Wednesday, June 18, 2014

АМЕРИКИЙН АНХНЫ ОРШИН СУУГЧИД НЬ МОНГОЛ


Indigenous peoples of Americas, American Indians, Native Americans, First Nations, Amerindians, Amerinds гэх мэтээр олон янзаар нэрлэгдэн, дуудагдах эдгээр Америкийн Индианчууд нь Колумбыг Америк тивийг нээж илрүүлэхээс өмнөх үеийн Америкийн анхны уугуул оршин суугч иргэд юм. Нэг үгээр хэлбэл тэд бол Америкийн анхны эзэд нь билээ.
Одоогоос 50-аад мянган жилийн өмнө Homo sapiens-н зүйл ангид багтдаг 2 хөл дээрээ цэх явдаг 2 төрлийн амьд бие дэлхий дээр үүссэн байна. Үүнд:
1. Neanderthals
2. Homo sapiens sapiens (латин хэл дээр оюун ухаант хүн буюу thinking man гэсэн үг) хэмээх бүлгүүд юм.
Neanderthals нь 30-аад мянган жилийн өмнө устан үгүй болж, оюун ухаант орчин үеийн хүн болох Homo sapiens sapiens нь МЭӨ 40,000-15,000 жилийн хавьцаа Чулуун зэвсгийн үе болон мөстлөгийн эцсийн шат явагдсан дээд палеолитын үед Төв Азид бий болжээ. Ийнхүү орчин үеийн хүн бий болсноор хүн амын өсөлт эрс нэмэгдэж, улмаар байгаль цаг агаарын өөрчлөлт, заар үхэр, сахлаг үстэй хирс, цаа буга, туйлын ятуу зэрэг ан амьтдын хөдөлгөөнийг даган унд устай, нөмөр нөөлөг газрыг бараадан, өлгий нутаг Төв Ази дахь суурьшсан байдлаасаа нүүдэлчин байдалд шилжиж урьд өмнө зэлүүд байсан Европын умард хэсэг, Америк тив зэрэг нутаг газарлуу чиглэн тал тал тийш тархсан аж.

Индианчууд эхлээд азийн зүүн хойд хэсэг дэх Якут, Чукот зэрэг газраар том биетэй амьтдыг даган хөөн ирээд хэдэн мянган жилийн турш хэдэн үе удмаараа тэндээ амьдран суурьшсан аж. Сүүлд хүн ам нь өсч, идэх ан амьтад нь ховордсноос урагш нүүдэллэх амьтад, шувуудыг даган Берингийн хуурай газар болон мөсөн далайн эргээр дамжин Америк тивд очсон гэж үздэг. Одоогоос ердөө 10-аад мянган жилийн өмнө Ази, Америк тивийг холбосон Берингийн хуурай газар нь усан дор автан Америк тив өнөөдрийн байгаа байрлалтай болж бусад тив ертөнцөөс тасарсан байна.
Гэхдээ Индианчууд нь Америк тив рүү яг хэзээ, ямар замаар, хэрхэн ирсэн талаар нарийн тодорхойгүй, янз бүрийн таамаглалууд байдаг ч ихэнх судлаачидын үзэж буйгаар 10-60 мянган жилийн өмнө хойд Америкт анх хөл тавьж, 100-аад янзын өөр соёл, зан уламжлалтай омог үндэстэнгүүдэд хуваагдан тархжээ.
Судлаачдын үзэж буйгаар 3 үе шатлалаар Америк тивд нүүдэллэн ирсэн бөгөөд үүнд:
1. Эхний нүүдэл мөстөлт багасч эхлэх үеэр, Берингийн хуурай газар ихээхэн өргөн уудам байсан цагт Индианчууд ан амьтдыг хөөн даган ирсэн байна. Эдгээр нүүдэлчид Америк тивийн бараг бүх нутгаар тархан суурьшжээ.
2. Дараагийн нүүдэл Na-Dene омгийн хүмүүсийн өвөг дээдэс цагаачилсан нь аж. Тэд Аляск, Канадын баруун бүс, мөн тэрчлэн Номхон далайн баруун хойд хэсэг, зүүн талаар илүүтэй тархан амьдарч байжээ.
3. Сүүлийн нүүдэл нь Эскимочууд (Inuit & Yupik) болон Aleuts-уудын өвөг эцэг нар юм. Тэд Берингийн хоолойг далайгаар гатлан ирсэн бололтой. Тэр үед хуурай газран гүүр усанд автсан байжээ.
4. Сүүлийн үеийн мэдээгээр генийн молекулын судлаачид “дөрөв дэх нүүдэл” гэж болсон гэж үзэж буй бөгөөд энэ нь мөстөлтийн сүүлчийн үед Inuit & Yupiks хүмүүсийн амьдралд уусан зохицсон Европоос ирсэн цөөн тооны хүмүүс байсан гэж таамаглаж буй ажээ.


