүй байдаг шинэ нацистууд болон Арабын хэт туйлшрагчдаас болгоомжлон (1994 онд Буэнос-Айресийн төвд орших жүүдийн сүмийг дэлбэлэхэд олон арван хүний амь үрэгдсэн) жүүдийн хүмүүнлэгийн “Бнай Брит” байгууллага Эмилия Шиндлерийг ивээлдээ авч түүний байшинг зэвсэгтэй хүмүүсээр хамгаалуулах болжээ. Түүнийг олж уулзах нь надад ямар хүндрэлтэй байсан нь ойлгомжтой юм. Тэгээд ч хатагтай Шиндлер Оросын талаар таагүй дурсамжуудтай байдаг. 

Эмилиягийн сууц хангалуун амьдралын ул мөр хадгалаагүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нь энэ эмэгтэйн зан чанартай холбоотой гэдгийг би хожим мэдсэн юм. Тэрээр хэнээс ч үл хамаарах эршүүд зантай, нас өндөр гарсан ч хувийн амьдралдаа хэнээс ч тусламж авдаггүй нэгэн байв. Хоёр өрөөтэй жижигхэн байшин нь элэгдэж хуучирсан тавилгатай, өрөөнүүдээс нь муурны үнэр болон муурнууддаа бэлтгэдэг чанамалын бөөлжис хүрэм үнэр үнэртэж байлаа. Муур бол түүний амьдралын мөнхийн дагуул бөгөөд өөрийнх нь хэлснээр хэзээ ч хориос доош байгаагүй аж. Пийшэн дээр, босгон дээр, цонхны тавцан дээр, дээвэр доор гээд муургүй газар байхгүй байв. Нэг үгээр хэлбэл эмгэн шуламын овоохой л юм. 

Энэ төсөөллийг гэрийн эзэгтэй өөрийн төрхөөрөө нэмж байв. Түүний бие, нүүр царай гажигтайдаа бус, харин тэрээр их хахир, хөмсгөө зангидсан ширүүн харцтай, богино, хатуу хэллэгтэй нэгэн байлаа. Түүнийг яриулах, түүнд таарсан түлхүүрийг нь олох хэцүү байв. Эхлээд энэ нь ямар ч найдваргүй мэт санагдаж байсан. Харин гэрийн гадна сайхан арчилсан жимсний цэцэрлэг байсан юм. Бэрсүүт жүрж, амтат жүрж, нимбэгний залуухан модны мөчрүүд жимсээ даахгүй газар руу тонгойно. Диваажин шиг л цэцэрлэг. Надад харин гэнэт сайхан санаа орж ирсэн нь дөнгөж хөгшинтэй уулзангуутаа түүнээс цэцэрлэгээ үзүүлэхийг хүссэн явдал юм. Арай ядан таягаа тулсаар (миний тусламжаас эрс татгалзсан) цэцэрлэгт орж ирэнгүүтээ тэрээр хатсан навчсыг таслаж таягаараа газар сийрүүлэх гэж оролдоно. Түүний гаднах төрх ч өөрчлөгдөв: ширүүн харц зөөлөрч, яриа илүү жигдэрч, гуниг дүүрэн царайд нь үе үе инээмсэглэл тодорч байв. “Би хүмүүсээс илүү мод болон амьтанд итгэдэг. Тэд надаас хэзээ ч урваж байгаагүй. Хэцүү цагт зөвхөн жүрж, талх хоёроор хооллож байхдаа ч би өөрийн муурнуудад жигнэмэг худалдаж авдаг байсан” гэж тэрээр ярьсан юм. 


“СТАЛИН МАНДТУГАЙ!”
Сан-Висенте гэх энэ тоостой жижигхэн хотод Эмилия өөрийн нөхөр Оскар Шиндлертэй хамт Германаас 1949 оны арваннэгдүгээр сард шилжин иржээ. Брунлиц дахь өөрийн үйлдвэртээ 1200 жүүдийг аварсан Шиндлерийг дайны дараах эвдрэл, эмх замбраагүй байдал дунд тоох хүн байсангүй. Аврагдсан жүүдүүд 1945 оны тавдугаар сард Оскар болон Эмилияд шар таван хошуутай хоригдлын хувцас өмсгөн найман хүнээр хамгаалуулан Судетээс гарган өгч талархлаа илэрхийлсэн байна. Тухайн үед оросууд болон чехүүд Шиндлерийг Вермахтын сөрөг хүчний тагнуулын жагсаалтад оруулсан учир түүнийг хайж байсан юм. Зөвлөлтийн эзлэлтийн бүсээс гарах үед тэдний машиныг харуул зогсоожээ. Одоо өнгөрлөө л гэж тэд бодож. Гэвч харуулын цэрэг цонхоор толгойгоо цухуйлгаснаа бичиг баримтыг нь ч шалгалгүй “Цагаа тайл, цагаа өг!” гэж шаардсан байна. Энэ хоёр орос үг Эмилияд насан туршид нь цээжлэгдэж. Өндрөөр үнэлэгддэг байсан хөшүүргэн хөдөлгүүртэй герман цаг аз болоход тэдэнд байж. Энэ удаад цаг тэдний аминд оров. Дараагийн харуулын цэг дээр Шиндлер Зөвлөлтийн цэргүүдтэй архи ууж “Сталин мандтугай” гэж хашгирч байв. “Шиндлер төрөлхийн хоёр нүүртэн байсан. Иймэрхүү зүйлийг тэрээр гарамгай гүйцэтгэдэг байлаа” гэж Эмилия дурссан юм. 

Дөрвөн жил Баварийн Регенсбургт Америкийн эзлэлтийн бүсэд амьдарсаны дараа Шиндлерийн гэр бүлийг жүүдийн буяны “Жойнт” байгууллага Өмнөд Америк руу гарахад нь тусалсан байна. Жүүдийн “Жойнт” байгууллага нь буяны байгууллага байсан бөгөөд дайны дараа хорих лагерьт байсан хүмүүст тусладаг байв. Оскар, Эмилия хоёр “Жойнт”-оос Өмнөд Америк руу дүрвэх санал авангуутаа шууд л зөвшөөрсөн байна. Германд Судетын немцүүд болох Шиндлерийн гэр бүл (тэр хоёр хоёулаа Моравийн уугуул байв) ихээхэн гадуурхагдаж байв. Тэдэнд хэдий “Жойнт” байгууллага туслаж байсан ч Шиндлерийн ажил хэрэг бүтэлгүйтэж, дайны үед үйлдвэрүүдээсээ олсон мөнгө нь дуусч байлаа. Байнгын хүмүүнлэгийн тусламжаас гадна “Жойнт”-ийн хүмүүс Оскарт 15 мянган доллар олгожээ. Энэ нь тэр үеийн ханшаар их мөнгө байв. Харин Эмилия энэ шагналын тухай харамсалтай нь олон жилийн дараа л мэджээ. Тэр хоёрын харьцаа хурцмадмал байсан бөгөөд Эмилия өөр оронд очсоноор гэр бүлийн амьдрал нь аврагдаж, Оскарын дурлалын явдлууд нь зогсоно гэж найдаж байж. Харин энэ найдвар нь Аргентин явахаас өмнө замхран алга болж. Эмилия Оскарыг усан онгоцны хоёр биш гурван тийз авсныг мэджээ. Гуравдахь тийз нь Оскарын нууц амрагийнх байв. 


АДАЛ ЯВДАЛ ХАЙГЧ БА ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛТЭН
Эмгэнийг талийгаач нөхрийнх нь тухай яриулах амаргүй байв. Хахир, адаар зантай, аливаад шүүмжлэлтэй ханддаг тэрээр нөхрийнхөө тухай асуултад эхлээд “новш”, “эрээ цээргүй амьтан”, “тэнэг” гэхээс өөр зүйл хэлэхгүй байлаа. Нөхрийнхөө тухай түүний хэлсэн хамгийн зөөлөн тодорхойлолт нь дээр дурдсан “төрөлхийн хоёр нүүртэн” байв. 