Анх 1492 оны 10-р сарын 12-ны өдөр Италийн газар зүй судлаач Христофер Колумбыг Америк тивд хөлөг онгоцоо буулган Энэтхэгт ирчихлээ хэмээн андууран тэндхийн оршин суугчдыг Индианчууд хэмээн андууран нэрлэсэн ч тэр нь түүхэнд мөнхрөн үлдснийг бид мэдэх билээ. Харин сонирхолтой нь тэрээр 1492-8-3-д Spain-с Ази тив рүү, тэр дундаа Хятад улс руу хөдөлсөн бөгөөд түүний халаасанд Кing Fernand-с тэр үед Хятадыг захиран Юуан гүрний нийслэлээ Бээжинд төвлөрүүлэн захирч байсан Монголын их хаан Grand Khan буюу Хубилай хаанд зориулсан захиаг өгөхөөр авч явж байжээ. Тэр Ази тивийн улсуудын талаар Marco Polo-н бичсэн номноос уншин тийшээ очихыг ихэд мөрөөдөж байсан юм. Ингэж Монголын хаантай уулзах аялалын үеэрээ замдаа төөрч Америк тивд ирсэн байсан нь Монголын угсааны хүмүүс болох Индианчуудтай уулзснаар дэлхий дахинд Америк тивийг зарлан тунхаглажээ.

Судлаачдын тооцоолсноор хамгийн багадаа 10 сая, тэгээд цааш 112 сая хүртэл тооны Индианчууд Европтой холбоо тогтоохоос өмнө амьдарч байсан байна. Өнөөгийн байдлаар Америк болон Канадын нутаг дэвсгэр дээр 1 сая гаруй Индианчууд, 500 гаруй Индиан овог аймаг амьдран суурьшин байгаа бөгөөд 200-д янзын хэлээр ярьдаг байна. Европчууд ирсний дараа маш их хэмжээний, бүр хүн төрөлхтний түүхэн дэх гашуун аймшигт эмгэнэлт түүхүүдийн нэг нь болтлоо тийм олон хүн салхин цэцэг, улаан бурхан, хумхаа, ханиад томуу г.м.-н маш олон төрлийн халдварт тахал өвчнүүдээс болж нас баржээ.
Нөгөө талаас Индианчуудын хүн амын цөөрөлт нь Европынхантай болон омог аймгууд өөр хоорондоо маш их дайтаж байсантай холбоотой юм.

Сүүлийн үед Монгол, Индиан хоёр үндэстний угсаа гарлын талаар археологи, хүн судлал, биологи, генетик гэх мэт янз бүрийн шинжлэх ухааны судалгаа хийгдэж байгаа. Генетик судлалын талаас Ази, Индиан хүмүүсийн цусны бүлэг, яс болон шүдний хэлбэр зэрэг нь судалгааны гол үзүүлэлт болж байгаа бөгөөд Монгол, Индиан хоёр их ойр гэдэг нь ШУ-ны хамгийн сүүлийн үеийн нээлтээр хөдөлбөргүй тогтоогдсон. Мөн ШУ-д одоо хүртэл “монгол мэнгэ” гэж нэрлэгдэж байгаа Монгол язгуур, гарвалын тэмдэг, удамшлын гэрч болсон “хөх бал”, “оор мэнгэ” нь Индианчуудын хүүхдүүдэд цөөнгүй байдгийг эрдэмтэд онцлон үзэж байгаа юм. Эдгээрээс жишээ болгон ДНК-н судалгааг авч үзье.