Спилбергийн киноны бодит Оскар Шиндлер эхнэрийнхээ амьдралд хар мөр үлдээсэн байлаа. Тэрбээр 1928 онд гэрлэснийхээ дараа л эхнэрээ араар нь тавьж, үүнийгээ ч нуухыг хичээдэггүй байв. Оскар бүр дайны өмнө эхнэртээ салах санал тавьсан ч католик шашинтай Эмилия эрс татгалзжээ. Шиндлер дайны үед нацистуудыг хуурч хахуульдсанаар “жүүдийн үйлдвэр” байгуулахыг зөвшөөрүүлж чаджээ. Энэ нь гэр бүлийн хоёрыг нэгдмэл нууцаар холбосон байна. Үүний дараа Шиндлер салалтын тухай дурсахаа ч болив. Жүүдүүдэд туслаж, энэ нууц үүргээ биелүүлэхийн тулд тэд хүчээр хамтран ажиллаж байхдаа өөр өөрсдийн зорилготой байлаа. 

Тэдний амьдралын тухай ярианы энэ хэсэг л Эмилияг нөхрийнхөө тухай “новш”, “тархигүй мал” гэж хэлэхийг болиулав. Би түүнээс зарим хүмүүсийн дүгнэж байгаа шиг Шиндлер 1944 онд 1200 жүүдийг Освенцимд хоригдохоос нь аварч өөрийн Брунлиц дахь үйлдвэртээ авахдаа ашиг хонжоо хайж үүнийг хийсэн үү гэж асуусан юм. Эмилия огцом уурлаж “Юун ашиг хонжоо! Ингэснийхээ төлөө бид минут тутам амиа алдах аюултай байсан юм. Тийм ээ, Шиндлер 1943 онд “Жойнт” –ийн төлөөлөгчидтэй Стамбулд уулзсан. Тэд түүнийг хэрэв боломжтой бол жүүдүүдэд туслахыг гуйж дайны дараа ачийг нь хариулна гэсэн юм. Шиндлерээс өөр ийм адал явдал хайгч бараг олдохгүй. Тэрбээр тоглогч байсан. Тэр онцгой мэдрэмжүүдэд дуртай байсан бөгөөд азаа сорих хүсэл нь ямар ч тооцооноос хүчтэй байсан учир тэр зөвшөөрсөн юм. Харин дараа нь жүүдүүдтэй ойртоод ирэхээр тэднийг өрөвдөж өөртөө ямар ч ашиггүйгээр тэдэнд туслаж эхэлсэн. Краков дахь үйлдвэрээсээ бага зэрэг ашиг олсон ч Судет дахь үйлдвэрээ зөвхөн хүмүүсийг аврах гэж байгуулсан юм. Брунлицэд тэрбээр нэг төгрөг ч олоогүй, би үйлдвэрийн санхүүг хариуцдаг байсан учир сайн мэдэж байна” гэлээ. 


ГЭРЧ ФРАНСИСКО
Энэ аюултай тоглоомонд юу түүнийг татаж оролцуулав гэж би Эмилиягаас асуухад тэрээр:
- Би тэднийг өрөвдсөн. Тэд юунд ч буруутай байгаагүй. Ээж намайг юунд ч буруугүй бөгөөд аюулд орсон хүмүүст туслаж байх хэрэгтэй гэж сургасан гэв. Тэгээд муурнуудаа зааснаа “Өлссөн, хаягдсан, аз жаргалгүй байгаа хэнийг ч би өрөвддөг” гэлээ. 