Генетикийн мэдээлэл болох хүний генийн ДНК нь маш удаан хугацааны турш өөрчлөгддөг бөгөөд энэ аргаар өөр өөр тив дээр амьдарч буй 2 үндэстнийг хир ойр холбоо хамаатайг тогтоох судалгаа явуулжээ. Ингэхийн тулд хүн бүрт өөр өөр байдаг эхээс нь үр хүүхдэд нь дамжин хадгалагддаг митохондриал ДНК-г дэлхий дээрх бүх төрлийн арьстай хүмүүс дээр судалхад Индианчууд нь 5 төрлийн мтДНК-тай бөгөөд ABCD нь маш өргөн тархсан байна. Ази , Индиан хүмүүсийнх бусдаасаа хол тасархай илүүгээр төстэй байна. Тэгвэл Азиуд дундаас хэн нь илүү ойр гентэй вэ? Судалгаанаас харвал тувачууд, алтайчууд, монгол, буриад зэрэг монгол угсааны улсууд, хятадууд хамгийн өндөр үзүүлэлттэй буюу энэхүү “америкийн анхны эзэмшигчдтэй” нэг угсаа гаралтай хэмээн гарчээ.

Энэ хоёр үндэстний талаар зан үйл, соёлын талаас төдийлэн судлагдаагүй агаад Индиан үндэстэн Монгол угсаатан болох нь үнэн болохыг түүний соёлоор нь бас дамжуулан харьцуулан харж болох юм. Хэдэн мянган жилийн турш цаг агаар өөрчлөгдөн аажмаар дулаарсаар ирсэн бөгөөд ойролцоогоор 13 мянган жилийн өмнөөс том аварга биетэй амьтад устаж эхэлжээ. Мөстөлтийн эцсийн шат дуусгавар болоход ан агнаж, ургамал жимс түүн амьдрах Индианчуудын хувьд том өөрчлөлт ирж, амьд гаран үлдэхийн тулд зарим нь шинэ газар нутаг руу нүүдэллэж, зарим нь хөрш омгийнхоо газар нутаг, нөөц баялаг руу дайран булаалдах болов. Мөн шинэ орчин нөхцөлдөө зохицон илүү хэрэгтэй, тустай багаж зэвсэг хийцгээж ихэнх нь нүүдлийн соёлоосоо суурин соёлд шилжин газар тариалан эрхэлж, гэрийн амьтдыг тэжээж эхлэв. Тэд л хамгийн анх эрдэнэ шиш, төмс, тамхи, халуун ногоо, улаан лооль тариалсан, мөн какаоны ургамлаас шокалад гаргасан юм. Индианчууд ус, шингэн зүйлс тогтдог сагс, сав сүлжиж, ваар хийж эхэлжээ. Тэдний гүн ухаантнууд нь математикийн нарийн тооцоотой цаг тооны бичиг бүтээж, дархчууд нь алт мөнгөн эдлэл хийж, дүүжин ор, завь, цасны гутал, зэргийг зохиов. Тэд эрзээнийг ургамалаас нь гарган авч бөмбөг хийж тоглоцгоосон анхны улсууд билээ. Зарим Индиан овгууд нь мянга мянган жилийн турш ХАА, газар тариалан эрхлэн амьдрах болж, зарим газруудаар нь хаан төвтэй нийгэм соёлыг цогцлоон, нийгмийн үе давхаргуудтай болж, хот суурин, том том хөшөө баримал, пирамидуудыг барьж байгуулсан юм.