Элэг нэгтнүүдээсээ ялгаатай нь тэрээр жүүдүүдийг ялгаварлан гадуурхдаггүй байв. Бүр Моравид түүний анхны найз нь жүүд охин Рита Гросс байлаа. Тэрээр түүний тухай “Жүүдүүд болон христ шашинтнууд нэг бурхантай” гэсэн юм. Бас өөрийн үйлдлээ тэрээр нацизмд угаас таагүй ханддагаараа тайлбарлав. Тэрээр анх Германы арми Прагад ороход Гитлер түүнд ой гутам сэтгэгдэл төрүүлсэн гэж дурсаад “Би өөрөө бардам зантай. Гэхдээ хүмүүс биеэ тоож, өөрсдийгөө бусдаас дээр тавихад би их дургүй” гэлээ. Түүний энэ хахир ааш нь туулж өнгөрүүлсэн хэцүү амьдралын ул мөр биш гэдэг нь надад ойлгомжтой болсон юм. Нэг удаа Шиндлер эхнэрээ дээд зэрэглэлийн оройн зоог бэлтгэхийг гуйгаад орой нь гэртээ СС-ийн нэгэн даргыг урьжээ. Эмилия нөхрийнхөө хүссэнээр сайхан ширээ засч, хамгийн үнэтэй бэлэг болох ээжийнхээ бэлэглэсэн үнэт болор хундагуудаар ширээгээ чимжээ. Согтсон СС-ийн офицер фюрерийн төлөө ээлжит хундага өргөнгүүтээ хундагыг төгөлдөр хуур руу шидэж хагалжээ. Эмилия уурандаа ширээний араас босч “Фюрер эрүүл мэнд байхад надад эсэргүүцээд байх зүйл алга. Харин миний ээжийн бэлэглэсэн хундагуудыг хагалахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Миний гэрээс одоо зайл!” гэсэн байна. Эмилия нөхөртөө үйлдвэрийнх нь ажилд туслаж байхдаа онцгой баатарлаг зүйл хийж байсан гэдгийг үгүйсгэж байв. Спилбергийн кинон дээр гардаг өвчтөнүүдийг халбагаар хооллож, заримд нь талх нууцаар нэмж өгч байгаа хэсгүүд нь зохиомол зүйл гэж тэрээр хэлэв. “Тэгсэн бол намайг фашистууд аль хэдийнэ дүүжлэх байсан юм. Тэгээд ч би хүн асарч чадахгүй” гэж Эмилия дурссан юм.

Харин бас өөр нэг зүйл байна. Эмилиятай уулзахдаа би Аргентинд 1944 оны үйл явдлуудын бас нэгэн оролцогчийг олж уулзлаа. Тэрээр Эмилиягийн хувийн эр зоригийн тухай надад ярьсан бөгөөд Спилбергийн кинонд түүний жүүдүүдийн хувь заяанд үзүүлсэн нөлөөг дутуу үнэлж гаргасан гэв. Энэ хүнийг Франсиско Вихтер гэх бөгөөд тэрээр 18 настайдаа “Шиндлерийн бүртгэл”-д орж Освенцимаас аврагдсан аж. Дайны дараа Аргентинд суурьшин бизнес эрхлэж байгаад үр хүүхдүүддээ өвлөжээ. Тэрбээр ярихдаа: 
- 1945 оны хүйтэн өвөл үйлдвэрээс холгүй байрлах төмөр замын өртөөний нөөцийн зам дээр зогсч байсан нэг вагоноос хүмүүсийн ёолох дуу гарч байна гэсэн мэдээ ирсэн. Шиндлер тэр үед Краковт байсан юм. Эмилия өөрөө хэдэн ажилчдын хамт төмөр замын өртөө рүү явж лацадсан вагоныг онгойлгохыг тушаав. Вагон дотор байсан хүмүүсийг Освенцимд хүргэж амжаагүй байв. Замд нь ямар нэгэн гэмтэл гарч вагоныг цуваанаас тасдан нөөц зам дээр тавиад лацадсан байв. Нөөц зам дээр вагон бараг нэг сар зогсч байж. Эмилия хагас амьд хүмүүсийг вагоноос гаргаж Брунлиц дахь үйлдвэртээ аваачиж асарсан. Үүнийг тэрээр өөрөө зориглож хийсэн юм гэж Вихтер дурсаж билээ. 


КАТОЛИК ШАШИНТАЙ БҮСГҮЙ
Аргентин улс Шиндлерийн гэр бүлийн найдварыг тэтгэсэнгүй. Дайны үед тэднийг байнга ивээж байсан азын бурхан тэднээс нүүрээ буруулсан мэт байлаа. Оскар олон төрлийн бизнес эрхлэх гэж үзсэн ч нэг нь ч ашиг өгөхгүй байв. Бүр минж хүртэл үржүүлж үзэцгээж. Оскар бүгдийг нь хөдөлмөрч эхнэртээ даатгаж байлаа. Эмилия минж, үхэр зэргийг маллаж, Сан-Висентэд хэдэн га газар ногоо тарьдаг байв. Харин нөхөр нь Буэнос-Айрест нутгийн сайхан хүүхнүүдтэй зугаацдаг байлаа. Мөнгө түүнд хүрэлцэж байв. Учир нь талархсан жүүдүүд түүнийг тэтгэдэг байж. Харин Эмилияд энэ өгөөмөр хишгээс нэг сентаво ч оногдсонгүй. 1957 онд Германд нацизмын хохирогчдод нөхөн олговор олгох хууль гарангуут Шиндлер Брунлиц дахь үйлдвэрийнхээ нөхөн олговрыг авахаар яваад дахиж Аргентинд ирээгүй байна. 

Аргентинаас явахдаа тэрбээр бөөн өр үлдээгээд явжээ. Эмилиягийн хэлснээр энэ их өрийг дарах гэж тэрээр бүх юмаа зарсан байна. Харин 100 мянган маркийн нөхөн олговор авч жүүдүүдийн хангалтан доор үлдсэн Оскар Германд юугаар ч дутахгүй амьдарч байлаа. Түүний амьдралыг харлуулж байсан ганц зүйл бол түүний суурьшсан Франкфурт хотын иргэд түүнийг “жүүдийн аврагч” гэж муухай хардаг явдал байв. Бүр хэдэн удаа “Чи тэр жүүдүүдтэйгээ үхэхгүй яав” гэж араас нь чулуу нүүлгэж байж. Оскар уйтгараа гаргах гэж АНУ руу байнга явдаг байлаа (Америкт жүүдүүд түүнийг шүтдэг байв. АНУ-д бүр түүнийг амьд байхад нь хэд хэдэн гудамж болон талбайг түүний нэрээр нэрлэжээ). Бараг жил болгон Израиль явж, Парист хаврыг угтах дуртай байв. Тэрбээр байнга Эмилияд захиа бичдэг байсан бөгөөд эхнэртээ юмаа даатгаад сурсан зангаараа Германаас Аргентинд аваачсан нууц амраг Гисягаа харж үзэхийг эхнэрээсээ гуйж байж. Эмилия энэ хүсэлтийг нь ч биелүүлжээ. Харин үнэтэй дарснаас болоод таргалах болсон гэж захиандаа гомдоллосны дараа Эмилия түүний нэг ч шинээр ирсэн захиаг уншаагүй бөгөөд задлалгүй шатаачихдаг байв. Тэр үед Эмилия үнээгээ сааж зарсан сүүний мөнгөөр амьдардаг байж. Тэрээр үнээндээ тэжээл авах гэж өглөө болгон 15 километр алхдаг байв. 

Ядуурлын эргүүлэг Эмилияг бүрмөсөн залгих аюулын даваан дээр Аргентинд үйл ажиллагаа явуулдаг жүүдийн “Бнай Брит” нийгэмлэг түүний тухай мэдэж тусламж үзүүлсэн байна. Жүүдүүд Сан-Висенте тосгонд миний очсон тэр байшинг худалдаж авч өгчээ. 1974 онд Оскар Шиндлерийг нас барахад Эмилиягийн өөрийнх нь хэлснээр тэрээр гуниглаа ч үгүй байна. “Тэр миний хувьд аль хэдийнэ нас барсан”. Шиндлер эмнэлгийн хагалгааны ширээн дээр нас баржээ. Түүнд хамгийн сүүлчийн нууц амрагийнх нь нөхөр хагалгаа хийв. Шиндлер өөрийгөө ариун газар оршуулахыг гэрээслэжээ. Германаас Израиль хүртэл түүний цогцсыг 1945 онд тэр хоёрын амийг аварч Судетээс Америкийн бүс рүү гаргасан хүмүүсийн нэг тээвэрлэсэн байна. Ингэж энэ хүний газрын амьдрал дуусчээ. Хийсэн гавьяа нь бол агуу тэрбээр нэгэн зэрэг гэгээнтэн ба нүгэлтэн байж. 