Ийнхүү түүхийн урт удаан хугацааг дамнасан их нүүдлийн туршид нүүдэлчин овог аймаг бүр өөр өөрсдийн нутгийг эзлэн, суурьшин амьдраснаар Индианчуудын олон овог аймгуудын зан заншил, амьдралын хэв маягийн ялгаа нь тухайн газар нутгийн онцлогоос хамааран өөрчлөгдөж, ялгадаж ирэв. Гэсэн хэдий ч үе үеийн туршид монголчуудын нэгэн адил зан заншлаа үр хойчдоо ам уламжлалаар заавал дамжуулан үлдээж байснаар өнөө хүртэл Индианчуудын зан заншлын дунд Монголчуудынхтай төстэй олон зан үйл,эдийн болон оюуны соёл ажиглагдаж байна. Жишээ нь:
• Эрт дээр үеэс Индианчууд болон Монголын зарим үндэстэнгүүд тэнгэр газар, нар, сар, огторгуйг шүтсэн бөөгийн шашин болох шаманизм шашинтай билээ.
• Зарим Индиан омгууд болон цаатан үндэстэн одоог хүртэл урцанд амьдарсаар байна, мөн тэд гэрээ нар зөв урагш нь харуулж барьдаг ажээ.
• Аль аль нь нярай хүүхдээ өлгийдөж, зарим нь саатуулах модон дүүжин өлгийнд боодог
• Аль аль нь махыг хатааж, борцлон иддэг
• Хадан дээрх зураг, дүрс, хүн чулуунууд
• Тэдний хэрэглэж байсан чулуун багаж зэвсэг: эрт дээр үеийн хүний хэрэглэж байсан цохих, цавчих, хэрчих, хусах зэрэг өдөр тутмын олон үйлд хэрэглэгдэж байсан цахиурлаг чулуунаас цуулсан залтас, гурван талт хажуугийн чулуу, гурвалжин хэлбэрийн гилбэх мэс, хоёр талаас нь зассан үзүүр мэс зэрэг нь нэлээд олон чулуун зэвсгийн олдвор, дурсгалуудыг Монголын, Америкийн нэлээд олон газраас нээн олж судалсан байна.
• Аль аль нь тэнгэр, нар, сар, од зэрэг байгаль, эх газраа шүтэн, өргөл идээ барьдаг
• Оршуулгын зан үйл: Аль аль нь нас барсан хүнийг булшлахдаа хоол хүнс, эд агуурс болон морь нохой болон хүн дагуулж оршуулдаг байсан. Дараа нь уй хийж, цагаалага хийн нас барагсдын сүнс өөр төрлийг олж төрөхөд нь таних зорилгоор цогцсыг эсгэх, үсийг нь хайчлах, цус, сүү зэргийг дусаах зэргээр тэмдэг тавих, нас барагсдын нэрийг дурсахыг цээрлэх гээд маш олон ижил төстэй зан үйлүүд байдаг байна.
• Ертөнцийг үзэх үзэлд нь ан амьтдыг хэрхэн шүтэж хүндэлддэгийг үзвэл:
- Баавгай: Индианчууд, Монголчуудын хувьд баавгай бол хүч чадлын эх үүсвэр, анагаах эдгээх ачтны бэлэг тэмдэг бөгөөд түүнийг хүндэтгэн майга бор, уулын эзэн гэх мэтээр авгайлан дууддаг. Индианчууд баавгайн саврыг өвчин эмгэг хүрэхэд сайн хэмээж хүзүүний зүүлт хийн зүүдэг байхад Монголчууд төрөхөд баавгайн савраар мааждаг, мөн баавгайн цөсийг зүрх судасны үйл ажиллагаанд сайн хэмээн хэрэглэдэг.
- Чоно, буга: Монголчууд энэ 2 амьтдыг маш ихээр хүндэтгэн өөрсдийгөө хөх чоно, марал Бугын удамтай хөх тэнгэрээс заяат ард түмэн гэж үздэг, тэгвэл индианчуудын хувьд энэ 2 амьтан овгийн амьтдын нэг юм.

- Бүргэд: аль аль нь энэхүү шувууг дайн байлдаанд эрэмгий, хурц хараатай хэмээн хүндэтгэж, ан агнахад баруун гараа болгон сургаж дасгадаг. Индианчуудын хувьд бүргэдийн өдтэй малгай, хувцас зэргээ ихэд хүндэтгэж дайнд баатарлаг дайтаж байсан ахмад настан нь өмсдөг байх жишээтэй. Индианчуудаас Америк санаа авч бүргэдийг тугандаа залсан байдаг байна

Өнөөгийн Индианчуудын амьдралын талаар цухас дурдахад Америк тивийг европчууд колончилсноос хойш тэндхийн хүмүүсийн аж амьдрал, удам угсаа, соёл, зан заншил гээд бүх зүйлс нь өөрчлөгдөн хувирсан байна. 15-19-р зууны үеүүдэд хүн ард нь дүрвэлт, зугаталт, өвчин зовлон, дайн байлдаан, боолчлолт гэх зэрэг олон зүйлсээс болж маш огцом багассан юм. Тэдний соёл хэл нь устан үгүй болж, цус нь холилдож, газар нутгаа алдаж, үндэстэн мөхөх аюулд тулгараад байна.

Дүгнэлт
Ийнхүү палеолитын анчид болох бидний монгол угсааны ард түмэн болох Америндианчуудын эртний өвөг дээдэс хэдэн мянган жилийн туршид уул нуруудын хөндий, томоохон гол мөрний сав дагаж, нутаглаж, нүүдэллэсээр өлгий нутаг Төв Азийн гүнээс Сибирь, Берингийн хоолойг дамжин Америк тивд хүрэн суурьшин нутагласнаар Монгол угсаатны шилжилт явагдаж, Америкийн анхны оршин суугчид, эзэд нь болсон юм.

Буддоржийн Гантуяа (Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Соёл судлалын магистр)