Эмилия зөвхөн нэг л удаа, салсныхаа дараа 37 жилийн хойно түүний шарил дээр очсон байна. Түүнийг нөхрийнх нь шарил дээр тэргэнцэр дээр түрэн хүргэхэд (тэр үед Эмилия хөлөө хугалсан байж) тэрээр:
- Юу гэхэв дээ, Оскар минь. Ингээд нэг уулздаг байж. Амьд байх үедээ ч чи миний асуултад зайлсхийлж хариулдаг байсан. Гэвч нэг зүйл асууя. Яагаад чи намайг урвагч шиг орхиод явсан юм бэ? Одоо ч энэ хэнд хамаатай билээ дээ. Хэдий бид олон жил уулзалдаагүй, чи аль хэдийнэ авсанд хэвтэж би өтөлсөн ч бурхны өмнө бид жаран жилийн өмнө шигээ л эхнэр, нөхөр хоёр хэвээр байна. Тэгээд би чамайг уучилсан...гэж нөхөртөө сүүлийн үгээ хэлжээ. Эмилия салалтыг зөвшөөрөөгүй. Католик шашинт бүсгүй. 


ЗОХИМЖГҮЙ ХАРЬЦУУЛАЛТ
Спилбергийн киноны амжилт Эмилия Шиндлерийн амьдралыг гадна талаас нь өөрчилж тэрээр оршин байгааг хүмүүст сануулсан. Хамгийн гайхалтай нь Спилберг кино зураг авч байхдаа ч Оскар Шиндлерийн бэлэвсэн эхнэр амьд байгаа гэдгийг мэдээгүй аж. 1993 онд Иерусалимд “Шиндлерийн бүртгэл”-ийн жүүдүүд түүний шарил дээр цуглардаг алдарт зураг авалтын үеэр Эмилияг “Шиндлерийн жагсаалт”-ын амьд үлдсэн жүүдүүдийн нэг мэтээр урьсан байж. Түүнд урилга явуулахдаа энэ урилга дамжсан олон хүмүүсээс нэг нь ч урилга дээрх овог нь Шиндлер гэж байсныг анзаарсангүй. ”Шиндлерийн бүртгэл”-ээс амьд үлдсэн бараг бүх хүмүүс Эмилияг танингуутаа галзуу юм шиг түүн рүү “Ээж ээ! Манай ээж!” гэцгээн ухасхийхэд Стивен Спилберг түүнийг жинхэнэ Эмилия Шиндлер байна гэдгийг ойлгожээ. 

- Юуных нь би тэдний ээж байхав? Тэгээд ч би тэр үед тэдэнд ээжийг нь орлоход дэндүү залуу байсан гэж мөнхийн зэвүүцтэй ярвайлтаараа тэр надад энэ тухай ярьж өгсөн юм.
- Харин та хэн нэгнийг санаж байсан уу гэж би асуулаа.
- Юу гэж дээ? Үйлдвэрт бараг мянга гаруй хүн байсан. Хэн нэгнийг тогтоож болохоор байсан гэж үү? Иерусалимд тэд над дээр ирж “Та надад нэг удаа хавтгай шоколад өгч билээ...Харин надад хагарсан нүдний шилний оронд шинийг олж өгсөн...” гэж ярьж байцгаасан. Харин би хэнийг ч санадаггүй” гэсэн юм. Кино хэр болсон талаар түүнээс асуухад тэрээр кино сайн хийгдсэн ч алдаатай зүйл их байсан гэлээ. Ялангуяа Шиндлер дур булаам бүсгүй-нууц амрагтайгаа Краковын хаалганы дэргэд мориор зугаалж байгаа хэсэг Эмилиягийн сэтгэлийг хөнджээ... 

Эмилияд ирсэн алдар нэрийг тэрээр огт тоосонгүй. Хэтэрхий орой иржээ. Түүнийг Ромын хамба лам болон Ерөнхийлөгч Клинтон нар хүлээн авч уулзсан бөгөөд газар газар хүндлэл болон шагналаар булж байв. Бараг тавин жилийн хугацаанд ядуу хоосон амьдралаа өнгөрүүлсэн орны ерөнхийлөгч нь гэнэт ухаарч түүнд тэтгэвэр олгов. Германы Элчин сайдын яам ч тусламжийн гараа сунгажээ. Тэрээр хөлөө хугалаад байхад нь Германы эмнэлэг үнэгүй эмчлэх саналаа илэрхийлэв. Гэвч тэрээр Буэнос-Айрес дахь жүүдийн нийгэмлэгийг илүүд үзсэн юм. 

Намайг түүнтэй уулзах үед өөрийн Эмгэн шуламын орхимжоо орхиод Буэнос-Айресын хамгийн сайн асрамжийн газарт очих хэдэн зуун боломж түүнд байсан юм. Гэвч тэрээр хэн нэгний асрамжинд очихыг хүсээгүй аж. Тэрээр: 
- Тэд урьд нь юу хийж байсан юм? Би энд олон жил амьдарч байсан ч хэн ч намайг хэн бэ гэдгийг сонирхдоггүй байсан... гэж надад ярив. Гэхдээ асуудал түүний хуучин гомдолд байсангүй. Тосгоны нэг умгар байшингаас явах дургүй байсан үндсэн шалтгаан нь “Миний муурнууд яах болж байна” гэсэн шийдэгдээгүй асуулт байв. 

Олон хүмүүсийн амийг аварсандаа сэтгэл хангалуун байдаг уу гэсэн миний асуултад тэрээр яршигтай ялаа үргээж байгаа юм шиг зугтаж байлаа. Ямар ч хөөрөл байхгүй, ямар ч утга уянга, бахархал байхгүй, өөрийн амьдралынхаа талаар үл итгэсэн, шүүмжлэлтэй, мөнхийн гашуун жуумалзлалтай хариулна. Харин ганц удаа л миний асуулт түүний зүрхэн дэх үл үзэгдэх байнд туссан юм. Би түүнээс жинхэнэ бодит Оскар Шиндлер дүрд нь тоглосон жүжигчин Лайэм Нисон шиг тийм царайлаг, дур булаам байсан уу гэж асуулаа. Түүний нүүрээр гэнэт нэгэн сүүдэр гүйснээ дасал болсон жуумалзлалаар солигдов. Тэрээр:
- Танай тэр жүжигчин Оскарын хаана нь ч хүрэхгүй гэв. Бид хоёр ярилцаж эхэлснээс хойш тэрээр анх удаагаа нөхрөө Шиндлер биш Оскар гэж дуудав. Эмилия одоог хүртэл түүнд хайртай байгаа гэдгийг би тэгэхэд ойлгосон юм. 


ХАЙР БА ҮХЛИЙН ОРШИХУЙД
Ингээд дуусч байх шив дээ. Бид хоёрын тэр уулзалтын дараа Эмилия дахин гурван жил амьдарсан юм. Нөгөөх л Сан-Висентэ дэх байшиндаа, муурнуудынхаа дунд, диваажингийн жимсний цэцэрлэгтээ. Нас барахынхаа өмнө Герман руугаа буцах болсон түүний шийдвэр нь ахуй байдалтай нь огт холбоогүй. Тэрээр аль эрт ахуйгаас дээгүүр байсан. Хэрвээ бид үхэхдээ энэ дэлхийд ирсэн газраа буцаад очдог гэсэнд итгэх юм бол төрсөн газраа л үхэх хэрэгтэй байх. Герман руу буцсан учир шалтгаан нь ердөө л энэ биз. 

Тэгээд ч түүний хоёрдахь эх орон болох Аргентинтай түүнийг холбох зүйл тун бага. Магадгүй түүний хайртай жимсний цэцэрлэг л ганц холбоос нь байсан байх. Дахиад хайрын тухай өгүүлье. Тэрээр надад Оскар Шиндлер Аргентинд буцаж очихыг хүсч байсан тухай ярьсан юм. Оскар өөд болохынхоо өмнө буцахаар хатуу шийдсэн байж. Харин түүний шинэ амраг нь эсэргүүцэж байлаа. Хөөрхий Шиндлер. Тэрээр насаараа хүүхнүүдийг захирч байсан ч эцэст нь нэг бүсгүйн таалал түүний хүслээс дээгүүр байв. Магадгүй Эмилия нөхрийнхөө сүүлийн хүслийг биелүүлж түүнтэй ойр байхын тулд Герман руу буцсан ч юм бил үү...

Бас дахиад хайрын тухай. Шиндлерийн гэр бүл үхлээс 1200 хүнийг аварсан. Ихэнх нь Оскар болон Эмилия хоёрын адил тэнгэрт хальсан. Гэвч дэлхий дээр тэдний аварсан хүмүүсийн 6000 үр сад амьдарч байна. “Шиндлерийн жүүдүүд” Эмилия, Оскар хоёрыг 6000 хүнийг аварсан гэж үздэг аж. 
www.wikimon.mnЭх сурвалж www.wikimon.mn

Friday, January 8, 2016

Егүзэр хутагт Ж.Галсандаш

Егүзэр хутагт Ж.Галсандаш бол Монгол төрийн тамгатай 13 хутагтын нэг, зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах сайд, ачит мэргэн цорж, арилсан чин бишрэлт, хувилгаан тойн, зан бадарсан эрдэнэ мэргэн хамба хутагт, ялгуусан чин зүтгэлт, үнэн сүжигт гэгээнтэн, соён гэгээрүүлэгч, байгаль ан амьтныг энэрэхүйн экологич, хязгаар нутгийн аж ахуйг үлгэрлэгч гэхчлэн маш олон цол гуншинтай. Энэ хүний тухай энгийнээр хэлэхэд, төр, шашныг хослон барьсан мундаг удирдагч байсны дээр байгаль экологи, хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн асуудалд маш их анхаарал хандуулдаг, эдгээр чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлж чадсан байдаг. Жишээлбэл, холын орноос Гандигар мод болон төрөл бүрийн эмийн ургамлуудыг нутагтаа авчирж, тарьсан байдаг. Мөн тарвага, буга, цагаан зээр зэрэг ан амьтдыг нутагтаа нутагшуулсан байдаг. Энэхүү үзэсгэлэнд эдгээрийн дээжийг авчирсан л даа. Мөн хутагт маань аж ахуй эрхэлж, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьдаг байсан нь анзаарагддаг. Жишээлбэл, ваар, цаас, хөх чулууны үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлж, утсан хүүхэлдэйгээр сүүдэр ший тавьж, хийдийнхээ шавь нар болон ард иргэддээ сонирхуулдаг байсан юм билээ. Вааран сүмийн туурь нь одоо Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урагш 75 км зайд байдаг. Энэ үйлдвэрийн урласан олон бүтээгдэхүүний нэг болох чулуун цоож нь манай музейд хадгалагдаж байгааг дээр өгүүлсэн шүү дээ. Эцэст нь хэлэхэд Егүзэр хутагт Ж.Галсандаш бол зөвхөн Эрдэнэцагаан сумынхан, эсвэл Сүхбаатарчуудын шүтээн биш, нийт монголчууд таньж мэдэж, хүндэлж, дурсч явах учиртай хүн. Тэр бол шашны зүтгэлтэн гэхээсээ илүүтэй төр, нийгмийн үйл хэрэгт маш олон ажлын эхлэлийг тавьж чадсан, тухайн үедээ шинэчлэгч байсан хүн.

Зохиолч яруу найрагч Б.Батрэгзэдмаа.

Зохиолч яруу найрагч Б.Батрэгзэдмаа.
http://www.c1tv.mn
http://www.facebook.com/c1mongolia
http://www.twitter.com/c1mongolia
http://www.instagram/c1mongolia